Сувдан эдлэл чухам юуны учир хүн төрөлхтний сэтгэлийг ховсдон татсаар ирсний нууцыг мэдрүүлж, өнөөгийн чамин тансаг загварын ертөнцөд ноёлох орчин үеийн зоримог хурц шийдлийг харуулсан “SEXY PEARLS IN A SEXY CITY” үнэт эдлэлийн шоуг дээд зэргийн тансаг сувдан үнэт эдлэлээрээ алдартай Германы Schoeffel брэнд Ханбүргэдэй их дэлгүүр хамтран Улаанбаатар хотноо 2015 оны 6-р сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү чамин хийцтэй нандин сувдны коллекциудаа дэлгэн танилцуулж буй тав дахь удаагийн арга хэмжээнд “Schoeffel” брэндийн олон улсын худалдааны менежер ноён Жосеф Лим хүрэлцэн ирсэн эрхэм зочдод 2015 оны зуны шинэ загваруудаа танилцуулж зөвлөгөө өгөн тусгай худалдаа хийлээ.
Дэлхий дахины эмэгтэйчүүдийн зүрх сэтгэл, гоо үзэсгэлэнгийн төгс илрэл болсон Schoeffel сувдны давтагдашгүй, гоёмсог коллекцуудтай биечлэн танилцаж, өөрт таалагдах онцгой загваруудаа сонгох боломжийг энэхүү үзэсгэлэн худалдаа уригдан ирсэн зочдод олгосон юм.
Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, ариун нандин чанар, дур булаам ялдам төрх, эрхэмсэг оршихуйн бэлгэ тэмдэг бол яах аргагүй сувд эрдэнэ гэдгийг харуулах шиг хүндэтгэлийн хивсэн дээгүүр бардам алхлах загвар өмсөгчдийн зүүсэн сувдан гоёл уригдан ирсэн зочдын харааг булааж байв.
"Сэтгэл татам хотын дур булаам сувд" хэмээх тус шоу нь эрдэнийн үнэт чулуу, сувдан сондорын гайхамшиг болон эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, уян зөөлөн зан чанарын илэрхийлэл төдийгүй дур булаам ялдам төрхийг яруу тодоор харуулж олны сэтгэлийг баясгасан өвөрмөц шоу болж өндөрлөлөө.
Schoeffel сувдны 2015 оны шинэ загваруудыг сонирхохыг хүсвэл Ханбүргэдэй их дэлгүүрийн 2-р давхарт байрлах Schoeffel сувдны дэлгүүрийг зориорой.