Bring the world in Mongol - News.MN

Bring the world in Mongol

Old News! Published on: 2011.02.11

Bring the world in Mongol

Avatar
Пүрэвхүү
Uncategorized
Монгол хэмээх нэрийг дэлхийд гаргаж яваа зөндөө бахархмаар Монголчууд буй. Харамсалтай нь дийлэнх нь Монголд бус тухайн гадаадын улс оронд ажиллаж амьдардаг тухай бид олонтоо сонин хэвлэлээс уншиж байгаа. Эдгээр нөхдүүдийн гадаад улсуудад үүсгэн бий болгосон энэхүү биет бус хөрөнгийг биет хөрөнгө хэлбэрээр Монголд авчрах ажил өдгөө маш чухал мэт. Тэдгээр Монголчуудын маань яг хэдэн хувь нь би Монгол хүн болохоороо, би л Монгол улсынхаа нэр төрийг гаргах үүрэгтэй болохоороо гэдэг сэдлээр ажиллаж, амьдран өнөөгийн нэр хүнд, байр суурийг гадаад улсдаа олж, дэлхийд Монголын нэрийг гаргаж буй нь сонирхолтой сэдэв санагдав. Хөлбөмбөгчид үнэхээр азтай хогнууд шүү. Дуртай тоглоомоо тоглоно. Дээрээс нь цалин авна гэдэг яриа байдаг санаанд орсон бөлгөө. Сайн боловсролын үр дүн нь магадгүй шийдвэр гаргах итгэл буюу зориг болон бусдад өгөх биет болон биет бус хаялага байдаг юм уу?

Хөгжил хүнээс эхлэнэ гэж хэлэлцдэг боловч тухайн хөгжсөн хүн нь хаана ажиллаж, амьдарч байгаагаас тухайн улс, үндэстний хөгжил хамаарах нь маргаангүй билээ. Монголын нэрийг дэлхийд гаргахын сацуу Монголдоо тив, дэлхийн нэрийг гаргах үйл явдал, бүтээн байгуулалт ус агаар мэт өдгөө хэрэгтэй байнам. Таван зуун долларын цалинтай ажилд авна гэсэн зараар хүмүүс ирэхгүй байхад сарын хорь хүрэхгүй долларын тэтгэмж өгнө гэхээр хэдэн арван метр урт дараалал халамжийн төв, банкуудын гадаа үүсч байгаа нь бидний үнэлэмжийг шалгаж буй хэрэг юм. Гадаадад сурч боловсрон эх орондоо ирж буй залуусын гол үүрэг нь сурсан эрдэм, мэдлэгээс илүү тухайн улсуудын сэтгэлгээ, ухамсрын стандартыг Монголдоо төлөвшүүлэх юм болов уу? Эдийн засгийн өсөлтийн ачаар тухайн нарийн мэргэшлийн хүн дотоодоос олдохгүй бол гаднаас хөлслөөд авах шиг амархан зүйл өдгөө алга. Харин хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж “гүндүүгүй” Монгол хүнийг цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, хуулиа дагадаг, хэрэглэгчийг хаан гэж үздэг болох вэ гэдэг асуултанд хариулахад тун төвөгтэй. Хайр, итгэл хоёрыг тухайн улсын хувь хүмүүс, нийгмийн хөгжлийг хэмжих хэмжүүр болговол бид хэд дэлхийд хаана давхих байсан бол?

Бичихэд амны билэггүй ч гэсэн барууны зарим орнуудад гэр бүл, найзууддаа төвөг удахгүйн тулд дунд эргэм насандаа дийлэнх хүмүүс нь оршуулгын газраа өөрөө худалдан авч, холбогдох зардлаа тооцоолон хадгаламж хэлбэрээр байршуулан тусгаарласан байдаг тухай өөрсдөөс нь хэд хэд сонсож байсан. Хамт ажиллахдаа биш, хамт түр болон бүр амьдрахдаа ч биш, үхэхдээ хүртэл хажуу хавирганы хүмүүстээ саад, төвөг учруулахгүй юм шүү гэж боддог болбол та бидний үнэлэмж хир өөрчлөгдөж, тэр нь улс орны хөгжилд яаж нөлөөлөх бол? Тэр үед магадгүй Монгол улс дэлхий хэмээх их айлын том өрөө нь мэт санагдах байх даа.

Бид хэн нэгэнтэй өөрсдийгөө харьцуулахгүй бол хөгжлийн тухай асуудлыг ярихад хэцүү билээ. Сайн яваа нэгэнтэй өөрийгөө харьцуулж хурцалж, өрсөлдөж явахын сацуу заримдаа магадгүй элэг бүтэн, эрхтэн эрүүл, сэтгэл амар, эрх чөлөөг бүрэн амталж буйдаа баярлаж явах ёстой юм шиг байгаа юм. Зуу гаруй жилийн өмнө нэг Walter Bagehot гэдэг хүн бүх хүмүүс нэгэн зэрэг бүгд эрх чөлөөтэй бөгөөд эн тэнцүү амьдрах боломж энэ дэлхийд байхгүй гэж хэлсэн юм билээ. Гэхдээ л ядаж энэхүү хөгжлийн ялгааг багасгах нэг боломж нь дэлхийн стандартыг Монголд нутагшуулах гэж бодогдох юм.

Харьцуулалт байхгүй бол бидний ажил уйтгартай болохоос гадна өрсөлдөөн байхгүй бол бидний хувьд хөгжил гэж ярих нь өөрөө утгагүй хэрэг болох биз ээ.

http://vganzorig.blogspot.com/

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!