“Futuristic type” брэнд нэрнээсээ эхлээд ирээдүйн гэх төсөөлөл төрүүлнэ. Дизайнер И.Мөнхтуяа болон “Мультиверс” студийнхэн өнгөрсөн онд энэхүү шинэ брэндийг бий болгожээ. Магадгүй та сэтгүүлийн зураг авалтаас, мөн олны танил хүмүүсийн сонголтоос “Futuristic type” брэндийн хувцсыг харж байсан байх. Зөгнөлт кино зохиолд гардагчлан одон одон, сансар огторгуйг илэрхийлсэн буюу загвар + технологи гэсэн бүтэцтэй, металл өнгө бүхий содон хувцсыг “Futuristic type” брэнд бүрдүүлнэ…
Дизайнер И.Мөнхтуяатай бид ярилцлаа. Тэрээр өнгөрсөн онд “Futuristic type” гэх өвөрмөц брэндийг залууст санал болгосон нь бидний анхаарлыг татсан юм.
-Таны “Futuristic type” брэндийг сонирхдог залуус олон бий. Магадгүй сонсоогүй хүмүүс ч байж болох. Тэдэнд та брэндээ танилцуулахгүй юу?
-“Futuristic type” залуучууд руу чиглэсэн өдөр тутмын чөлөөт стилийн хувцаснууд. Онцгой тохиолдол, баяр ёслол гэхээсээ илүүтэй өдөр тутамдаа өмсөхөд тохиромтой. 2014 оноос эхлэн гарч байгаа шинэ брэнд учир танилцуулахад татгалзах зүйлгүй. Манай брэндийг 20 гаруй хүн бүрдүүлдэг, тэдний маань ихэнх нь “Мультиверс” студийн залуус байгаа. Мөн “Futuristic type” брэндийг манай хувийн гэрээт моделиуд, фото студи, туслах дизайнерууд хамтран бий болгож байна.
-Загварын шинэ чиг хандлага гэж ойлгож болох уу?
-Сүүлийн үед футурист хэв маягаар стилиэ бүрдүүлдэг, энэ төрлийн загварыг хүлээж, авдаг залуучууд олон болсон. Миний хувьд өөртөө 20, 30 жил өнгөрсөн ч хоцрогдохгүй, классик загвар гаргах зорилго тавьдаг. Ирээдүй рүү хандсан загвар гэж нэрлэж болох байх. Жишээ нь металик шинж чанартай, мөнгөлөг гадаргуутай… Сүлжмэл материалтай байлаа гэхэд футурист хэлбэрээ хадгалсан байх жишээний. Гэхдээ нэг төрөлд баригдаж загваруудаа гаргана гэвэл учир дутагдалтай. Загварыг ер нь янз бүрийн зүйлсээс санаа авч гаргаж болно. “Player jersey” цамц л гэхэд “Sega” брэндийн анхны логоноос санаа авч хийсэн. Тэгэхээр хуучны хэв шинжтэй харагдана. Магадгүй “Sega” брэнд санаагаа 80, 90 оны загвараас авсан байж болно шүү дээ. Би дэлхийн загварын чиг хандлага, өнгө трэнд гэх зүйлд баригдахыг хүсдэггүй. Өөрийнхөө тухайн үед төрсөн сэтгэл хөдлөлөөрөө л загваруудаа гаргадаг. Зөвхөн өөрсдөө сэтгэж, өөрсдөө амилуулж, ургуулж байгаа гэдгээрээ онцлог гэж хэлж болно. Моод, трэнд хөөдөггүй.
-Та энэ өвөрмөц загваруудаараа юу харуулахыг хүсдэг вэ? Ингэж асуухын учир нь маш хүчтэй сэтгэгдэл төрүүлэхээр санагдлаа…
-Сэтгэл хөдлөлөө харуулдаг байж болох. Уран бүтээлчид бүгд л өөрийнхөө дотоод ертөнцийг бүтээлээрээ харуулахыг зорьдогтой адил. Зураач нар өөрсдийн дотоод ертөнцийг зургаар илэрхийлдэг шиг дизайнер хүн материал бариад мэдэрснээ бүтээлээрээ харуулдаг. Тухайн мэдрэмжээ өнгө, материал, хэлбэр дүрсээр илэрхийлнэ. Тэгэхээр сүнслэг зүйл ч байна, материаллаг зүйлийг ч илэрхийлж болно. Тухайн үед төрсөн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө л өөрийнхөө загварт харуулдаг.
-Материалаа хаанаас, яаж сонгодог вэ?
-Өдөр тутамдаа хэрэглэж болохуйц, биед эвтэйхэн байдлыг нь бодож, загваруудаа гаргаж байгаа. Материалаа ч тэгж сонгодог. Зарим нэг гялгар гадаргуутай цув, хүрэм бий. Гэхдээ тухайн хэрэглэгчийн сонголтоос шалтгаална. Гялгар материалд дуртай, өмсөх сонирхолтой залуучууд байж болно шүү дээ. Ер нь манай брэндийг сонгосон хүний биед аль болох эвтэйхэн байх талаас нь бодож загваруудаа гаргадаг. Материал, загвараас гадна хувцсаа технологи талаас нь хөгжүүлэхийг зорьж байгаа. Зөвхөн загвар гаргаж оёхгүйгээр, ямар дэвшилтэт технологи хэрэглээнд нэвтэрч байна тэр бүгдийг загвартаа багтаахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл хүмүүсийн зөгнөлийг аль болох бодитой болгох хүсэлтэй байдаг.
