“Face” & “Queen” - News.MN

“Face” & “Queen”

Old News! Published on: 2012.11.06

“Face” & “Queen”

Avatar
Ш. Адъяамаа
Uncategorized
 Хотын төвд байрлах “Face” шөнийн клуб болон нэгдүгээр хороололд байрлах “Queen” баарын үйл ажиллагаа, тохижилтыг харьцуулан сурвалжиллаа

Манай сонин өндөр зэрэглэлтэй гэгддэг газрууд болон жирийн иргэдийн
үйлчлүүлдэг газруудыг харьцуулсан сурвалжлагыг уншигчдад хүргэж байгаа
билээ. Бид өнгөрсөн сард хамгийн өндөр төлбөртэй сургууль болоод
Хайлаастын эцсийн дунд сургуулийг харьцуулж, уншигчдад хүргэсэн.
Түүгээрээ төлбөртэй сургуулийн үнэ өртгийг муучлах гээгүй. Харин хөрөнгө
мөнгө дутсанаас улсын сургууль ямар өрөвдөлтэй байдалд байгааг
харуулахыг зорьсон. Тэгвэл энэ удаад хотын төвд байрлах “Face” шөнийн
клуб болон нэгдүгээр хороололд байрлаах “Queen” баарын үйл ажиллагаа,
тохижилтыг харьцуулан сурвалжиллаа.


Сүүлийн
жилүүдэд манайхан зэрэг дэв, зэрэглэл гэж их ярьдаг болж. Мэдээж нийгэм
өөрөө олон давхаргын хүмүүсээс бүрдэж байгаа хойно тийм ялгаа байж
таарна. Байх ч ёстой. Ингэж байж соёлтой, боловсон үйлчилгээ бий болох
учиртай. Боловсон үйлчилгээг дагаад боловсон үйлчлүүлэгч ирнэ шүү дээ. 
Нөгөө талаар соёлтой, боловсролтой, дээр нь мөнгөтэй залууст ая тухтай,
тохилог орчинд тухлах, шар айраг шимэнгээ ядаргаагаа тайлж бүжиглэх
хэрэгцээ ч гарч ирж байгаа юм. Тиймээс өнгөрсөн даваа гарагийн орой
гарч, тохилог, ая тухтай, дээд зэрэглэлийн  газар ямар байдгийг
сурвалжлахаар бяцхан эрэлд гарав. Юуны өмнө “Blue Sky” цамхагт байрлах
“Vegas” шөнийн клубт нэг үдшийг өнгөрүүлэхээр очсон ч ажиллаагүй байсан
юм. Мөн “Rever Sounds”, “Strings” зэрэг олон шөнийн клубүүд ажиллахгүй
байгаа аж. Тиймээс барилгачдын талбайн замын өмнө байрлах “Face” шөнийн
клубт очлоо.  Биднийг шөнийн 22:30 цагт очиход хүмүүс орж гараад эд хөл
хөдөлгөөн эхэлж байгаа шинжтэй харагдсан.  Үүдээр нь ороход тохилог,
саруул орчин угтав. Орчин үеийн дизайн, шийдлийг ашиглаж, өвөрмөц ханыг
урласан харагдсан.  Зарим хүмүүс гадуур хувцастай шууд дотогш орохоор
явахад зохион байгуулагч нар өлгүүрт хувцсаа өлгөхийг зөвлөж байлаа.
Өлгүүрийн хажууд гадаад хүн зогсч, ирсэн зочдын гадуур хувцсыг авч
байсан.  Төрийн байгууллага, зарим театрт ороход л хувцсаа өлгөдөг
болохоос шөний цэнгээний газар, баар, уушийн газарт ороход ингэж байсныг
сайн санахгүй юм. Ямар ч байсан үйлчилгээ сайтай, өөр орчин болох нь
аяндаа мэдэгдэж байлаа. Хувцсаа өлгүүлчихээд дотогш орох хооронд хэд хэд
тольдож амжмаар, хананд том том толь суулгачихаж.  Дөнгөж дотогшоо оров
уу, үгүй юу цоглог хэмнэлтэй бүжгийн ая хангинаж, DJ нь өөрөө хөгжмийн
хэмнэлд толгойгоо хөдөлгөнө. Хэдийгээр 23:00 дөхөж байгаа ч тийм ч олон
хүн байсангүй. Уг нь ойролцоогоор 30 орчим ширээ байгаа ч ердөө л гуравт
хүмүүс суусан харагдав. Бид нэг ширээнд тухалж, орчин тойрныг
ажиглангаа зөөгчид захиалгаа өглөө. Ширээгээ их өвөрмөц маягаар шийдсэн
нь өөрийн эрхгүй нүдэнд туссан. Төмөр ширээн дотор гэрэлтүүлэг хийж,
тойруулаад буйдан, сандал тавьсан байв. Ханын ойролцоо олон хүн суухад
зориулаад буйдан тавьсан бол бүжгийн талбайг тойроод нэг ширээ ердөө
гуравхан сандалтай. Сандал дээр нь арьсан бүрээстэй дэр тавьчихаж. Дээр
нь сууж, энгэртээ тэвэрч, гар дороо тавьж, за ер нь боломжтой бүх
байдлаар ашиглаж болно. Заалны хоёр талд том зурагттай, зурагтаар
“Fashion tv” гарч, булангийн ширээнд төрсөн өдөр тэмдэглэж байгаа залуус
хундага тулгана. Тэр зуур бидний эсрэг талын ширээнд сууж байсан охид
бүжгийн талбайд гарч бүжиглэв. Хэдийнэ 23:00 цаг өнгөрөөд, жинхэнэ
шөнийн клубын үйл ажиллагаа идэвхжиж эхэлж байгаа нь тэр. Үүнтэй
зэрэгцээд хоосон шахуу байсан танхим үйлчлүүлэгч олширч, бүжгийн талбайг
“эзэгнэх” залуусын уян налархай, уран тансаг, болхи баараг хөдөлгөөн
холилдож эхэллээ.

