Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Салбарынхаа хамт олны өргөн төлөөлөлтэй жил бүрийн эцэст энэ танхимд уулзаж, хийж бүтээсэн ажлаа дүгнэж, цаашид дэвшүүлэх зорилтын талаар ярилцдаг уламжлалынхаа дагуу дөрөв дэх удаагаа уулзаж байгаадаа таатай байна. 2008 оны есдүгээр сард миний бие Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноос хойш гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Та бүхэнтэй хамтран батлан хамгаалахын шинэчлэлийн үйлст хүчин зүтгэснээс хойш эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэж, тодорхой асуудлуудын шийдлийг олж, нийтэд мэдрэгдэхүйц өөрчлөлт гаргаж болох он бол чухамдаа 2011 он гэж найдсан учир өнгөрсөн жил би хэлсэн үгэндээ энэ оныг Зэвсэгт хүчний шинэчлэлийн шийдвэрлэх жил болгон зарлаж байсныг Та нар санаж байгаа байх.
2011 он Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, шинэ үеийн батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 100 жил, Зэвсэгт хүчний 90 жил зэрэг олон түүхт ой давхцсан их ойнуудын жил байлаа.
Нөгөөтэйгүүр зорилт өндөртэй, ачаалал ихтэй, их ажлын жил байлаа. Бид энэ онд тэмдэглэлт ойнуудаа зохих түвшинд тэмдэглэж, Зэвсэгт хүчний шинэчлэлд томоохон ахиц гаргалаа гэж дүгнэх бүрэн үндэстэй гэж бодож байна. Салбарын тулгамдсан олон асуудлыг Монгол Улсын Батлан хамгаалах бодлого, зорилт, салбарын ажиллагсдын эрх ашгийн үүднээс амжилттай шийдвэрлэж чадсан гэж үзэж байна. Эдгээрээс хамгийн түрүүнд дуулгах сайн мэдээ бол яахын аргагүй ирэх оны төсвийн үзүүлэлтүүд.
Сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбар үлдэгдлийн зарчмаар санхүүжиж, зөвхөн өдөр тутмын үйл ажиллагааны зардалтай, дорвитой хөрөнгө оруулалтгүй явж ирсэн юм билээ. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдалтай холбоотой бодит бэрхшээл байсан л байх, гэхдээ батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд 1990-ээд оны эхээр хийгдсэн томоохон цомхотголын дараа энэ салбарын төсөв, хөрөнгө оруулалтыг нэг хэсэг урсгалаар нь, зөнд нь хаясан нь салбарын байдлыг нэлээд дордуулжээ гэсэн дүгнэлтэд би хүрсэн.
Тиймээс салбарынхаа төсвийг нэмэгдүүлэх, ялангуяа хөрөнгө оруулалтын боломжийн зардал батлуулдаг болох нь хамгийн чухал зорилт байсан. Өнгөрсөн гурван жилд энэ чиглэлээр жилээс жилд тодорхой ахиц гарсан, ялангуяа улирч буй 2011 онд хөрөнгө оруулалтад 17,9 тэрбум, гарах 2012 онд 27,8 тэрбум төгрөг УИХ-аар батлуулсан нь энэ хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болж чадлаа. 2011 онд 10 тэрбум төгрөгийг “Зэвсэгт хүчин-1000 айл” орон сууцны хөтөлбөрт батлуулсан нь салбарын ажилтан, албан хаагчдын хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эргэлт гаргахуйц үр дүн гэж тэмдэглэж болох байна.
Ирэх жилийн Батлан хамгаалах арга хэмжээний төсвийг УИХ сая баталсныг Та бүхэн мэдэж байгаа. 2012 оны манай төсөв 155,2 тэрбум төгрөгөөр батлагдсан. Энэ нь гурван жилийн өмнөх салбарын төсөвтэй харьцуулбал гурав дахин, төсвийн хөрөнгө оруулалтын хувьд 13,2 дахин нэмэгдэж байна.
Төсвийн болон хөрөнгө оруулалтын өсөлтийг он оноор графикаар харуулъя. 2009 онд батлан хамгаалах арга хэмжээний төсөв 54,1 тэрбум төгрөг байсан бол 2010 онд 74,4, 2011 онд 110,3, 2012 онд 155,2 тэрбум төгрөг болж өслөө. Салбарын хөрөнгө оруулалт 2009 онд ердөө 2,0 тэрбум төгрөг байсан бол 2010 онд 3,2, 2011 онд 17,9, 2012 онд 27,8 тэрбум төгрөг болж өссөн байна.
2012 онд батлагдсан хөрөнгө оруулалтыг төсөв, хөрөнгө нь шийдэгдээгүй байсан Цэргийн эмнэлгийн төв цогцолборын барилгын ажлыг гүйцээх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох үүрэг зориулалт бүхий гурав дахь батальоныг байгуулах, Зэвсэгт хүчний Морин суманг өргөтгөх, Сүхбаатар аймагт байгуулагдсан барилга, инженерийн батальоны барилга байгууламж болон ижил төрлийн зарим ангийг техник тоног төхөөрөмжөөр хангах, БХИС-ийн “Тэмүжин-Өрлөг” сургуулийн барилга, Налайх дахь нисэх буудлын өргөтгөл зэрэгт зарцуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл манай салбар улирч байгаа 2011 оноос эхлэн зөвхөн урсгал зардлаараа амьдардаг бус, шинэ хөрөнгө оруулалт хийдэг, бүтээн байгуулдаг, шинэчлэлдээ бодитой хөрөнгө зардаг салбар болон хувирч байна. Энэ бол 2011 он Зэвсэгт хүчний шинэчлэлийн шийдвэрлэх жил болж чадсаны тодорхой баталгаа юм. 2012 оны төсөвт Баян-Өлгий аймаг дахь барилга, инженерийн анги гүйцэтгэх замын ажлын 3,7 тэрбум төгрөг нэмэгдэж тусгагдлаа. Тэрчлэн Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого, зарлагыг 6,3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж батлууллаа.
Ер нь салбарынхаа хэрэгцээ шаардлагыг УИХ, Засгийн газар, ҮАБЗ-ийн түвшинд зөв ойлгуулж чадвал батлан хамгаалах салбарт найдвартай дэмжлэг төрийн зүгээс бүрэн байна гэж ойлгож байгаа. Төрийн өндөр албан тушаалтнуудтай цэрэг, стратегийн бэлтгэл сургалтыг зохион байгуулж, аюулгүй байдлын шинэ нөхцөл байдал, шаардлагыг ойлгуулж байж, тэдэнтэй тулж ажилласан нь манай төсөв УИХ, Засгийн газрын түвшинд дэмжлэг авахад багагүй түлхэц болж өглөө.
