
Мааяагийн он цагийн хуанли дуусах цаг хугацааг дэлхий сөнөнө гэж ойлгосон хүмүүст нэг захих зүйл байна. Энэ оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөнө гэхээс илүү тав хоног нар гарахгүй газар дэлхий харанхуйлж, хүмүүс хэд хоног сайхан унтаж амарч, баар цэнгээний газарт сууж бүх нийтээрээ амралтын байдалд шилжинэ гэж шуугиад юм байх. Би тэгж хэлээд байгаа юм биш шүү. Цаагуур чинь хүмүүс тэгж шуугиад байна. Уулзсан болгоноосоо л бараг “Үнэн үү” гэж асуух шахаж байна. Сүлжээний бизнесчин хатагтай дэлхий сөнөнө гэж онолдонгоо бичсэн номоо борлуулах гэж адгаж байгаа бол ард түмний гавьяат багш “харагдаач” гэж ам асуунгаа англи, орос, хятад хэлээ сайн сур гэж зөвлөж байна. “Энэ олон замбараагүй замын хаагуур нь явах вэ, таминь ээ” гэдэг шиг энэ олон онолчдын хэнд нь итгэх вэ. За яахав дэлхий сөнөнө гэж төсөөлье. Арванхоёрдугаар сарын 21-нийг хүртэл бас зай ч байна, лай ч байна. Ах дүү хамаатан садан, найз нөхдөөрөө нийлж хэд хоног сайхан найрлая. Малаа сорчилж идээд, хадгаламжинд байгаа мөнгөөрөө тансаглаж, юу дуртайгаа хийнэ ээ. Амьдралдаа хийж үзээгүй зүйлээ бүгдийг нь амжуулна, яадаг юм бэ. Хулгай хийе, худлаа ярья, дургүй хүндээ “хайртай” гэж хэлье, бүр банк ухаж дээрэм хийх гээд үзсэн ч яахав. Аа тийм, 12 дугаар сарын 21-нд төрсөн найздаа амжиж баярын мэнд хүргэх юм байна…
Гэтэл дэлхий сөнөхгүй бол яана аа. Арго багшийн хэлдгээр тэр нэг хүүхний үгэнд итгэсэн би жинхэнэ тэнэг болох байх даа. Байдгаа барчихаад арванхоёрдугаар сарын 22 гэхэд юу юу ч үгүй болчихоод “миарчихсан” босч ирэх болов уу. Ээ больё. Тэрний оронд харин “Don`t worry, be happy” гээд явж байсан нь дээр юм байна. Зөнчид худлаа ярьж байж ч мэднэ, дэлхийн төгсгөл 2012 он гэж. Ер нь дэлхий сөнөнө, сөнөхгүй гээд мөрийцөх хүн хэр олон байгаа бол оо. “Орифлейм”-ийн Г.Оюунгэрэл, Ард түмний гавьяат багш Б.Арго хоёр дээр бооцоо тавиад үзсэн ч яахав. Оюунгэрэл нь үнэн хэлсэн бол ямар ч гэрчгүй болох, Б.Аргогийн зөв бол тэр баяжих ийм л гарц байна даа.
Б.Оюунгэрэл