Зэрэглэл гэдэг үгийн утга 00-оосоо “үнэртэнэ”

Нэгэнт
сурвалжлага хийж, тав тухтай орчинг мэдрэх гэж ирсэн учир бүжиглэж
байгаа залуусын хөдөлгөөн, үйлчилж байгааг үйлчлэгчидийн харьцааг
ажиглан суунгаа багахан шар айраг уув. “Face” шөнийн клубт бусад жижиг
баар, уушийн газарт байдаг шиг есөн шидийн шар айрагны хөргөгч энэ тэр
харагдаагүй. Цэсэнд нь байгаа шар айраг гэхэд 5000-6500 төгрөгийн
үнэтэй. “Miller, “Corono”, “Heineken”, “Becks”, “Budweiser” гээд хэдхэн
төрлийн, 0.33 граммтай шар айрагнууд бай­на билээ. Залуус ихэнхдээ шар
айраг ууж байгаа харагдсан болох­оор цэснээс хамгийн түр­үүнд пивоны
үнийг харж, ганц лаазыг захиалсан нь тэр. Хэсэг суусны дараа биеэ засах
шаардлага тулгарч, ариун цэв­рийн өрөө оров оо. Мэдээж зэрэг­лэл
өндөртэй газар учраас бие засах газар нь цэвэрхэн, тохилог, гар угаах
угаалтуур нь цэцгэн хэлбэртэй, бас л шийдэл “ханхалж” байсан. Өмнө нь 
энд тэндэхийн баар, уушийн газар, зоогийн газар орж байхад зарим бие
засах газаргүй, байгаа нэг нь нийтийн 00-оос дээрдэхгүй заваан, бохир
байдаг. Харин “Face” шөнийн клубын бие засах газраас зэрэглэл гэдэг
үгийн утга “үнэртэж” байна билээ. Залуусын хүсдэг тав тухтай, тохилог
орчин энэ.