Цаашид батлан хамгаалах төсвийг хэрэглээний төсвөөс хөгжлийг дэмжсэн төсөв болгох нь ойрын жилүүдийн зорилт хэвээр байх болно.
Өнгөрч буй онд манай хамт олон салбарын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлж, түүний үүрэг гүйцэтгэх чадавхи, бэлэн байдлыг дээшлүүлэх, цэргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр олон бүтээлч ажил хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
2011 онд шийдвэрлэсэн томоохон асуудлуудыг тоймлон дурдвал:
“Төрийн батлан хамгаалах бодлого” баримт бичгийн төслийг боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид санал болголоо
Салбарын үйл ажиллагааны эрх зүйн орчин сайжирч байна
Зэвсэгт хүчний шинэчлэл эрчимжлээ
Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог дорвитой нэмэгдүүлж чадлаа
Батлан хамгаалах яамны 100 жил, Зэвсэгт хүчний 90 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэлээ
“Салбарын амралт сувиллын сүлжээ” төслийг ажил хэрэг болголоо
Ажиллагсдын нийгмийн баталгаа сайжирлаа
Иргэн-цэргийн харилцаа гүнзгийрч, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин улам бүр нээлттэй боллоо
Гадаад хамтын ажиллагааны цар хүрээ, үр өгөөжийг дээшлүүллээ.
Амжилтын хажуугаар дуугүй өнгөрөх аргагүй зарим алдаа дутагдал гарсныг ч хэлэх ёстой. Тэр бүхнийг ил тод цэгнэж, залруулах талаар нэгдэж, хамтын хүчээр бэрхшээлтэй асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байна.
УИХ, Засгийн газраас улс орны аюулгүй байдлын гадаад, дотоод хүчин зүйлс, батлан хамгаалах хэрэгцээ шаардлагад нийцсэн, зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж байна. 2010 онд “Зэвсэгт хүчний тухай”, “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай”, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн батлуулснаар салбарын үйл ажиллагааны тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэж, эрх зүйн шинэчлэл жинхэнэ утгаараа эхэллээ хэмээн Та бүхэнд энэ танхимд би зарлаж байсан. Тэгвэл 2011 онд бид энэхүү шинэчлэлийг гүнзгийрүүлж, тэдгээр хуулийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон, хуульд заасан журмуудыг баталгаажуулж, хэрэгжилтийг хангаж эхлээд байна.
Тухайлбал: 2010 онд шинэчлэн баталсан “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Хил, гаалийн хялбарчилсан шалгалт хийх, навигацийн болон бусад үйлчилгээ үзүүлэх журам” болон энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчдын “Сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зардлыг санхүүжүүлэх журам”-ыг Засгийн газрын 2011 оны 236 дугаар тогтоолоор тус тус батлууллаа.
Эдгээр журам батлагдсанаар манай энхийг сахиулагчид гадаадад үүрэг гүйцэтгэхээр явахдаа хил, гаалиар хялбаршуулсан байдлаар шалгуулж, тэндээс ирсэн хойноо улсын зардлаар бие бялдар, сэтгэл зүйгээ нөхөн сэргээх, сувилуулах эрхтэй болж байна.
“Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан “Цэргийн албан хаагчийн гэр бүлд тэтгэмж олгох журам”, “Цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх журам”, “Цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журам”, “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-уудыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын 2011 оны 9, 38 дугаар тогтоолуудаар тус тус батлуулав.
Эдгээр журмаар хуульд заасан цэргийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлэхтэй холбоотой шинээр тусгасан зүйл, заалтуудыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. Үүнд 25 жил цэргийн алба хаасан алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх, цэргийн тэтгэвэр тогтоолгох хувь хэмжээг цалин хөлснөөс тооцох, алслагдсан анги салбарт ажиллаж буй цэргийн алба хаагчийн хөдөлмөр эрхлээгүй гэр бүлд улирал тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр мөнгөн тэтгэмж олгох зэрэг цэргийнхний амьдрал, ахуйтай шууд холбоотой асуудлууд зохицуулагдсан. 2010 онд “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” батлагдаж, энэ онд түүнийг хэрэгжүүлэх журмууд батлагдсанаар 25 жил алба хаасан ахлагч, 25 жил алба хаасан хошууч, 27 жил алба хаасан хурандаагийн тогтоолгосон тэтгэврийн хэмжээ графикт зааснаар өслөө.
Засгийн газрын санаачлан боловсруулсан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хууль сар гаруйхны өмнө батлагдаж, 1995 оноос хойш цэргийн тэтгэвэрт гарсан нийт 12,700 гаруй хүний тэтгэврийн зөрүүг арилгах боломж бүрдлээ. Ингэснээр улс эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө тууштай зүтгэж байгаад тэтгэвэр тогтоолгосон Зэвсэгт хүчний чөлөөнд байгаа мянга, мянган алба хаагчид томоохон дэмжлэг авна.
Тэтгэврийн зөрүүг ийнхүү арилгах шаардлагыг манай цэргийн ахмадууд илүүтэй тавьж ирсэн бөгөөд Батлан хамгаалах яам энэ хуулийн төслийг хэлэлцэхээс батлагдах хүртэл дэмжсэн төдийгүй энэ талаар санаачлага гаргасан ахмадын холбоод, төрийн бус байгууллагуудтай үр нөлөөтэй хамтран ажилласан юм.
Ер нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль шинэчлэгдсэнээр цэргийнхний нийгмийн баталгаа өмнөхөөсөө илүү өндөр түвшинд хүрснийг онцлон дурдах учиртай.
Манай яам улс, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, дэлхийн халуун цэгүүдэд амь бие, эрүүл мэнддээ учрах эрсдлийг үл хайхран алба хааж байгаа цэрэг, дайчдаа ямагт анхаарч ирсэн бөгөөд тэдэнд олгодог гадаад томилолтын мөнгийг нэмэгдүүлнэ гэж би өнгөрсөн жил энэ танхимд амлаж байсан. Үүнийг Засгийн газрын “Томилолтын зардлыг шинэчлэн тогтоох тухай” 2011 оны 270 дугаар тогтоолоор шийдвэрлүүлж, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг НҮБ-аас олгодог цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийн 70 хувиар тогтоож, шинэ оны эхний өдрөөс олгож эхлэхээр боллоо. Уг шийдвэрээр өмнө нь олгож байгаагүй цэргийн багийн удирдлага, тусгай мэргэжилтний нэмэгдлийг мөн өгөхөөр болсон нь хүнд нөхцөлд цэргийн багийг удирдах үйл ажиллагааг үнэлж, тэр хэрээрээ тэдний хариуцлагыг өндөржүүлж байгаа хэрэг юм.
