Grand - News.MN

Old News! Published on: 2011.05.02

Grand

Avatar
Uncategorized

Алдарт Верди Монголын сонгодог урлагт GRAND гэсэн бичигтэй тамга дарж орхилоо. Хэзээ ч арилахгүй, хэний ч өмнө нүүр бардам үзүүлэх, түүгээр ч барахгүй гайхуулж онгирмоор тийм нэгэн тамга. Тодотгол нь харин “Аида” дуурь.

140 жилийн өмнө түүний бичсэн “Аида” дуурь дэлхийн сонгодог хөгжмийн ертөнцийн хойморьт сүр жавхлантайяа залардаг. Сүрнээс нь эмээгээд баргийн театр энэ бүтээлийг зүрхэлж барьдаггүй бичигдээгүй хуультай. “Аида”-гийн сүр юундаа байдаг вэ? Нүсэр тайз, өргөн бүрэлдэхүүн, хоолойн цараа, хөгжимчдийн чадал. Аварга том цэнгэлдэх хүрээлэн, задгай театруудад ихэвчлэн тоглодог энэ дуурьт Плачидо Доминго нарын дэлхийн энтэй дуучид нэрийн хуудсаа хийн дуулдаг агуу уламжлалтай. Гэтэл Монголчууд энэ бүтээлийг өөрсдийн авьяас, ухаанаар урлан тайзан дээрээ амилууллаа. Олон жил мөрөөдөж, хоёр жил бэлтгэж байж тайзнаа “Аида”-г авчирлаа.

Эртний Египетийн сүрлэг төр төрхийг илтгэн, уран баримлын яруу тансгийг мэдрүүлсэн гайхамшигтай ёслол төгөлдөр тайз. Театрын тайз хэзээ ч ийм “аварга том” харагдаж байхыг мэдэхгүй юм. Тэртээ он жилүүдийн түүхийг шингээсэн хэрнээ тайзны урлагийн чамин, тансгийг гайхуулан нүд баясгах хувцас хэрэгслүүд. Ардын зураач Ч.Гунгаасүхийн хүү, охин хоёр агуу “Аида”-г урласан нь энэ. 200 гаруй уран бүтээлч тайзнаа гардаг энэ бүтээлийн тайзны болон хувцасны зураачаар ажилласан хоёр авьяастанд Вердийн дарсан тэр тамга гарцаагүй хамаатай билээ.

Мэдээж гоцлол дуучдад “Браво” хэмээн хашгиран цэцгийн баглаа барих хэрэгтэй. С.Мөнгөнцэцэг, Ч,Түмэндэмбэрэл, Р.Доржхорлоо нартаа час халуун баярыг хүргэе. Дуурийн дуучин бүхний мөрөөдлийн дүрд дуулж чадсан азтай залуус. Гэвч азыг авьяасаар хөглөхгүй бол урлагийн хатуу тайз нэвтэрч болохгүй гэсэн хориотой тэмдэг тавьж орхидог хатуухан хуультай. Харин тэд мөрөөдлийн дүрээрээ хэн гэдгээ бардамхан харуулж чадлаа. Бахархмаар сайхан ч дууллаа.

Нүсэр дуурийн тулгуур багана болсон найрал дуучид Вердийн магтаалыг хүртэх эрхтэй. Сэтгэл хөдлөм, сүрлэг сайхан байлаа, тэдний дуу хоолой. Аварга дуурийн хөдөлгөгч хүч нь байж чадлаа.

Вердийн яруу тунгалаг хөгжим эгшиглэнэ. Дайчин эрсийн сүр жавхлант хэмнэл, гансарсан сэтгэлийн эгшиг, хайрын яруухан айзам. Түрүүхэн хааны сүр хүч, дайны догшин харцаар нүргэлж байсан Верди мөн үү гэмээр хийлийн нарийнхан утас хайрын нандин уянгыг эгшиглүүлнэ. Догдолсон зүрхний цохилт сонсогдож, догширсон хайрын хорсол мэдрэгдэнэ. Энэ бүх гайхамшигт аялгуу ДБЭТ-ын найрал хөгжимчдийн гараас урсан гарав. Агуу “Аида”-гийн амин сүнс нь тэд байлаа.

Итали хэл дээр дуулсан гурван цаг дөчин минутын дуурь дуусахад гучин минут шахуу үзэгчид алга ташин зогсов. ДБЭТ-ын театрын төдийгүй Монголын тайзны урлагийн түүхэнд том үзэгдэл, том түүх болон “Аида” амиллаа. Найруулагчаар нь ажилласан ОХУ-ын гавьяат жүжигчин Анатолий Чепурнойд Монголын урлаг талархах учиртай.

“Аида” бол гранд опера. Гранд опера, гранд чанар, гранд авьяас. Агуу том нэрийн хуудас.

Б.Цацрал

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!