Шөнийн цэнгээний газрыг сонгодог утгаар нь ажиллуулах гэж хичээж байна

Шөнийн
23:30 цаг. Анх ирэхэд хоосон шахуу байсан ширээнүүдийн тал нь хүнтэй
болж, бүжгийн талбай дээр албаны хувцас өмссөн залуус, хижээл насныхан
бүжиглэж эхлэв. Тэдний зарим нь “Face” шөнийн клубын доор байрлах
караокеноос гарч ирж, бүжиглэж байгаа нь тэр аж. Ерөөс шөнийн цэнгээн
газар буюу “Night club” шөнийн 24:00 цагт онгойж, үүрийн 04-06 цаг
хүртэл ажиллаж байх ёстой. Гэтэл манайд шөнийн 12:00 цаг болов уу үгүй
хаалгаа бариад, үйлчлүүлэгчээ хөөх нь холгүй гаргадаг. Гэтэл  “Face”
шөнийн клубт 23:30 гэхэд хүмүүс олноороо орж байна. Нэг ёсондоо шөнийн
клубт орж, бүжиглэж, оюуны ядаргаагаа тайлах гэсэн хэрэг. Тэнд тамхи
татаж, биеэ хянах чадваргүй болтлоо согтсон хүн алга. Харин ч өдөржин
компьютерийн ард сууж, ядарсан хүмүүс бүх зүйлийг мартаад, зүгээр л
“Ганнам стайл”-ын аян дээр морь булгиулж бүжиглэх гэж орж ирсэн гэдэг нь
харагдана. Биеийн тамирын хувцастай, пүүз өмссөн “баагий” тэнд алга.
Бүх зүйл боловсон, аятайхан. Ядахдаа л тамхины утаа суунаглахгүй амар.
Эргэн тойронд байгаа хүмүүс зодолдож, маргалдана гэж ярилтгүй. Угаас хүн
орчноо дагадаг шүү дээ. Бүх хүн соёлтой, боловсон байж, архи уухгүй,
өөр өөрийнхөөрөө бүжиглэж, таашаал авч байхад тэр дунд төвчигнөөд байх
тэнэг хүн гарч ирэхгүй шүү дээ.  Тэндхийнхэн шөнийн цэнгээний газрыг
сонгодог утгаар нь, зэрэглэлээр нь ажиллуулах гэж хичээж, залууст
зориулсан тав тухтай орчинг бүрдүүлж байна. Харамсалтай 24:00 цагаас
хойш “no” шүү дээ.

Үнэнд учир байна


Дээр
“Face” night club-ийн цэсэнд байгаа шар айраг ямар үнэтэй байгааг
хэлсэн. Тэгвэл  whisky гэхэд хамгийн багадаа  литр нь  90 мянган
төгрөгийн үнэтэй.  50 граммаар бол 6000 төгрөг. Хамгийн үнэтэй нь литр
нь 330 мянга, 50 грамм нь 22 мянган төгрөг. Мэдээж сонголт энэ хоёр
үнийн хооронд хэлбэлзэнэ. Харин архи литр нь 80-210 мянга, 50 грамм нь
4-14 мянган төгрөг. Wine нэг шил нь 46 мянга. Гэхдээ цагааных нь үнэ нь
ийм. Харин улааных нь үнэ 46-75 мянга хүртэл байгаа юм. Шар айрагны
үнийг дахиад нэг сануулахад, 0.33 граммтай нь 5000-6500 төгрөг. Үнэтэй
байна гэж хэлэх хүн гарч ирэх нь мэдээж. Гэхдээ үнэд учир байна. Үнэхээр
тав тухтай, тохилог орчинд согтууруулах ундааг зөв зохистой хэрэглээд,
шавайгаа ханатал бүжиглээд гарах гэсэн залууст нийцэх байх. Учир нь хүн
мөнгөндөө тааруулж худалдан авна. Бүжгийн талбайд гарах эрхээ авахын
тулд таксинд 20 мянгана төгрөг төлнө. Орж ирээд нэг пиво уухад 6000
төгрөг. Хоёулаа бол өртөг нэмэгдээд явчихна.  Тэгэхээр хүн мөнгөө цагаа
зугаатай, бүжиглэх өнгөрүүлэхийн тулд зарцуулахыг хүсвэл шөнийн
цэнгээний газарт орчихоод, үнэтэй архи, пиво авч уугаад үрээд байхгүй нь
ойлгомжтой. Хэрвээ архи, пиво хямдхан байсан бол дураараа ууж,
согтуурч, ирсэн зорилгоо умартаж магадгүй юм. Энэ бол гаргалгаа.
Тэгэхээр үнэнд тодорхой хэмжээний учир байгаа биз. Мэдээж ая тухтай,
тамхины утаа суунаглаагүй, хэн нэгэн нь агсан тавьж зодолддоггүй,
тохилог орчинд суунгаа, цоглог хөгжимд алжаалаа тайлтал бүжиглэхийн
төлөө ийм өртөг төлөхөд яах вэ дээ.

