Karakorum: 2048 - News.MN

Old News! Published on: 2010.04.15

Karakorum: 2048

News.MN
News.MN
Uncategorized
Эрхэм эхэнд энэхүү нийтлэлийг уншиж буй та бүхний энх мэндийг мэдэж,
миний бие мэхийн ёслоё!
Тэртээ XIII зуунаас дэлхийг байлдан дагуулж
явсан хөх гүрний хөвүүн, халуун цусанд бүрэлдэж улаан маханд тогтсон
улсын эс Монгол хүмүүн би. Өнөө, эе бутархай их цөвүүн цаг дор өр минь
нулимстай, өөрөө зовнилтой буй оршино. Өөрчлөлтийг авчрах өдгөө цагийн
залуусын нэг хэмээн өөрийгөө санаж, их ирээдүй өөд сэтгэл минь
цохилолтой, сэтгэх нь тэмүүлэлтэй бэдрэнэ.
Эл гүрний цөс ихт хүү нь
болохоороо энгүй оюундаа дэлхийг нэгэн дээвэр доор дахин хураах
хүсэлтэйгээ нуух юун. Тэгэхдээ, илд барьж бид тэмцэхгүй ээ, ил гаргаж
билиг оюунаараа бид тэмцэнэ. Тиймдээ ч, дэлхийн урлаг, соёл, оюуны цөм
нь Монголд байгаасай гэж би төсөөлнө. Тэртээ тийш хөтлөх оюуны харгуйд
бадарчилж  яваа оюунтан орших учиртай оюутны нэгэн.
Сэтгэхүйд маань
дэлхий ертөнц багтсан дэндүү их мөрөөдлийн минь нэгэн хэсэг энх тайвны
их наадам Олимпийг эх орныхоо дэвжээн дээр зохион байгуулах. Энэ
мөрөөдөл миний хэдийнэ хүсэл болсон. Хүслээ хөтлөөд би их сургуулийн
босго алхсан. Архитектурын ангид дөрвөн хаврыг үдэхдээ авч өвлөсөн
мэдлэгээ аав ээж, ачит багш, анд нөхөд, ард түмнийхээ өмнө тайлагнах цаг
нь хэдийнэ иржээ. Хүсэл минь зорилго болсон, зориг их зүрх минь
зорилгын зүг улам л хэмнэл түргэн лугшина.
Хархорум 2048, зуны
олимпын XXXIX их наадам. Хүмүүн төрөлхтөн, таван тивийн хүн зон, шажин
тааваар мөргөл нэгэн орчих олон иргэд, хөх мөнх тэнгэрийн дор, эзэнт
гүрний эртний нийслэл Хархорум-д чуулан цэнгэх мөч миний зөн. Хүсэл,
мөрөөдөл, зорилго..,
Зорилгоо одоо ажил болгож Дипломын төслийн
сэдвээр сонгосон нь үүнийг бичих учиг. “Олимп 2048 Хархорум” (Karakorum
2048) олимпын цогцолбор.
Гэвч үүнийг гайхамшиг төгөлдөр бүтээхэд
балчир миний ухааны ур дутахын учир мэргэн ардаасаа их ухаан, эрчлэх үг
хүсэмжилж энэхүү нийтлэлийг сийрүүлэв. Энэ дор өөрийн тунгаасан цөөн
санааг тусгав:
·    Монгол улсын 2.7 сая иргэний 1.2 сая хүн ам
Улаанбаатар хотод оршин байгаагаас нийслэл хотын даац хэтэрч, ус, агаар,
эрчим хүчний нөөц хомсдож, хэт төвлөрөлт үүсжээ. Үүнийг сааруулах арга
зам нь шинэ хот байгуулах. Эрхэм ерөнхийлөгч маань нэгэн цагт Хархоринг
жишиг хот болгох төсөл боловсруулж байсансан..?
·    Монгол улсыг
дайран өнгөрөх агаарын замыг харгалзан Улаанбаатар хот болон Хархорин
хотод олон улсын нисэх онгоцны хоёр томоохон буудал байгуулах нь тус
байршилыг сонгох үндэслэлд томоохон үүрэг гүйцэтгэсэн болно.
·    Мөн
Хархорин хотыг Хангайн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлэх төлөвлөгөө
ба Монголын эртний нийслэл, түүх соёлын дурсгалт газар болохын хувьд
аялал жуулчлалаар хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг нь сонголт хийхэд
нөлөөллөө.
·    Өнөөдөр Монголын нийгэм, эдийн засаг дахь мөнгөний
урсгал гадагшаа чиглэлтэй бөгөөд дотоодруу чиглүүлэгч томоохон хүчин
зүйл нь гадаадад ажиллаж буй Монгол иргэд л байна хэмээн боддогийн тул
гаднаас Монголруу чиглүүлэх мөнгөний урсгалыг гайхамшиг бүтээснээр
жуулчидыг татах гэж санадагаа илэрхийлье. Хархоринд гайхамшигийг
бүтээе..?
·    Одоогоос 38 жилийн дараах тэр үеийн техник,
технологийн хөгжил өндөр, хөгжингүй байх нь мэдээж. Цаг үе улирах тусам
үнэ цэнэ, үнэлэмж нь улам нэмэгддэг нэгэн зүйл бол урлагийн бүтээл.
Тиймээс тэр цагийн өндөр технологиор бүтээх ур, ухаан ихт Монгол
урлагийн оньсыг сэтгэе..?
·    Олимпын цогцолборын ерөнхий
төлөвлөгөөг Монголын эртний овог аймгуудын сүлд, тамга нэгэн төвд
тэмүүлэн, чуулан буй байдлаар зохиомжлох санааг дэвшүүлэв..?

Үүнээс
цааш дэвшүүлэх санааг ухаант түмнээсээ олно гэдэгт би итгэж байна.
Бэлгэ тэмдэг, лого? Уриа? Бамбар? Медаль? Цэнгэлдэх хүрээлэнгүүд? Орон
зай? Спортын төрлүүд? Ирээдүйн бүтээц? Зам тээвэр? Эдийн засаг? Цаг
хугацаа?.. гээд л хөврөх олон асуултын хариуг би та бүхнээсээ олох
болно. Бодох минь их…
Энэ мөрөөдлийг маань Монгол хүмүүн бүр л
дэмжих нь лавтай буй за. Би ганцаараа биш, бид нэгдэхдээ хүчтэй,
сэтгэлдээ чадалтай, зүрхэндээ хаттай. XXI зуунд Монголыг гайхуулах энэ
эх орны иргэд нь та бид. Залхууран суух эрхгүй залуус.
Миний нэгэн
адил хүсэл, зорилготой залуус, оюутнуудын нэгдэх талбар эндээс эхлэг.
Тэнгэр өөд тэмүүлэх тэр цацрагийн эхлэх цэг энэ байг. Тэртээ тэргүүнд нь
урлах харшийн суурийг энд тавья.
Хамтдаа мөрөөдөе, хамтдаа хүсье,
хамтдаа зорьё, хамтдаа бодьё, хамтдаа 2048 оны Олимпыг зохион
байгуулая…
Харин үүнд Монгол хүн таны санал, сэтгэгдэл ихээхэн
дэмжлэг болохыг илэрхийлье!
Т.Очир

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!