Төсөв хөрөнгийн хүрэлцээгүй байдлаас цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны хангалтад үүсээд байсан зарим бэрхшээлийг энэ онд бид амжилттай шийдвэрлэж чадлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 24 дүгээр зарлигаар “Зэвсэгт хүчний дээд офицерийн цолны тэмдэг, мөрдэсний загвар”, 44 дүгээр зарлигаар “Цэргийн алба хаагчдын ёслолын хувцасны шинэ, хээрийн хувцасны шинэчилсэн загвар”, 45 дугаар зарлигаар “Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэрэг /морьт/-ийн хувцасны загвар”-ыг тус тус батлуулсан. Дүрэмт хувцасны загвар, цол, ялгах тэмдэгт өөрчлөлт орсонтой холбогдуулан “Цэргийн дүрэмт хувцас хэрэглэлийн норм, өнгө, материалын ялгааг батлах тухай” асуудлыг Засгийн газрын 2011 оны 279 дүгээр тогтоолоор шийдвэрлүүллээ. Эдгээр зарлиг, тогтоолоор цэргийн алба хаагчийн хувцасны нэр төрлийг олон улсын жишигт ойртуулж, байлдааны болон олон талт үүрэг гүйцэтгэхэд тулгарч болзошгүй аюулаас хамгаалах чадавхи, өнгөлөн далдлалтыг нэмэгдүүллээ.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн санаачилсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдаж, Монгол цэргийн өдрийг тэмдэглэх болсноор эрэмгий зоригтой, дайчин уламжлалтай монгол цэргийн яруу алдарт түүх наад зах нь хоёр мянганаар урагшилж байна. Энэ шийдвэр түүхийн үнэнд ийнхүү биднийг ойртуулсан төдийгүй зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг “Зэвсэгт хүчний өдөр”-ийг эр цэргийн тангараг өргөж цэргийн алба хаасан, хаах нийт иргэдийн баяр болгон утга агуулгыг нь баяжууллаа. Ингэснээр цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй залууст цэрэг-эх оронч хүмүүжил олгох, түүгээрээ бахархах, эх орноо хайрлах, хамгаалах үйл хэрэгт суралцах, бие хүн болж төлөвшихөд нь чухал ач холбогдолтой эрх зүйн шинэчлэл болж чадсан гэж үзэж байна.
Одоо бидний өмнө Зэвсэгт хүчний ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, дараагийн 100 жилийн эхлэлийг зөв тавих асуудал тулгарч байна. Энэ нь салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлэхээс шууд хамаарна гэдэгтэй Та бүхэн санал нийлэх бизээ. 2010 онд шинэчлэн баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” баримт бичигт батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэхээр тусгасан нь Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Иймд бидний зорилт улс орноо батлан хамгаалах чадвар бүхий мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй болоход чиглэх ёстой. Ер нь 1998 оноос хойш Монгол Улс мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг зэвсэгт хүчинтэй байх ёстой тухай ярьж ирлээ. Өөрөөр хэлбэл, 10 гаруй жил мэргэжлийн чиг баримжааг зорилгоо болголоо. Цаашид мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний тухай ярьж эхлэх цаг нь болсон. Ард түмний дунд элитийн гэгдэх болсон Зэвсэгт хүчний 150, 330, 084 зэрэг ангиуд маань аль хэдийнээ мэргэжлийн цэргийн цөмийг бүрдүүлэх хэмжээнд ур чадварын хувьд ч, материаллаг бааз, зэвсэглэл техникийн хувьд ч ойртсон гэж ойлгож байна.
Дэлхий дахины цэрэг, улс төр, аюулгүй байдлын талаарх ойлголтод гарч буй өөрчлөлтүүд, шинэчлэн батлагдсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Гадаад бодлогын үзэл баримтлал”-ын үзэл санаанд нийцүүлэн 1998 оноос мөрдөж байгаа “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг шинэчлэхээр манай яамны ажлын хэсгийн боловсруулсан төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон ажлын хэсэг эцэслэн боловсруулж, төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид санал болгоод байна.
Энэхүү бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах явцад бид зарчмын хэд хэдэн чухал асуудалд анхаарал хандуулж тусгахыг зорьсон билээ. Тухайлбал: Батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг олон улсын нийтлэг жишгээр 4 хувиас доошгүй байлгахаар төсөлд тусгаад байна. Хэрэв энэ өөрчлөлтийг хийж чадвал манай салбар хэрэгцээ, шаардлагынхаа хэрээр биш юм гэхэд зайлшгүй тулгамдсан хөрөнгө оруулалтыг өөрөө хийх боломжтой болох юм. 2011 оны батлан хамгаалахын төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 1,4 хувьтай тэнцэж байгаатай харьцуулахад санал болгож байгаа 4 хувь гэдэг бол харьцангуй дэвшилтэт үзүүлэлт болно.
Төрийн батлан хамгаалах бодлогын төсөлд улс орны аюулгүй байдлыг хангах эрх ашиг, зэвсэгт хүчний төрлүүд, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа, холбоог сайжруулах үүднээс нэгдмэл Зэвсэгт хүчинтэй байх, Хуурай замын цэрэг, Агаарын цэргийг эн тэргүүнд хөгжүүлэх зэрэг томоохон зорилтыг дэвшүүлж байгаа юм.
Монгол Улсын Төрийн батлан хамгаалах бодлого шинээр тодорхойлогдсоны дараа уг баримт бичигт нийцүүлэн салбарын багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарна. “Төрийн батлан хамгаалах бодлого” баримт бичгийг УИХ-аас батлан гаргахыг хүлээлгүйгээр салбарын үйл ажиллагааг зохицуулдаг гол хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж эхлэх тухай миний өмнө өгсөн үүргийн дагуу яам төслөө бэлтгэсэн байх ёстой. Энэ талаар яамны Стратегийн удирдлага төлөвлөлтийн газар, ЗХЖШ онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож байна.
Зэвсэгт хүчний шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ түүний бүтэц, зохион байгуулалтыг хуулиар тогтоосон үндсэн чиг үүргийнх нь зэрэгцээ энхийг дэмжих, терроризмтэй тэмцэх, нийтийг хамарсан гамшиг, ослын хөнөөлийг арилгах, улс орны хэмжээний бүтээн байгуулалтад оролцох зэрэг олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх шаардлагад нийцүүлэх, гүйцэтгэх үүрэгт нь тохирсон зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар улс орныг батлан хамгаалах бэлэн байдлыг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байна.
Зэвсэгт хүчний Жанжин штабын бүтэц, зохион байгуулалтыг “J”-ийн бүтцэд шилжүүлж, Ерөнхий зориулалтын цэргийн болон Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хоёр командлалыг байгуулаад хоёр жил боллоо. Харамсалтай нь Зэвсэгт хүчний удирдлагын үйл ажиллагаа шинэ бүтцийн дагуу нэг л сайн жигдэрч чадахгүй байна.