Цаг боллоо, гаръя даа

Манайд
“Night club” гэсэн хаягтай газрууд олон. Уг нь шөнийн цэнгээний газар
хэдэн цагаас хэд хүртэл ажилладаг вэ гэдэг нь ойлгомжтой. Нөгөө л “Bar”,
“Pub” хаягтай газруудтай адил цагт хаадаг шүү дээ. Өөр олон янзын
нэршилтэй архи, согтууруулах ундаа зардаг газрууд байна. Бараг л
толгойтой болгон багахан мөнгөтэй бол нэг газар жижиг байшинд уушийн
газар ажиллуулж, архи, согтууруулах ундаа зарж байна. Үндсэндээ архины
үнэ нэмж, ашиг олдог гэсэн үг. Тэгээд дотроо хуушуур хайраад, хоолны,
архины, үйлчилгээний газрын алин болох нь мэдэгддэггүй. Харин бидний
орсон энэ мэт газрыг тодорхой нөхцөлтэйгээр шөнө ажиллуулдаг болмоор
байна. Өнөөдөр залуус бааранд орж пиво уучихаад, орой хаахаар нь
үргэлжлүүлэхээр буудал ордог. Дэлгүүрээс архи худалдаж авна, тасартлаа
ууна. Үүнтэй холбоотойгоор гэмт хэрэг, садар самуун хэрээс хэтэрч байна.
Учир нь залуус пабаас гараад орох газаргүй учраас тэр. Харин тодорхой
зэрэглэлтэй, шөнийн цэнгээний газар байвал энэ байдал бага ч гэсэн
буурах байх. Бүх залуус баарнаас гараад, шөнийн цэнгээний газар такс
төлж, бүжиглэнэ гэж байхгүй нь мэдээж. Гэхдээ цагаа зугаатай өнгөрөөх,
бүжиглэж таашаал авах гэсэн боловсон залуус Улаанбаатар хотод олон
байгаа нь тодорхой. Тиймээс тэдэнд зориулсан, ядахдаа шөнийн 04:00 цаг
хүртэл ажилладаг албан ёсны зөвшөөрөлтэй газар хэрэгтэй л байна. Тэртээ
тэргүй элдэв баарнууд шөнөжингөө ажиллаж, дотроосоо түгжээд үйл
ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ. Ингэж хулгайч нартай цагдаа нь
тэмцсэн ч биш, үгүй ч биш байхаар тодорхой зөвшөөрлийг нь өгөөд, үлдсэн
бааранцаруудтай нь тэмцсэн шиг тэмцэх цаг болж. Энэ мэтийг эргэцүүлэх
зуур нэгэнт шөнийн 12:00 цаг болж, “Face” шөнийн клуб хаалгаа хаах
болов. Хүмүүс ч өлгүүрээс хувцсаа авч, боловсон үйлчлүүлээд гарч
одоцгоосон. Залуусын тал нь дахиад хэсэг “Ганнам стайл”-даж, “эмнэг
сургах” хүсэлтэйгээ байгаа ярилцаж байлаа. Нүргэл­сэн хөгжмийн чимээ
намдаж, бүжиг­лэж байсан залуус гарч одов. Бид ч “цаг болчихлоо, гаръяа
даа” хэмээн ярилцсаар гадагш гарахад өвлийн “чимээ” ойртож, хүйтэн салхи
хацар “үнсэж” байлаа. Уг нь дахиад жаахан суусан бол.

