L-GUARDS - News.MN

Old News! Published on: 2010.03.23

L-GUARDS

News.MN
News.MN
Uncategorized
“Түс тас түмпэн шанага” гэх хөгжилтэй нэртэй анхны цомгоо гаргаад удаагүй байгаа Asian punk стилээр дуулдаг “L-Guards” хамтлагийнхан ирэх сарын 3-нд анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Бяцхан биетэй “L хамгаалагчид” /L size-ын хамгаалагчид юм болов уу/ -ын “Түс тас түмпэн шанага”-ыг сонсч үзлээ. Үнэхээр хөгжилтэй юм. Өөрсдийнх нь амнаас дуунуудынхаа тухай юу гэж ярихыг сонсоё.

1. Bye bye

“Дооёо” дууны үргэлжлэл. “Ганцхан удаа үнсмээр байна, ганцхан удаа үнсмээр байна” гээд гүйгээд байсан залуу одоо тэр нэгэн охины араас гүйхээс залхсан бололтой. Нөгөө охин нь тоохгүй болохоор бухимдсандаа “Чамаар дутахгүй ээ” гээд дуулж байгаа юм. “Дооёо” дуунаас гурван жилийн дараа хийсэн уран бүтээл.

2. Зөрүүд бүсгүй

“Ийм нэгэн дурлал-2” киноны дуу. Энэ дууныхаа тухай тэд “Уг нь энэ киноны дууг ВХ дуулсан. Тэгээд нээлтээ хийгээд гурав хонож байхад нь бид нарт дууны санал тавьсан. Киногоо хоёр дуутай байлгамаар байна гэсэн л дээ. Дууны үгийг нь гитарчин Ганг ах өгсөн. Бид хэд тэр киног гурван удаа давтаж үзээд л үгийг нь зохиочихсон. Тэгээд л тэр оройдоо бичлэгээ дуусгасан юм. Маргааш өглөө нь Тэнгис кино театрын дээвэр дээр клипний зураг авалт хийгдсэн. Ерөнхийдөө гурван хоногт багтаагаад л дуу, бичлэг, клип нь хийгдчихсэн. Хамгийн хурдан үзэгчдэд хүрсэн дуу байгаа юм” гэж ярьлаа. Зөрүүд нэрнээсээ огт өөрөөр бүтжээ.

3.Жинкэн панк

Бид нар энэ дуугаа өөрсдийн амьдралаасаа сэдэвлэн зохиосон гэх үү дээ. Хөгжим маань бид нарт хэдий хэр үнэ цэнэтэй билээ гэж бодно. Манай хамтлагийн яг одоогийн байдлыг энэ дуунаас харж болно. “Баруун гарт минь гитар, зүүн гарт минь найз охин. Сонголт хийх цаг ирэхэд солиотой жинкэн панк” гээд л… Яг найз охин, хамтлаг хоёрынхоо аль нэгийг сонго гэвэл мэдээж жинкэн панк зан гаргаад хамтлагаа сонгох хүмүүс байгаа юм, бид нар чинь. Ингэж ярьж байгаа хүмүүсийг жинкэн панк гэхээс өөр юу гэх билээ дээ?

4.Лавтай

Манай хамтлагийн ганц хүнд дуу. Хуучин басс гитарчин байсан Амгаа аяыг нь зохиосон. Харин үгийг нь манайд дуулдаг байсан Оргио гэдэг залуу зохиосон юм. Энэ дуугаараа амьдралын хар цагаан, сайн мууг “илчилсэн”. Ер нь бүх зүйл хоёр талтай байдгийг өөрсдийнхөө нүдээр харуулахыг оролдсон.

