Улаанбаатарын
гудамжаар нэг хог. Нэг нь цэвэрлээд, нөгөө нь хаяад л. Утаанбаатар,
хогонбаатар хэмээн нийслэл хотынхоо унаган нэрийг хичнээн янзаар
өөрчилж, хочлов доо. Албаны хүмүүс агаар цэвэршүүлэх төсөл боловсруулж,
ард иргэд нь нүүрсээ түлэн, хогоо хаясаар.
Бид эрүүл хотод, эрүүл орчинд
амьдрах эрхтэй хэмээн том дуугарах хэрнээ нийслэлчүүд өнөөг хүртэл
нэгийг ч өөрчилж чадсангүй. Харин залуус өөрийг хийж, шинэ
Улаанбаатарыг цогцлоохоо амлав. Тэд хэн нэгнийг торгож, шийтгэх эсвэл
хог хаягдлыг гудамжнаас түүхийг чухалд үзсэнгүй. Харин хүмүүсийн
тархинд байгаа хогийг “түүснийхээ” дараа хотоо шинэ өнгө төрхтэй
болгохыг хүсчээ. Ийм зорилгын дор байгуулагдсан “NEW UB” клубыг
санаачлан, үүсгэн байгуулсан дуучин Quizaтай ярилцлаа
-Яагаад
“NEW UB” клубыг байгуулах болов. Гэнэтхэн клуб энэ тэр байгуулаад
унахаар олон хүн арай сонгуулийн шоу биш байгаа гэж хардаж байж
магадгүй л юм?
-Сонгуулийн шоу биш. Улс
төр, хөдөлгөөн, нам, эвслээс шал өөр, ангид зүйл л дээ. Яагаад энэ
клубыг байгуулсан юм бэ гэвэл бид нийслэлийнхээ өнгө төрхийг л
өөрчлөхийг хүссэн юм. Хог хаяж болохгүй, мод хугалж болохгүй гээд
зөндөө их яриа биз дээ, монголчууд. Зарим их, ыдээд сургуулийн оюутнууд
хог цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлээд ч хот хогондоо дарагдсан хэвээрээ л
байна. Тийм учраас хамгийн түрүүнд залуусын сэтгэхүй, оюун санаанд
өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзсэн. Нэг нь хог тариад, нөгөө нь
шүүмжлээд, бас нэг нь тэр хогийг түүх дээ гол нь биш. Хог хаяхгүй байх
вакциныг л залуусынхаа сэтгэлгээнд суулгах гэсэн юм шүү дээ.
-Залуус энэ клубын үйл ажиллагааг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна уу?
-Тийм
ээ, итгэлтэй байна. Улаанбаатар хотынхоо, нийслэлийнхээ төлөө цохилох
зүрхтэй хүн болгон бидний үйл ажиллагааг дэмжинэ гэж бодож байгаа.
Эрүүл, шинэ хотод амьдрахын тулд бид залуусынхаа сэтгэлгээг цэвэршүүлэх
хэрэгтэй байгаа юм. Хамгийн гол нь шинэ хотыг байгуулахад залуусын
оролцоо чухал.
-Яг яаж вэ?
-FM
радио, сонин хэвлэл, вэб сайтууд биднийг дэмжинэ гэж бодож байгаа.
Телевизээр болон Тэнгис кино театрт клубынхээ шторкыг цацаж эхэлж
байна. Замын түгжрэлд орохдоо бид сигнаалаа дуугаргаад л зогсчихдог шүү
дээ. Хамгийн гол нь жолооч нарт бие биенээ хүндэтгэх соёлын үрийг тарих
хэрэгтэй.
-Клубын гишүүн болохын тулд хаана хандах вэ?
-Бид
вэб сайт нээх гэж байгаа. Мөн түүнчлэн хандивын хайрцаг аялуулах байх.
Энэ клубын гишүүн бүхэн “I LOVE NEW UB” рингийг зүүхэд болно. Энэ
рингийг авахыг хүсвэл хандивын хайрцганд Чингисийн зурагтай мөнгөн
тэмдэгт хийх учиртай. Шинэ хотоо байгуулахын тулд бүгдээрээ эхлээд
тархи, оюун санаагаа цэвэрлэе. Тэгсэн цагт хот маань хог хаягдал, утаа
униаргүй болох нь мэдээж. Бид ирэх зургадугаар сарын 27-нд томоохон шоу
хийх байх.
-Хандивынхаа мөнгөөр юу хийх вэ?
-Хандивын
мөнгөөр Улаанбаатар хотын залуучууд дэлхийн анхаарлыг татсан өвөрмөц
үйл ажиллагаа зохион байгуулж, Английн “Геннес” нэвтрүүлэгт бичлэгээ
явуулах бодолтой байна.
-Клубынхээ үйл ажиллагааг зурагт хуудас нааж, сурталчилна гэсэн шүү дээ. Эргээд хотод хог хаягдал болох юм биш үү?
-Үгүй, хог хаягдал болохгүй. Учир нь бид машин дээрээ зурагт хуудас наана. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөнт реклам ашиглана гэсэн үг.
-“I LOVE NEW UB” рингэн дээрээ яагаад зургадугаар сарын 29 гэж бичсэн юм бэ?
-Аан,
энэ учиртай. Зургадугаар сарын 29-нд сонгууль болно. Бид залуусаа,
клубынхээ гишүүдийн сонгох эрхээ эдлээч гэж уриалж байгаа юм. Залуус
маань төрөө сонгоход идэвхтэй оролцох хэрэгтэй. Тийм учраас л энэ
өдрийг сануулахын тулд ринг дээрээ бичсэн хэрэг.
-Хотын
хог хаягдал шилжин ирэгсдээс болж байгаа гэх яриа байдаг. Хотын соёлд
суралцаагүй, хөдөөнийхнөөс болоод Улаанбаатар хогондоо дарагдлаа гэх
шүүмжлэл байнга гардаг?
-Хот, хөдөө гэж
ялгамааргүй байна, монголчуудаа. Бид бүгдээрээ л Монголд төрсөн.
Улаанбаатарт хэдийд, хэзээ ирсэн гэдгээрээ л өөр байх. Түүнээс бус
нэгийгээ би хотынх, чи хөдөөнийх гээд хялайж хараад байж болохгүй. Бид
бүгд л оюунаа цэвэршүүлж байж л хотоо цэвэрхэн болгоно уу гэхээс
хөдөөгийнхөн хог хаядаг би хаядаггүй гэж ялгаварлаж болохгүй.
-“NEW UB” цомгоо та саяхан гаргасан. Энэ цомогтой чинь клуб ямар нэгэн уялдаа холбоотой байх нь ээ?
-Цомог
маань клубын маань үйл ажиллагааны нэг хэсэг. Нэг үгээр хэлбэл, клубын
маань сурталчилгаа гэх үү дээ. Тэгэхээр Монголын болоод дэлхийн өнцөг
булан бүрт байгаа залуустаа хандаж, эх орныхоо нийслэлийг хамгийн
цэвэрхэн, сэтгэл булаам хот болгохын төлөө бүгдээрээ хичээцгээе гэж
танай сайтаар дамжуулан уламжлахыг хүсч байна. Сайхан эх орны сайхан
хотод амьдрах хүсэлтэй хүн бүр “I LOVE NEW UB” гэж нүүр бардам хэлдэг
цаг удахгүй ирэх байх гэж найдаж байгаа. Манай залуус ухаалаг учир.
Тийм ээ, “I LOVE NEW UB”.
Ж.ЭРХЭС /2008 оны 5 сарын 14/