-Танай брэндтэй хослох сет их анхаарал татлаа. Хүмүүс нэг хувцас худалдаж авчихаад ямар хувцастай хослуулахаа мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй. Харин та сет хэрэглэгчдэд тохирох сонголтуудыг санал болгож байгаа нь таалагдлаа?
-Манай үйлчлүүлэгчид брэндийг маань илүү их мэдэрч хэрэглэдэг. Манайхаас гарсан загвартай ямар хувцас хослох вэ гэдгийг тэд маань сайн мэддэг. Жишээ нь, “Player jersey” дээр юу өмсөх, ямар цүнхтэй байвал зохих талаас нь харж хослуулж өгдөг. Худалдаж авсан загвартай нь хослуулах зүйлсийг сонгоход тусална гэдэг тэдэнд маш амар, таатай санагддаг.
-Танайх энгийн даашинзны загвар гаргадаг уу?
-Үгүй. Гэхдээ гаргахгүй гэсэн үг биш л дээ. 1960-аад оны стилийн, богино даашинзны хоёр гурван загварууд бий. Гоёлын даашинз одоогийн байдлаар хийгээгүй байгаа. Энгийн өдөр тутмын “А” хэлбэртэй даашинзнууд бол байгаа. Өдөр тутмын, энгийн даашинзнууд маань бас л “Futuristic” гадаргуу, материалтай.
-Таныг алдартай хамтлаг, дуучид, моделиудын стиль, загвар дээр хамтарч ажиллаж байсныг мэднэ. Ингэхэд яг өөрийн гэсэн, ийм сонирхолтой брэндтэй болох санаа танд хэзээ төрсөн бэ?
-Брэндийн санаа маань бараг жилийн өмнө төрсөн. Анх туршилт маягаар, зөвхөн зураг авалтад зориулж хувцас хийдэг байлаа. Энэ маань явсаар амьдрал дээр хэрэглэх боломжтой болсон гэж үзээд, 2014 оноос худалдаанд гаргаж эхэлсэн. Анхны загварууд мэдээж туршилтын загвар байсан. Тухайн үед өөрөө бас хүмүүст хэрэглүүлж үзсэний үр дүнд худалдаанд гаргахаар шийдсэн.
-Таньд өөрийнхөө хүссэн загварыг санал болгож захиалах боломжтой юу?
-Хэрэв үнэхээр л “Futuristic type” брэндийг сонирхож байгаа бол хүндэлж хэрэглэх хэрэгтэй байх. Бидний сэтгэл, чадвараас төрж байгаа брэнд болохоос хувцас захиалгын газар биш шүү дээ /Инээв/. Би найзууддаа ч ингэж хэлж байгаа. Харин өөрсдийн бэлэн загварыг яг биеийнх нь хэмжээнд тохируулж, захиалгаар хийж өгнө. Жижиг биетэй, туранхай хүн байлаа гэхэд “S” өмсгөлтэй хувцас хүртэл томдох тохиолдол байдаг шүү дээ. Мөр, гарны урт нь янз бүр байх жишээтэй. Тиймээс тухайн хүний биеийн хэмжээнд тааруулсан өмсгөлтэйгээр бэлэн загвартай хувцаснаас захиалгаар хийж өгөх боломжтой.
-“Futuristic type” одоогоор хэчнээн төрлийн загвар гаргасан байгаа вэ? Өмд, цамц, гадуур хувцас гэх мэт.
-Нийт 20 төрлийн хувцас гаргасан байгаа. Гэхдээ эхний загварууд маань дандаа нэг ширхэгээр гарч байсан. Яг одоогоор бид өвлийн болон хавар, намрын коллекциудаа худалдаалж байгаа. Зарим шинэ загвараа худалдаанд гаргахад бэлдэж байгаа. Энэ жил студийнхээ засварыг дуусгаад, өөрийн брнэдийн “Show room”-ээ нээх бодолтой байгаа. Гэхдээ яг дэлгүүртэй адил худалдаа хийдэг биш. Шинэ гарсан загвараа танилцуулдаг, сонирхсон хэрэглэгчид өөрсдөө таалагдсан загвараа захиалж өмсдөг байдлаар үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөсөн. Дэлгүүрийн хувьд бол эхлээд Японы зах зээлд нээх бодолтой байгаа. Футурист хэв маягаар хувцасладаг хүний тоо, эсвэл бизнес гэдэг утгаар нь авч үзвэл Монголд харьцангуй цөөхөн хэрэглэгч бий. Би дуртай зүйлээ хийж байна гээд ашиггүй дэлгүүр ажиллуулах эрсдэлтэй учраас эхний удаа Японд дэлгүүрээ нээж, загваруудаа худалдах бодолтой байгаа.
Э.ТЭМЛҮҮН
Эх сурвалж: “NEWS WEEK” сонин