5.Түс тас түмпэн шанага

Энэ дууныхаа тухайд тэд “2005 оны эрх чөлөө амьд хөгжмийн “Coke’n beat” наадамд орохоос гурав хоногийн өмнө зохиосон дуу. Тэр үед манайх дөрвөн дуутай байсан юм. Тэгсэн чинь таван дуу дуулах үүрэг өгчихсөн. Тэгээд яахав дээ, гялс нэг дуу зохиох хэрэгтэй болсон доо. Бөөнөөрөө сууж байгаад нэг ая зохиочихоод дуучиндаа үг бичих даалгавар өгөөд санаа амар явж байлаа. Бэлтгэл ч хийж амжихгүй явсаар байгаад шууд тайзан дээр гартал дуучин маань үгээ зохиогоогүй байсан байгаа юм. Гэхдээ нөгөө аяндаа тааруулаад зүгээр л утгагүй үг үсэг холбоод дуулаад байсан. Хүмүүс эхэндээ гадаад дуу гэж бодож байсан байх. Ямар ч л байсан хүмүүст их таалагдсан байсан. Зарим нь бүр амьдралын үнэнийг харуулсан дуу гэж ярьж байсан шүү. Энэ дуу бол хэн ч юу ч гэж ойлгож болох дуу. Яагаад гэвэл ямар ч утгагүй, ямар ч үггүй юм чинь” гэж ярьлаа. Яаж ичихгүй ийм дуу дуулаад зогсож байсан байна аа, тэд нар. Гэхдээ л надад лав энэ дуу таалагдсаан. Хамгийн гол нь дууны үг хамгийн их таалагдсан шүү…

6.Баа баа

G хороололд төрсөн дуу /Гэр хорооллыг хэлж байна/. Бид хэд Хайлаастын эцэст бэлтгэлийн байртай байхдаа гал түлж, нүүрсээ авдаг байлаа. Шавар байшиндаа дуу зохиогоод л байна гэж бодсон чинь ганцхан дуутай л ирсэн. Тэр нь энэ. Архи ууж тамхи татаад л, гудамж метрлээд явж байдаг залууст хандсан үгтэй.

7.Магадгүй

Энгийн л банзан гитар, бал цааснаас бүтсэн. Өөрийнхөө одоогийн байгаа байдал, амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа нэгэн залуугийн тухай өгүүлдэг. Шинийг хийж, өсөж дэвжмээр байгаа залуугийн хүслийг дуулсан.

8.Хааяа

Дахилт нь 2007 онд бүтсэн боловч бадгийн богино хэсгүүдийг нь зохиох гэж бүтэн жил болсон доо. Хайртай хүнээ гомдоочихоод наддаа эргээд ирээч гэж дуулдаг дуу. Дууны бичлэгт орж байхдаа соль гитартай хэсгийг нэлээд олон хувилбараар хийж үзсэн. Тэгээд явж явж хамгийн анх зохиосон хувилбараа сонгосон доо.

9.Би чамд хайртай

“Харанга”-ын Чука ахын “1000, 1000 жил би чамайгаа хайрламаар байна” гэдэг дууг сонсож байгаад л толгойд олон бодол төрсөн. Яагаад сая, сая байж болохгүй гэж гээд л… Үг нь ч гэсэн их амархан. Анх удаа сонсож байгаа хүн ч дагаад дуулчихмаар, тийм. Уг нь “Иб мачд райхтай” гэдэг нэр өгөх гэж байснаа больсон.

10.Дуулиан

Бага сургуулийн дөрөвдүгээр ангиас ахлах сургуулийн нийт 4000 хүүхдүүд ордог хөлбөмбөгийн тэмцээн байдаг юм. Тэр тэмцээний сүлд дуу. Хоёрхон хоногийн дотор үг аяыг нь зохиогоод, ганцхан хоногт бичлэг хийгээд дуусчихсан. Клипнийх нь зургийг 10 жилийн хоёрдугаар сургуулийн спорт зааланд авсан. Хурдан бүтсэн дуу.

11.Нappy dream

Хоолойны гам уншиж байгаад зохиосон дуу. До рэ ми фа соль ля си до… гэж явж байгаад л “Нар гарлаа, нойрноосоо сэрлээ” гээд үг нь аманд ороод ирсэн. Амьдралын гэрэл гэгээтэй бүхнийг өгүүлэхийг хичээсэн. Бүх зүйл сайхан байгаасай гэж хүссэн болохоор цомгийнхоо хамгийн сүүлийн дуугаар оруулсан юм. Аз жаргалтай төгсгөл сайхан ш дээ.

12.Bonus trаck

“Дооёо” дууг акустик хэлбэрээр бичсэн байгаа. Гэхдээ дундуур нь хамтлагийн гишүүдийн танилцуулга, цомгийг сонсож дуусгасан сонсогчиддоо хандаж хэлсэн үг зэрэг юмнууд байгаа л даа.

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!