Шинэ бүтцийн дагуу ЗХЖШ нь Зэвсэгт хүчний үйл ажиллагааны урт, дунд, богино хугацааны төлөвлөлтийг хийж төрлийн цэргийн командлалуудыг удирдлагаар хангах үүрэгтэй. Ерөнхий зориулалтын цэргийн болон Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хоёр командлал нь энэхүү төлөвлөлтийг хэрэгжүүлдэг байгууллага байх ёстой. Зэвсэгт хүчний Жанжин штаб төлөвлөлтөд анхаарахын оронд хуучин сэтгэлгээгээрээ анги байгууллагын үйл ажиллагаанд оролцсон хэвээр байгаа, мөн төрлийн цэргийн командлалуудын хөгжил, тэдгээрийг дэмжих шинэчлэлийн бодлого ч үгүйлэгдэж байна.
Зэвсэгт хүчний шинэчлэлийн нэг чухал чиглэл бол энхийг дэмжих ажиллагаанд өөрийн оролцоог нэмэгдүүлэх явдал бөгөөд өнөөг хүртэл дэлхийн 10 гаруй улс оронд 5600 гаруй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж, яг өнөөдөр дэлхийн 5 улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт 450 орчим цэрэг, дайчид үүрэг гүйцэтгэж байна. Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчийн тоо нэмэгдэхийн хэрээр манай зэвсэгт хүчний чадвар, бэлтгэлжилт, бэлэн байдлын түвшин өсөж байгаа гэж ойлгож байна.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь олон улсын энхийн төлөө үйлсэд хувь нэмрээ оруулж, Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх замаар аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах төрийн гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, олон улсын хэмжээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг таниулж, нэр хүндийг өргөх, цэргийн алба хаагчдын мэргэжлийн бэлтгэл, ур чадварыг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг ахиулах, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгааг манай төр, иргэд хэдийнээ мэддэг, хүлээн зөвшөөрдөг болсон байна. Иймд бид цаашид зэвсэгт хүчний үндсэн үүргээ гүйцэтгэх бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо, хэлбэр, хүрээгээ өргөжүүлэх бодлого барих ёстой.
Харамсалтай нь манай зарим дарга нар, хариуцсан албан тушаалтнуудын санаачилга, хөөцөлдлөгөө дутсанаас Ливан Улс дахь энхийг дэмжих ажиллагаанд Франц Улстай хамтран оролцох болон миний өөрийн биеэр НҮБ-ын холбогдох албан тушаалтнуудтай ярилцаж тохирсон НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд нисдэг тэрэг явуулах асуудал хэрэгжих боломжгүй болоод байна.
Хэрвээ НҮБ-ын ажиллагаанд нисдэг тэрэг явуулах асуудлыг шийдвэрлэж чадсан бол манай Зэвсэгт хүчний олон улсын нэр хүнд, НҮБ-ын ажиллагаан дахь байр суурийг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг нэмэгдүүлэхэд дорвитой ахиц гарах байлаа. Энэ нь Агаарын цэргийг ам хэлээр биш, жинхэнэ утгаар нь хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх асуудал Зэвсэгт хүчний шинэчлэлийн нэг томоохон зорилт болсныг харуулж байна.
Сүүлийн гурван жилд Зэвсэгт хүчний нисэх хэрэгсэл нэмэгдэж, одоо байлдааны, галын дэмжлэгийн, зорчигч болон ачаа тээврийн гэсэн гурван төрлийн нисдэг тэрэгтэй болоод байна. Эдгээр өндөр хүчин чадал, боломж бүхий техникийг бүрэн хэмжээгээр ашиглах ёстой.
Засгийн газраас хэдхэн хоногийн өмнө манай Зэвсэгт хүчин, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын хувьд түүхэн гэж хэлж болох шийдвэр гаргалаа. Бүртгэлийн үнээрээ 10 тэрбум төгрөгийн өртөг бүхий, МИАТ компаний эзэмшилд байсан Аэробус А-310-300 нисэх онгоцыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн ашиглуулахаар болсон нь УИХ, Засгийн газрын түвшинд хэрэгцээ, шаардлагаа сайтар ойлгуулж ажилласны үр дүн мөн гэж үзэж байна.
Зэвсэгт хүчин ийм том онгоцтой болсноор гадаадад үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын тээвэрлэлтийн асуудлыг өөрсдөө хариуцах, ингэснээр НҮБ-аас авах нөхөн төлбөрийн хэмжээг ч нэмэгдүүлэх том боломж бий болж байна гэсэн үг. Гэхдээ энэ хүчирхэг хэрэгслийг ямархуу менежментээр яаж ашиглах нь манай Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын хувьд томоохон сорилт, шалгуур болно гэдгийг мартаж болохгүй. Бригадын генерал Т.Дашдэлэгийн ажлыг чухам энэ шалгуураар дүгнэх болно гэдгээ шууд хэлье.
Цаашид Агаарын цэргийг хөгжүүлэх тусгай хөтөлбөр боловсруулж, түүндээ нисгэгч бэлтгэх, нисгэгчгүй төхөөрөмж болон сөнөөгч онгоц зэргийг зэвсэглэлд нэвтрүүлэх, уг зорилгоор байгуулагдах ангийн удирдлагыг ойрын үед томилж ажилд нь оруулах зэргийг тусган хэрэгжүүлэхийг ЗХЖШ, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалд үүрэг болгож байна.
Манай Ерөнхий зориулалтын цэргийн командлалын хувьд зэвсэгт хүчний олон талт үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд энхийг дэмжих 3 дахь батальоныг яаралтай байгуулах, олон улсын ажиллагаанд шууд оролцон үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий түргэн байрлах хүчний болон тусгай үүрэг гүйцэтгэх чадварлаг бүрэлдэхүүнийг бий болгох, цэргийн цагдаагийн бүрэлдэхүүнийг эдгээр ажиллагаанд оролцуулж эхлэхэд онцгой анхаарах цаг болсон гэж бодож байна. Тэрчлэн ерөнхий зориулалтын цэргийн анги байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, байршлыг гүйцэтгэх үүрэг, зориулалтад нь нийцүүлэн эргэн харах болсон байна.
Энхийг дэмжих ажиллагаанд голдуу харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Монгол цэргийн гүйцэтгэх үүргийн хүрээ 2009 оноос өргөжиж, Чад болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад үүрэг гүйцэтгэсэн баг бие даан НҮБ-ийн ажиллагааны нэг секторын аюулгүй байдлыг бүхэлд нь хариуцан НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны бүх төрлийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн бол, 2010 оноос Судан Улсын Дарфурт Монгол Улсын цэргийн хээрийн эмнэлгийн баг НҮБ-ын ажилтнууд болон орон нутгийн иргэдэд II шатны эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх болсон. Энэ оноос бид Афганистан дахь НАТО-гийн олон улсын цэргийн ажиллагаанд ХБНГУ, Бельгийн Вант Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлж, Афганистанд нийт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн тоог 370 орчимд хүргээд байна.