Архи, тамхины үнэр ханхийсэн, сүүмгэр, харанхуй орчин биднийг угтав 

Шөнийн
цэнгээний газрын нэгэн оройг сурвалжлахаар олны нэрлэж заншсанаар
Цамбагаравт байрлах “Queen” хэмээх баарыг зорилоо. Гэрэл зурагчны
хамтаар ажлынхаа үүдэн дээрээс такси барин цаг гаруй яваад тус баарны
үүдэнд ирсэн юм. “Queen” night club, гэсэн хаягтай жижиг саарал
байшингийн хашаагаар нь ороход үдшийн 22:00 цаг болж байв. Тус баарны
шатан дээр 2-3 согтуу залуу чанга дуугаар ярилцан зогсох бөгөөд нэг нь
хүйтэн шалан дээр хойдох урдахаа мэдэхгүй хэвтэх аж. Харин түүний дэргэд
зогсох хэдэн залуу хоорондоо маргалдаж байгаа бололтой нэгэн рүүгээ гар
далайж, чанга дуугаар ярилцаж байсан бөгөөд хараалын үгс ч хэлж байгаа
нь сонсдож байлаа. Урьд өмнө нь гэр рүүгээ явах замдаа тус баарны
хаягийг наснаасаа олон удаа харж байсан ч  үйлчлүүлж үзээгүй миний хувьд
байдаг л нэг шөнийн цэнгээний газар биз дээ хэмээн бодсоор явж оров.
Гэтэл сумын төвийн баарнаас ч дор орчинтой, архи, тамхины нэгшсэн үнэр
ханхийсэн, сүүмгэр гэрэлтэй, харанхуй орчин биднийг угтсан юм. Баарны
үүдээр оруут зөөгч нь бололтой 20 орчим насны өндөр, туранхай охин меню
барьсаар угтаж ирээд, хэдүүлээ явааг минь асуусан. Мэдээж бид
сурвалжлага хийх гэж яваагаа дурьдаагүй төдийгүй гэрэл зургийн аппаратаа
ч нуув. Учир нь иймэрхүү зүйлд хүмүүс ялангуяа шөнийн цэнгээний газрууд
“харшилтай” гэдгийг мэдэх хойно зорилгоо танилцуулах шаардлага
байсангүй. Биднийг 22:00 цагийн үед ороход ажлын эхний өдөр
болоод ч тэр үү хүн цөөхөн байсан юм.Тамхины утаа суунагласан умгар
бааранд суух ширээгээ хэсэг харсны эцэст баруун талаасаа гурав дахь
суудалд тухлав. Тухалсан ч гэж дээ биднийг гадуур хувцсаа тайлж амжаагүй
шахам байхад зэргэлдээх  ширээний залуус өөр хоорондоо муудалцаж, ууж
байсан пивоныхоо шилийг хагалж, нэг нь гэдэс рүүгээ дүрэхийг завдах нь
тэр. Ойр хавьд нь сууж байсан хүмүүс ч сандарцгааж, залууг тайвшруулсны
эцэст гараас нь шилийг салгаж, хагарч бутарсан  үртсийг цэвэрлэсэн юм.
Тус ширээнд 18-20 орчим насны 3-4 залуус  сууж байсан бөгөөд уусан лонх
“юмандаа” согтсон бололтой хоорондоо маргалдаж, хөлчүүрхсэн хэрэг.
Бааранд иймэрхүү хэрэг гарахыг алийг тэр гэхэв. Гэхдээ л бидний хувьд
залуусын танхайрлаас болж бага зэрэг айдаст автсан юм. Удалгүй зөөгч
охин ирж бидний захиалгыг авсан даруйдаа тооцоогоо хийхийг шаардах нь
тэр. Уг нь гарахдаа тооцооны хуудсаа аваад төлбөрөө төлдөг атал энэ
бааранд тийм журам үйлчилдэггүй бололтой. Захиалгаа өгсөн даруйдаа
тооцоогоо хийх ёстой аж. Магадгүй тус баараар үйлчлүүлсэн хүмүүс
тооцоогоо хийлгүй хашраасан ч байж болох юм. Менюн дээрх үнийг нь
сонирхлоо. Орчин нөхцөлдөө томдсон үнэтэй санагдав. Тухайлбал, тус
бааранд цагаан архи 13-32000, wine 10000-25000, пиво 2500-3500,  ус,
ундаа 1000-4000, амттан 2000-5000 төгрөгийн үнэтэй байв. Өндөр
