
Цалин хөлсийг нэмэх асуудлыг МҮЭХ хөндөж, төрийн албан хаагчдын амьдрал ахуй хүнд байгааг дуулгав. Уг нь ганцхан төрийн албан хаагчдын амьдрал хэцүүдээд буй юм биш шүү дээ. Эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтөөс улбаалж бүх хүний, хувийн хэвшилд ажилладаг мянга мянган иргэний амьдрал ч хүндхэн байгаа.
Засгийн газар ирэх оны төсвийн төсөлд цалинг 235 тэрбумаар нэмэхээр болсон. Энэ нэмэгдэл хувийн хэвшлийнхэнд ямар ч хамаагүй. Хувийн хэвшлийнхэн цалингаа авна байна уу, төрд хамаагүй. Төр ямар нэгэн аргаар татвараа авч, 160 мянган “ангайхай”-гаа хооллож л байвал болох нь тэр болчихож.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос цалинг 30 хувиар нэмэхийг дэмжив. Болно л доо, цалинг 30 хувиар нэмж. Эдийн засгийн боломж бололцоо байдаг юм бол 50 хувиар нэмэх хэрэгтэй. Тэгээд төрийн албанд 30 хувийн цомхотгол явуулчих. Данхайсан төсвийнхөө зардлыг даахгүй улсын төсөв чардайж байгаа энэ үед зөв бөгөөд зохистой арга биш гэж үү.
Ийм бодлогоор Монгол төрийн үнэлэмжийг дээшлүүлж, тэнд ажиллаж байгаа албан хаагчдын чадавхийг сайжруулах ёстой. Тэгэхгүй бол өдрийн найман цагийнхаа дийлэнхийг “PС”, фээсбүүкэд зориулж, түүнийгээ төрийн ажил гээд ойлгочихсон нөхдүүд зөндөө байна.
Дөнгөж сургууль төгссөн 23-тай “шал ногооноороо” залуу хотын нэгэн даргын зөвлөх болоод гүйж байна гээд бод доо. Тэр жаал контр яаж тоглохыг л зааж өгөхгүй юм бол төрийн албанд түүний зөвлөгөө дутав л гэж. Тиймэрхүү гарууд Монголын төрийн албаны нэр хүндийг шалаар нэг чирж байна шүү дээ. Цалинтай “тоглоомчид”-ыг чинь тэжээх гэж цаана чинь хувийн хэвшлийнхэн хуруу хумсаа хуйхлах нь холгүй ажиллаж байна. Тэглээ гээд хувийн хэвшлийнхэнд хэн талархаж байлаа даа.
Өдөржин твиттерт жиргэж, интернэтээр хэн нэгнийг харааж, сул цалин авдаг хэрнээ түүнийгээ бага гэж гоншигноод байгаа төрийн албан хаагчдаа хөөгөөд явуул. Тэдний хийдэг ажлыг өлхөн хийчих өөр хүн зөндөө л байна даг. Тэгээд ч нэг хүний хийчих ажлыг долоон хүнд хувааж, долоон хүний цалинг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргах нь шударга биш. Миний мэдэхийн бүх яам, агентлагууд дор хаяж 3-4 хэвлэлийн ажилтантай болсон байна лээ. Тэдгээрийн дунд сонин, хэвлэлд нэг ч удаа ажиллаж байгаагүй нөхдүүд цөөнгүй л тууж явдаг.
Нөгөө талаас төрийн албаныхан ядуу , цалин багатай л гэдэг. Ёстой уучлаарай гэж хэлмээр байна. Үндсэн цалин бага ч өнөөдөр багш нар гэхэд олон жилийн нэмэгдэл, анги даасны хөлс, автобус унаа, хоол ундны мөнгө гээд нэмээд байвал чамгүй өндөр цалин авчихдаг юм байна лээ. Өдөржингөө “РС” тоглож, фээсбүүкт зугаацсан нөхрийн өдрийн цайны мөнгийг татвар төлөгчдийн халааснаас гаргах ёстой нь ямар учиртайг ойлгохгүй л байна. Их л сайн “тоглолоо” гэж өгөөгүй юм бол иргэдэд тэдний үйлчилж байгаа байр байдлыг харахад өдрийн хоолны мөнгө өгөх нь байтугай өрөөнөөс нь хөөгөөд гаргамаар санагддаг. Тэгээд ч эхнэр, нууц амраг хоёртой яг адилхан “Волксваген Таурер” машин бэлэглэчихэж байгаа төрийн хурган даргыг ядуу гэх үү. Харин энэ явдал төрийн албан хаагчдын түрийвч ямар байдгийг харуулсан явдал болоод өнгөрсөн шүү дээ. Яагаад тийм бага цалинтай ажилдаа үлдэхийн төлөө төрийнхөн үхэлдээд байдаг юм бэ. Тэгэхээр энэ байдал төрийн ажил бага, хангамж өндөр, халтуур хийх боломж их байгаа л харуулсан явдал болов уу. Цалин авна, авлига авна, тэгээд өдөржингөө фээсбүүктэнэ. Ийм сульдаа төрийн үнэлэмж нь доогуур байхаас ч яахав дээ. Тэгэхээр төрийн албаны цалинг 30 хувиар нэмээд ажилчдынхаа тоог 30 хувиар цөөлчих. 30х30, шударга харьцаа шүү дээ.