Суданы Дарфурт манай цэргийн эмнэлгийн багийн эхний ээлж амжилттай үүрэг гүйцэтгээд ирсэн. Дараа дараагийн ээлжийг энэхүү хүрсэн түвшинг алдагдуулахгүй байхаар бэлтгэх, цэргийн эмнэлгийн мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлтгэх шаардлага ч тавигдаж байна. Энэ утгаараа Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийг Монгол Улсдаа тэргүүлэх зэрэгт хүргэж, эмнэлгийн орчин үеийн оношилгооны техникээр хангаж, дээд зэргийн үйлчилгээ үзүүлдэг төв болгоход яам анхаарлаа хандуулах ёстой. Үүний тулд тус эмнэлгийн шууд удирдлагыг Жанжин штаб бус яам гардан хариуцдаг болох өөрчлөлтийг ойрын үед хийх болно.
Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь ч өөрийн нөөц бололцоогоо дайчлан ажиллах шаардлагатай байна. Тэрнээс биш хүрсэн түвшингээсээ ухарсан, хариуцлага алдсан явдал хэрхэвч гарах ёсгүй. Би энд цэргийн алба хаагчдаас ЭМЯ-ны сайдын тушаалаар баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмаар төлбөр авч байгаа нь зүйд нийцэхгүй гэдгийг хатуу анхааруулж хэлмээр байна. Энэ явдлыг даруй зогсоож, харин цэргийн алба хаагчдын гэр бүлийн гишүүдэд эмнэлгийн төлбөргүй, эсвэл хөнгөлттэй үйлчилгээ үзүүлдэг цэргийн эмнэлгийн олон улсын нийтлэг жишгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож байна.
Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй ажилласны үр дүн гарч энэ онд Ирак болон Өмнөд Судан Улс дахь энхийг дэмжих ажиллагаанд манай Зэвсэгт хүчний цэргийн багуудыг оролцуулахаар НҮБ-тай тохиролцоонд хүрсэн. НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын шинжээчид 7 дугаар сард Иракт үүрэг гүйцэтгэх манай цэргийн багийн, 11 дүгээр сард Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн бэлтгэлийг шалгаад тус тус эерэг дүгнэлттэй буцлаа.
Өмнөд Судан Улс дахь энхийг дэмжих ажиллагаанд бүтэн батальон оролцсоноор НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох бүрэлдэхүүний тоо 900 давах ба гадаадад үүрэг гүйцэтгэх манай цэргийн нийт тоо 1300-д хүрэх юм. Энэ нь Зэвсэгт хүчний түүхэнд гарах бас нэгэн амжилт бөгөөд нэг талаар та биднээс асар өндөр хариуцлага, ажлын их ачаалал шаардах боловч нөгөө талаар манай Зэвсэгт хүчний бэлэн байдал,
мэргэжлийн ур чадвар ямар түвшинд хүрснийг улсдаа төдийгүй олон улсын хэмжээнд нотлон харуулах болно. Ингэснээр ирэх оны 1 дүгээр улирал гэхэд энхийг дэмжих ажиллагаанд цэрэг илгээгч ТОП-20 орны эгнээнд Монгол Улс багтах болно. Энэ бол үнэхээр бахархмаар үзүүлэлт.
“Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” батлагдан гарснаар барилга, инженерийн 3 батальоныг Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад шинээр байгуулсан. Энэ ангиуд одоогоор орон нутгийнхаа бүтээн байгуулалтын ажилд бодит хувь нэмэр оруулж байна. Цаашид тэдгээрийн үйл ажиллагааг жигдрүүлэх, нэмэлт техник, тоног төхөөрөмжөөр хангах, үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт хамруулах асуудал бидний чухал зорилт хэвээр байх болно. Барилга, инженерийн ангиудыг байгуулахад “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гаас болон төсвөөс чамгүй хөрөнгө гаргасан төдийгүй гадаад орноос тусламжаар ирүүлсэн техник хэрэгслээр нэлээд сайн хангасан. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа аваад явах гарааны нөхцлийг боломжийн бүрдүүлсэн. Бүтээн байгуулалтад оролцож байгаа манай ангиуд төсөвт дарамт болох бус тодорхой хэмжээний ашиг орлого олдог, түүнээсээ “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г дэмждэг байх ёстой.
Уул уурхайн чиглэлээр Өмнөговь аймагт өрнөж байгаа их бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний 100 жолоочийг холбогдох байгууллагатай гэрээ байгуулан оролцуулж байна. Энэ нь улс орны хэмжээний бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний оролцоо нэмэгдэж байгаагийн тодорхой жишээ болж байгаа төдийгүй цэргийн алба хаагчдын орлогыг нэмэгдүүлж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой боллоо. Манай жолооч нар албан тушаалын цалингаа авахын зэрэгцээ тээвэр хийсэн эргэлт тутамд 150,000 төгрөг, сард 2,0 сая орчим төгрөгийн хөлс авахаар байна. Зөвхөн жолооч нарт төдийгүй салбарт ч үр өгөөжөө эхнээсээ өгч байгаа. Тухайлбал, эхний ээлжийн 60 жолоочийг 6 сар ажиллуулснаар Зэвсэгт хүчний хөгжлийн санд 317 сая төгрөгийн орлого оржээ.
Энд өөр нэгэн жишээ татъя. Зэвсэгт хүчнээс намрын ургац хураалтын ажилд хэдэн зуун цэрэг оролцуулжээ. Ингэхдээ ЗХЖШ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан "Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам"-ын зарим заалтыг зөрчиж цэрэг ажиллуулж байсныг тухайн үед нь залруулсан. Манай цэргүүд бүтээн байгуулалтын ажилд оролцож болно, оролцох ч ёстой. Гэхдээ ийм ажиллагаа хууль, журмаас гадуур зохион байгуулагдах ёсгүй. Зэвсэгт хүчин ашиг орлогын төлөө ажилладаг бүтэц биш. Гэхдээ л хэдэн зуун цэрэг ажиллуулж байгаа бол цэргийнхний нийтийн тусын тулд Зэвсэгт хүчний хөгжлийн санд тодорхой орлого хуримтлуулж, салбарын бусад тулгамдсан асуудалдаа зарцуулдаг байх нь зүйд нийцнэ гэж үзэж байна.
Салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны идэвхтэй бодлого, үйл ажиллагааны үр дүнд ОХУ, АНУ, БНХАУ, ХБНГУ, БНТУ, БНЭУ, БНСУ зэрэг улсуудын тусламж, дэмжлэгтэйгээр Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх зорилт амжилттай хэрэгжиж, авто-хуягт техник, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн зэвсэглэл, энхийг дэмжих болон олон талт үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний зэвсэг хэрэглэлийн чанар байдал, хангамж шинэ шатанд гарсныг Та бид харж байгаа. Үүнээс гадна Агаарын довтолгооноос хамгаалах цэргийг бэхжүүлэх чиглэлээр ОХУ-аас нисгэгчгүй нисэх хэрэгсэл, сургалт, байлдааны ЯК-130 онгоц авах асуудлыг идэвхтэй хөөцөлдөж байна.
Зөвхөн 2011 оны байдлаар ОХУ-аас шинэчлэн сайжруулсан БТР-70М болон БТР-80М хуягт тээвэрлэгч, артиллерийн зэвсэглэл засвар үйлчилгээний техник болон тусгай зориулалтын бусад автотехник, БНТУ-аас 1 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий хувцас хэрэглэл, БНЭУ-аас сүүлийн үеийн 50 ш иж бүрэн компьютер зэрэг нийт 72,1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг гадаадын орнуудаас хүлээн авсан ба 2008 оноос хойш хүлээн авсан гадаадын тусламжийн нийт хэмжээ 211,6 тэрбум төгрөгт хүрлээ. ОХУ-аас хүлээн авсан 10 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий гүйцэт цэнэглэсэн галт хэрэглэлийг задлан аюулгүй болгох зориулалт бүхий үйлдвэрийг байгуулж, ашиглахад бэлтгэж байна.
Миний бие өнгөрсөн 10 дугаар сард Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсаас ирэх жил авах тусламжийн хүрээнд дижитал хээтэй цэргийн хээрийн хувцасны материал авах тухай ярилцсан. Үүний өмнө Туркээс үзүүлсэн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр НАТО-гийн стандартад нийцсэн 16,000 гаруй хос хагас түрийтэй гутал авч, бие бүрэлдэхүүнээ хангаад байгаа. Цэргийн хүнд сайн гутал шиг хэрэгцээтэй зүйл үгүй, бас эдэлгээ сайтай цэргийн хувцас хэрэгтэй. Бид энэ онд хувцасны томоохон шинэчлэл хийсэн боловч хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалан хамгийн сайн чанарын материалаар хангаж чадсангүй. Энэ байдлыг ирэх жил өөрчлөх болно. Удахгүй яамнаас томилсон ажлын хэсэг Турк, Германд энэ зорилгоор ажиллах гэж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний ур чадвар дээшилж, өөрийн орондоо зохион байгуулж байгаа олон улсын арга хэмжээ, гадаадад оролцож буй арга хэмжээнүүдийн цар хүрээ улам өргөжиж байна. Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар нэгэнт олон улсын хэмжээнд танигджээ. Иймээс манай цэрэг дайчдын эдэлж хэрэглэж байгаа агсамж, хувцас хэрэглэлийн чанар ч мөн адил олон улсын стандартыг хангах ёстой.
Зэвсэгт хүчний шинэчлэлийг хэрэгжүүлэх бас нэг чухал хүчин зүйл болох боловсон хүчнийг чадваржуулахад анхааран ажиллаж, гадаадын орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд жил тутам 200 гаруй алба хаагчийг гадаадын цэргийн сургуулиудад урт, богино хугацааны сургалтад хамруулж, боловсон хүчнээ мэргэшүүлж байна. ОХУ-д суралцагсдын тоо эрс нэмэгдлээ. 2011 онд 110 гаруй цэргийн алба хаагчид ОХУ-ын цэргийн академи, дээд сургуулиудад суралцахаар морджээ.
Манай Зэвсэгт хүчин өөрийн цэргийн алба хаагчдыг гадаадад суралцуулаад зогсохгүй өөрийн оронд жил тутам 5-6 НҮБ-ын болон олон улсын сургалт дамжаа, “Khan quest”, “Сэлэнгэ”, “Нүүдэлчин заан” зэрэг олон улсын хэмжээний 2-3 хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах боломжийг бүрдүүлж чадсан нь салбарын шинэчлэлийн бодлого амжилттай хэрэгжиж байгаагийн бодитой үр дүн гэж үзэх бүрэн үндэстэй. 2 жил гаруй тасраад байсан батальоны хэмжээний хээрийн сургалт, дадлагыг энэ жилийн олон улсын хамтарсан “Khan quest” сургалт, дадлагаар дахин зохион байгуулж эхэлсэн нь амжилт мөн.
Цэрэгт алба хаах дур сонирхол залуусын дунд нэмэгдэж байгаа, түүн дотроо дээд, тусгай дунд боловсролтой залуус олноороо алба хааж байгаа нь зэвсэгт хүчний шинэчлэл амжилтад хүрч байгаагийн тод илэрхийлэл гэж ойлгож байна. Үүнтэй холбогдуулан цэргийн алба хаах хэлбэр, түүнд нийцүүлэн зэвсэгт хүчний сургалтын бодлого, орчныг ч өөрчлөх ёстой гэж үзэж байна.
Цаашид бид жилээс жилд буурч байгаа дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, алба хааж буй иргэдээ зөвхөн “харуулчин-буудагч”-аар бэлтгэлгүй Зэвсэгт хүчинд шаардлагатай ховор мэргэжилтнээр сэлбэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Зэвсэгт хүчинд шаардлагатай дайчилгааны эдгээр бэлтгэл үүрэгтний хомсдолоос гарахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлж, эхлүүлэх нь зүйтэй. Тухайлбал:
Ерөнхий боловсролын болон Их, дээд боловсролын сургалтын хөтөлбөрт цэрэгжилтийн хичээлийг тусгуулах талаар ажиллах,
БХИС-ийг энгийнээр суралцан төгссөн мэргэжилтнүүдийг тусгай хөтөлбөрөөр сургалтад хамруулж, цэргийн мэргэжил олгож байх,
Орон нутагт дайчилгааны бэлтгэл нөөц бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх сургалтын хөдөлгөөнт бүлгийг Зэвсэгт хүчний анги, байгууллага болон БХИС-иас гарган ажиллуулах,
Цэргийн алба хаагаагүй дээд боловсролтой иргэдэд цэргийн мэргэжил эзэмшүүлэх богино хугацааны сургалт зохион байгуулах талаар тусгайлсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх зэрэг болно.
Дээд боловсролтой, цэргийн насны иргэдэд цэргийн мэргэжил олгох түргэвчилсэн сургалт зохион байгуулах асуудлыг сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан эхний сургалтыг ойрын үед хийхээр болсон нь тусгай мэргэжлийн бэлтгэл үүрэгтний нөөцийг нэмэгдүүлнэ гэж найдаж байна.