зэрэглэлийнхтэй  нь харьцуулахад хямд  байж болох ч “Queen” шиг орчин
нөхцөлтэй бааранд томдсон үнэ ажээ. Зэргэлдээх ширээний хөлчүү залуусын
маргаан хэсэг намдсаны эцэст дахиад л бөөн маргаан, шуугиан дэгдэв. Учир
нь тус баарны зохион байгуулагч нь бололтой 30 гаруй насны богино
тайрмал үстэй, жижигхэн туранхай хүүхэн тэдэн дээр ирж гарахыг шаардахад
эсэргүүцсэн нь тэр. Улмаар тус ширээнд сууж байсан 18 орчим насны
жаахан охин зохион байгуулагчтай маргалдаж, “п…” тэргүүтэй хараалын
үгсийг ёстой л нэг урсгах шиг болов. Энэ жаахан биений хаанаас нь гардаг
юм гэмээр ууртай тэр охин тамхи зуусан байх бөгөөд зохион байгуулагчийн
өөдөөс салаавч гаргаж, элдвээр доромжилсон юм. Улмаар тус баарны DJ
залуу маргааныг таслахаар ирсэн боловч тусыг эс олж,  алгадуулж, толгой
руугаа ундааны саваар хэд, хэдэн удаа цохиулаад буцав. Хундага архиндаа
согтуурхсан охин агсан тавьж байгаа нь энэ бололтой. Хамт яваа залуусаа ч
үл тоох бөгөөд тэдэн рүү салаавч гаргаж, хараалын үгс хэлж, элдвээр
доромжилно. Тус бааранд хамгаалагч гэж байдаггүй бололтой. Маргаан
дэгдэх явцад нэг ч хамгаалагч ирж харагдаагүй бөгөөд үүдээр ороход ч
байгаагүй юм. Тиймээс ч энд ямар нэгэн хэрүүл, зодоон, хэрэг гарахад
дээрх зохион байгуулагч бүсгүй зохицуулдаг бололтой. Хэсэг маргалдсаны
эцэст зохион байгуулагч бүсгүй зэргэлдээх ширээнд агсамнасан охиныг
найзуудынх нь хамтаар гарахыг хүсч, хамтдаа явцгаав. Хэрэгт дурлан ОО
орох далимдаа тэдний яриаг хэсэг чагнан зогссон юм. Эндэхийн ОО үнэхээр
ой гутмаар үнэртэй, бохир, заваан. Хэн нэгэн, хэзээ нэгэн цагт
цэвэрлэсэн л байх. Гэхдээ энэ удаад цэвэрлэдэг гэх ямар ч ул мөр
байсангүй. Гэтэл охин зохион байгуулагч бүсгүй хоёрын хэрүүл улам
ширүүсч, зодоон цохион дээрээ тулав. Улмаар охин зохион байгуулагч
бүсгүйг өшиглөж, цохисноор хэрэг явдал улам бүр даамжирсан юм. Эх орны
минь ирээдүй болсон охидын амнаас “п…” тэргүүтэй хэлэх, хэлэхгүй эвгүй
үгс цуварч, эгч шигээ хүний өөдөөс хэнэг ч үгүй салаавч гаргаж,
өшиглөхийг нь хараад даанч дээ гэх эмзэглэл төрснөө нуух юун. Ийнхүү
хэцүүхэн “хөршүүд”-ийг маань албадан гаргасны дараа байдал арай дээрдсэн
юм. Хэдийгээр согтуу охиныг гаргасан ч гаднаас чулуу шидэж, хамт явсан
залуудаа зодуулж байсан нь харамсалтай. Улмаар орчин, тойрноо ажиглах
боломж тохиов. Бөгс эргэх зайгүй шахам бүжгийн талбайтай, умгар жижигхэн
тус баар баруун, зүүн талдаа тус бүр таван суудалтай бөгөөд голдоо 3-4
дугуй ширээ тавьсан байв. Харин бүжгийн талбайн чанх хойно нь бага зэрэг
өндөрлөж зассан индэр дээр  хар хувцастай DJ залуу ая, данг нь
тааруулах аж. Тус баарны зөөгч гэх гурван охин байх бөгөөд нэг нь хар,
нөгөө хоёр нь цагаан өнгийн adidas цамцаар ижилсчээ. Зөөгч охид харваас
жаахан. Бүсгүй бие нь бүрэн төлжиж гүйцээгүй шахам эдгээр охид 17-18
насных болов уу гэмээр. Хэдийгээр нүүрээ будаж, үсээ задгайлсан ч хүүхэд
төрх цухалзаж байсан юм.

