УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өнөөдөр /2023.10.24/ 2024 оны улсын төсвийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Би ажлын хэсэгт тодорхой санал өгсөн байгаа. Монголд хорт хавдраар өвчилсөн маш олон тооны иргэн байна. Хавдар судлалын үндэсний төвийн оочер дугаар алдагдсан. Химийн эмчилгээ хийлгэдэг маш олон хүн бий. Энэ хүмүүст зориулсан эмнэлэг барих ёстой. Одоо байгаа эмнэлгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа учраас нэмэх шаардлагатай. Жишээлбэл, нэг айл хөргөгч, зурагтгүй байж зургийн аппарат авч байгаатай л адилхан. Миний хувьд соёлын төв байгуулахыг болиул гэж байгаа юм биш. Ямар ч байсан 2024 оны улсын төсөвт нийт 152 тэрбум төгрөгөөр зөвхөн соёлын төв барих гэж байна. Тэрийг хавдрын эмнэлэг рүү шилжүүлье гэж байгаа юм. Хавдрын эмнэлгийн суурь дэд бүтцийн төсвийг төсөвт тусгасан. Өнөөдөр өвчин хэлж ирэхгүй. Цаг нар биднийг хүлээхгүй. Тиймээс бид эмнэлгээ хамгийн түрүүнд босгох нь зөв.
Орон нутгийн эрт илрүүлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах гэх мэт саналаа Төсвийн ажлын хэсэгт гаргаж өгсөн. Ажлын хэсгээр ярих байх.
Хүүхдийн эмнэлгийн асуудал бас олон жил яригдаж байгаа. Амьсгалын замын өвчлөл анхаарал татах болсон. Гурав дахь шатлалын ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ гэх мэт эмнэлгийн нөхцөл байдлыг ярьдаг хүн байхгүй болсон. Салбар яамнаас гадна тойргийн УИХ-ын гишүүд нь анхаарах ёстой ч сонгуулийн өмнө бүгд чимээгүй болчихдог. Хавдрын эмнэлгийн төсөв нь гарчихсан юм байна. Эс эд эрхтэн шилжүүлэх төвийг байгуулахаар болсон байна. Ажлын хэсэг дээр тодорхой зүйлүүд яригдах байх. Бид өнөөдөр НӨАТ-ын хувийг нэмэх гэж санал асуулга авах бус хавдрын эмнэлэг чухал байна уу. Соёлын төв чухал уу, эмнэлэг барих нь чухал уу. Энэ талаар УИХ-ын гишүүдийг шатаж, шаардах хэрэгтэй" гэв.
Холбоотой мэдээ