Манай зэвсэгт хүчний 150, 330 зэрэг ангиудад алба хааж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын ур чадвар, бэлтгэгдсэн байдал бусдаас ялгагдахгүй байгаа нь жил бүрийн марш тактикийн тэмцээний дүнгээс тод харагддаг. Иймд эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаалгадаг болох эрх зүйн үндсийг бүрдүүлэх асуудлыг судлаж, хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхэд болохгүй гэх зүйлгүй гэж үзэж байна.
Энэ жилийн ардын хувьсгалын ойн баяр наадмын нээлтийн ажиллагаанд анх удаа 1000 цэрэг оролцуулж, томоохон хэмжээний үзүүлэх тоглолт хийсэн нь олон түмний сэтгэлд хүрсэн шинэлэг арга хэмжээ болсон. Зэвсэгт хүчинд алба хаахаар ирсэн хугацаат цэргийн алба хаагчийн цэргийн анхан шатны бэлтгэл, 1000 цэргийн “карантин”-ыг Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын хэмжээнд төвлөрүүлэн зохион байгуулсан нь уламжлалыг сэргээж, шинэ агуулгаар баяжуулсан арга хэмжээ боллоо. Эх орныхоо төлөө амь биеэ зориулахад ч бэлэн байдаг эгэл бор цэргүүд маань улсынхаа нийслэлийн төв талбайд цэргийн тангараг анх удаа өргөлөө. Энэ бол гүн агуулгатай, утга төгөлдөр ёслол байлаа.
2011 онд Монголын ууган сургуулиудын нэг БХИС 90 жилийн ойгоо тэмдэглэсэн. Эгнээндээ 6000 гаруй сонсогч, оюутан, сурагч, багш, ажилчин албан хаагчдыг нэгтгэсэн тус сургуулийн сургалтын чанарт зарим ахиц гарч, инженерийн боловсролд суурилсан сургалтын тогтолцоог нэвтрүүлж байгаа нь батлан хамгаалах салбарын хөгжилд чухал нөлөөтэй гэж үзэж байна.
Өнөөдрийн шинэчлэгдэж буй Зэвсэгт хүчин энэ сургуулиас олон улсын цэргийн нэгдсэн хүчний бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх чадвар бүхий дарга, захирагч нар, цэргийн зэвсэглэл, техникийн хөгжлийн алхааг гүйцэж ажиллах чадвартай инженер техникийн ажилтнууд, цагийн байдлын ямар ч нөхцөлд өөрийгөө болоод нөхдөө аваад явчих сэтгэл зүйн бэлтгэл, ажиллагааны ур чадварыг мэргэжлийн түвшинд эзэмшсэн ахлагчийн бүрэлдэхүүнийг хүсч байна.
Зэвсэгт хүчний өмнө тулгамдаад байгаа Агаарын цэргийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд БХИС онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Ойрын ирээдүйд цэргийн нисэх хүчний мэргэжилтнүүдийг бэлтгэдэг болох асуудлыг ч сургуулийн удирдлага анхааралдаа авч ажил хэрэг болгох нь зүйтэй. Манай Зэвсэгт хүчний офицерууд хаа байсан Афганистан улсад нисэхийн мэргэжилтнүүдийг сургаж байна. Бидэнд нөөц бололцоо байна. Харин санаачилга, идэвх, зүтгэл дутаж байхыг үгүйсгэхгүй.
БХИС нь батлан хамгаалах болон аюулгүй байдлын сургалт, судалгааны чиглэлээр улсдаа тэргүүлэх их сургууль, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төв болох ёстой.
Цэргийн боловсрол, судалгаа шинжилгээний ажлыг шинэ түвшинд гаргахад тус сургуулийн дэргэдэх Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж ойлгож байна.
Тус Хүрээлэнгээс энэ онд хамтын бүтээл 4, бие даасан бүтээл, ганц сэдэвт зохиол 9, эрдэм шинжилгээний эмхэтгэл 2-ыг эрхлэн гаргасан, он дуустал цаашид ч бүтээлийн тоо нэмэгдэхээр байгаа. Гэхдээ хүрээлэнгийн боловсруулсан судалгаа, шинжилгээний ажил салбарын хөгжилд төдийлөн нэмэр болохгүй байна.
Цаашид Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны тулгамдсан асуудыг шийдвэрлэхэд дэмжлэг болохуйц шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо, судалгаанд тулгуурласан мэдээлэл, үнэлгээ, судалгааны дорвитой бүтээл гарах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн салбарын үйл ажиллагаанд хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх нь чухал байна.
Хүрээлэнгийн судалгааны ажлын нэг чухал чиглэл нь зэвсэг техникийн туршилт, зохион бүтээх үйл ажиллагаа байх ёстой. Техникийн шинжлэх ухааны туршилт, зохион бүтээх үйл ажиллагаа бол нийгэм, бодлого судлалаас ялгаатай нь материалын болон бусад зардал илүү шаарддаг, гэхдээ үр дүн нь эдийн засгийн үр өгөөжөөрөө хувь илүү байдаг онцлогтой. Иймд энэ чиглэлийн судалгааны ажлын төсвийг БХЯ-ны төсөвт тусгайлан тусгаж байх нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр Батлан хамгаалах төсөвт эрдэм шинжилгээний зардлын эзлэх хувь бага /0,2%/ байгааг ч эргэж харах цаг болжээ.
Ирээдүйн цэргийн жанжныг өсвөр хүүхэд наснаас нь эхлэн бэлтгэж байсан өвөг дээдсийн уламжлалыг сэргээж “Тэмүүжин өрлөг” дунд сургуулийг БХИС-ийн дэргэд байгуулсан нь мэргэшсэн цэргийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд хийсэн чухал алхам байлаа. Цаашид бид “Тэмүүжин өрлөг” сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх болно.
Зэвсэгт хүчний олон талт үүрэг гүйцэтгэх чадавхи бэхжиж байна. Ялангуяа гамшиг, экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоо нэмэгдлээ. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Энхийг сахиулагчдын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, 2009 оноос хойш 24000 мод тарьж ургуулжээ.
Энэ онд бид “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн нэгдүгээр шат /2006-2010 он/-ны арга хэмжээний хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийж үзлээ. Хөтөлбөрийн нэгдүгээр шатанд хэрэгжүүлэхээр тусгасан 47 арга хэмжээний биелэлт дунджаар 71,1 хувьтай байна. Эдгээр арга хэмжээн дотор хангалтгүй биелэлттэй /50%-иас доош/ 10 гаруй арга хэмжээ байгаагийн дотор огт хэрэгжээгүй ажил ч байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр бид энэхүү хөтөлбөрийг эргэн харж тодотгол хийх цаг болсон гэсэн үг. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Зэвсэгт хүчинд гарсан өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнд зарим арга хэмжээ нь шаардлагагүй болсон ч байж болно. Зарим арга хэмжээг хэрэгжүүлэх арга, механизмыг эргэж харах шаардлагатай болох байх.