Хотын даргын захирамж энд үйлчилдэггүй бололтой

“Queen”-ы
үйлчлүүлэгчид нь бүгд 20 орчим насны залуус. Зарим нь дунд сургуулийн
сурагч болов уу гэмээр жаахан хүүхдүүд. Эр, эмгүй тамхи зууж, архи, пиво
ууцгаана. 21 нас хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаагаар дэлгүүр, 
шөнийн цэнгээний газрууд үйлчлэхгүй гэх хотын захирагчийн тушаал энд
үйлчилдэггүй нь илт. Учир нь 30 хүрээгүй бид тус бааранд ахмадын тоонд
багтаж байсан бөгөөд эвэртэй туулай үзсэн юм шиг сонжин харж байсан нь
инээдтэй. Хүүхдүүд үйлчлүүлж, архидан согтуурч байна.  Queen бол зөвхөн
жишээ нь. “Согтуу” хэмээх тодотголтой Сансар, 3, 4 дүгээр хороололд
байрлах  “Sea”,  “Turbo”,  “Enjoy” зэрэг шөнийн цэнгээний газрууд ч
сурагчдад үйлчилсээр байгаа. Дунд сургуулийн хүүхдүүд ч эдгээр бааруудыг
мэддэг бөгөөд хямд өртгөөр шоудах боломж тэнд хангалттай байдаг учраас
сурагчид энд ирэх дуртай. Тэмдэглэлт баяр, шоудах хүсэлдээ хөтлөгдсөн
үедээ шууд л дээрх бааруудыг зорьдог. Харин баарны эздэд тэдний 21 нас
хүрсэн эсэх нь огт хамаагүй. Орлого оруулж л байвал хүүхэд, хүүхэн эсэх
нь сонин биш. Queen хэмээх баарны орчин нөхцөл ой гутмаар. Бохир, заваан
төдийгүй шилэн аяганд нь пиво уухаас ч огиудас хүрмээр. Бидний суусан
ширээний хулдаас уг нь ногоон өнгөтэй юм билээ. Гэтэл эрээн цоохор
болтлоо тамхины цогонд  түлэгдсэн байх бөгөөд сандлаар нь  нэг үнс
хөглөрнө. Бид зөөгчийг дуудаж сандал, ширээг арчуулсан ч бохир, заваан
байдал нь хэвээрээ. Улмаар хажуугийн сандал руу өнгийвөл буйдангийн
булан тохой нь урагдаж, халцарсан байх бөгөөд ханынх нь будаг ховхорч,
шүлс, цэрээр дүүрсэн байв. Зэргэлдээх дугуй ширээний дэргэд хэдэн
ноорхой сандал тавьсан байсан юм. Тэдгээр сандлын бүрээс нь урагдаж,
ширээнийх нь будаг нь халцарч, ховхорчээ. Сурвалжлага хийж байгаа бидэнд
гэрэл зураг хамгийн чухал. Харамсалтай нь зураг авах боломж хомс байсан
юм. Тиймээс ч бид бүжиглэх нэрийдлээр талбайд гарч, булан тохойг
ажиглав. Бүжгийн талбайн цаана байх буланд ноорхой сандлууд хураасан
байсан бөгөөд ариун цэврийн хувьд мэдээж авах юмгүй. Усны хуванцар
конистроос эхлээд арай л үхсэн хүн гарах нь холгүй элдвийн зүйл
хураалгаастай. Наана нь үйлчлүүлэгчдэд зориулсан буйдан тавьсан байв.
Тус бааранд одоогоос 5-7 жилийн өмнөх дуу эгшиглэдэг юм билээ. Миний
хувьд бүжгийн аянууд нэлээн эртний санагдсан. Ер нь Queen-ээр Баянхошуу,
Толгойт, Орбит, Зүүнсалаа зэрэг хотын баруун захын залуус үйлчлүүлдэг
гэсэн. Зөөгч охинтой хэсэг яриа өрнүүлэхэд ингэж өгүүлсэн юм. Бүжгийн
талбайд бүжих залуусыг харахад ч гэр хорооллын бололтой биеийн тамирын
хувцас, пүүзээр гангарсан байх бөгөөд нүүрэндээ хэтрүүлэн энгэсэг
түрхэж, үсээ задгайлсан бүсгүйчүүд байсан. Тус баар уг нь үдшийн ОО:ОО 
цагт хаадаг гэсэн. Бид тус бааранд хоёр цаг суусны эцэст цагаа харахад
үдшийн ОО:ОО  цаг болж байсан бөгөөд зөөгчөөс нь хаах болж байгаа
эсэхийг лавлахад тэрбээр “Харин ээ, яаж ч мэднэ. Овоо хүнтэй байгаа
болохоор бараг хаахгүй байх аа. Тиймээс та нар яаралгүй бүжиглэж болно
шүү” гэсэн юм. Ямартай ч тус баар цагтаа хаахгүй нь тодорхой болов.
Харин бид  маргааш өглөө эрт ажилтай тул гарахаар болсон юм. Биднийг
22:00 цагийн үед ороход хүн цөөтэй байсан талаар дээр  дурьдсан. Харин
үдшийн 00:00 цагт гарахад заал дүүрэн хүн бүжиглэж байсан юм. 21 дүгээр
зууны метро хотод сумын төвийнхөөс дор орчин нөхцөлтэй, хамгаалагчгүй,
бохир заваан баар ажиллаж байгаад одоо ч гайхсаар сууна. Уг нь нэгдүгээр
хороолол бол тийм ч алслагдмалд тооцогдохгүй. Нэгдүгээр хорооллын баар
ийм байгаа юм чинь гэр хороолол дунд байрладаг жижиг уушийн газрууд ямар
байх нь ойлгомжтой. Өглөө нь ажил дээр ирсэн хойно ч архи, тамхины
эвгүй үнэр хувцас, үснээс маань салахгүй “дагах” нь түвэгтэй. Аливаа
зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Тиймээс ч хотоор дүүрэн хөглөрөх оготны
нүх шиг жижиг баар, кафенуудыг зэрэглэлээр нь ангилж, стандартын
шаардлага хангахгүй нэгнийх нь хаалгыг барих цаг болжээ. Тэгэхгүй бол
night club гэх сүржин нэртэй, даржин уушийн газрууд хүүхэд, залуусыг үүр
цайтал архидуулж, гэмт хэрэг өдүүлж байгаа нь нууц биш юм. Биднийг
баарнаас гарахад замын хойно байрлах  Roxy баарны хөгжим хангинаж,
согтуу залуус хашгирцгаана. Их хотын амьдрал үргэлжилсээр…

Эх сурвалж: www.mminfo.mn
For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!