Дээрх хөтөлбөрийг тодотгож “Зэвсэгт хүчин-2022” хөтөлбөрийг даруй боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар батлуулан хэрэгжүүлэх цаг болсон гэж үзэж байна.
Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг батлан хамгаалах гадаад таатай нөхцлийг бүрдүүлэх, цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, олон улсын тавцанд өөрийн зэвсэгт хүчний нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах, цэргийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гадаадын тусламж, дэмжлэг авахад чиглүүлэн хөгжүүлж ирлээ.
Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа энхийг сахиулах болон олон улсын бусад хамтарсан сургалт, дадлага, хээрийн сургуулийн давтамж, оролцогсдын хүрээ нэмэгдсээр байгааг Та бүхэн бэлхнээ мэдэж байгаа. 2006 оноос хойш жил бүр тогтмол явуулж ирсэн “Khaan Quest” сургалт, дадлага нь зүүн хойд Азийн бүс нутагт болж байгаа энхийг дэмжих ажиллагааны томоохон хэмжээний олон улсын сургууль болон нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ.
Түүнчлэн ОХУ-тай хамтарсан “Дархан” сургуулийг 2008, 2009, 2010 онд, 2011 онд “Сэлэнгэ” нэртэйгээр амжилттай зохион байгуулсан нь Монгол Улсын Зэвсэгт хүчний анги, салбаруудын бэлэн байдал, зэвсэглэл, техникийн чанар, бие бүрэлдэхүүний дадлага, ур чадварыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ялангуяа, 2010 онд ОХУ-ын нутаг дэвсгэрт, энэ жил Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулсан байлдааны буудлагатай хээрийн сургууль нь 1970-аад онд ОХУ-тай явуулж байсан хамтарсан сургуулийн уламжлалыг шинэ нөхцөлд сэргээсэн, хоёр талын томоохон ажиллагаа болж чадлаа.
Энэ онд би Батлан хамгаалахын сайдын хувиар ОХУ, АНУ, ХБНГУ, БНСУ, БНТУ-уудад албан ёсны айлчлал хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийж, зарим тохиролцоонд хүрсэн нь Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, зэвсэг техникийг шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.
ОХУ-ын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудтай тогтоосон бидний ажил хэргийн харилцаа, тогтмол давтамжтай уулзалтууд нь хоёр орны цэрэг, техникийн хамтын ажиллагааг урагшлуулахад ихээхэн түлхэц болж байна. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн, 2011 онд Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд орж, зэвсэг, техникийн шинэчлэлтэй холбоотой томоохон асуудлуудыг Оросын талд тавьсан нь Монгол-Оросын цэргийн харилцааны ирээдүйн дүр төрхийг тодорхойлоход ач холбогдолтой болсон гэж ойлгож байна. Энэ онд Улаанбаатарт нэг чухал уулзалт болсон нь цэрэг, техникийн хамтын ажиллагааны ажлын бүлгийн ээлжит уулзалт байлаа. Энэ уулзалтын үр дүнгээр хамтын ажиллагааны 2011, 2012 оны төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөөний дагуу ОХУ-аас Монгол Улсад байлдааны болон сургалт, дадлагын зориулалттай онгоц, зенит-пуужингийн цогцолбор нийлүүлэх, Налайх дахь цэргийн нисэх онгоцны буудлыг шинэчлэн тоноглоход дэмжлэг үзүүлэх зэрэг тодорхой асуудлуудыг тохиролцоод байна. Тэрчлэн, ОХУ-ын “Ижмаш-Беспилотные системы” компаниас олон төрлийн зориулалттай, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж авах талаар гэрээнд гарын үсэг зурлаа.
БНХАУ-тай тогтоосон харилцаа амжилттай хөгжиж, хоёр улсын БХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтууд тогтмолжсон нь талууд олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын өргөн хүрээтэй асуудлаар байр сууриа илэрхийлэх, санал солилцох, хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулах, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Амжилттай хөгжиж буй хоёр талын харилцааны бодит үр дүн болох БНХАУ-ын БХЯ-ны буцалтгүй тусламжийн 40 сая юаний хөрөнгөөр барьж босгосон “Энхийн төлөө цогцолбор” төвийн нээлтийн ёслолыг хэдхэн хоногийн өмнө зохион байгууллаа. Уг төв нь БХЯ-ны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн хамгийн том бүтээн байгуулалт болсон гэж бодож байна. Бие даасан инженерийн дэд бүтэцтэй, байгаль орчинд халгүй, эко технологийн халаалтын зуух, цэвэрлэх байгууламжтай, амралт сувиллын цогц үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрэн хангасан энэ цогцолбор энхийг сахиулагчид, тэдний гэр бүл, ахмад дайчдыг амраах, нөхөн сэргээх, улмаар нийт цэргийн алба хаагч, иргэдэд амралт, сувиллын үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх болно.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд анх удаа Пентагонд албан ёсоор айлчилсан нь хоёр орны цэргийн харилцааны түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болсон байхаа. Энэ айлчлалаар АНУ-тай тогтоосон батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зарчмын чухал тохиролцоонууд хийсэн. Ялангуяа, дараахан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын үр дүнд хоёр орны төрийн тэргүүний гаргасан хамтарсан мэдэгдэлд манай Агаарын цэргийн чадавхийг хөгжүүлэхэд АНУ-ын тал дэмжлэг үзүүлэхээр тусгагдсан нь салбарын хөгжилд ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Одоо ажлын хэсгийн түвшинд энэхүү яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж байгаа бөгөөд тун удахгүй Монголын Зэвсэгт хүчин америкаас ачаа, тээврийн зориулалттай том оврын С-130 онгоц авах бололцоо бүрдэнэ гэж найдаж байна.
ХБНГУ-тай тогтоосон цэргийн харилцаа гүнзгийрч, шинэ шатанд гарч байна. Энэ онд Берлинд Батлан хамгаалахын сайдын хийсэн айлчлалын үеэр ХБНГУ-тай хамтарч Афганистанд үүрэг гүйцэтгэж буй манай цэргийн тоог нэмэгдүүлэх, цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалтыг Германы зэвсэг техникээр тэдний сургагч нартай хамтран Монгол Улсад зохион байгуулах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний гурав дахь батальоныг байгуулахад техникийн туслалцаа, дэмжлэг авах талаар харилцан тохиролцоонд хүрсэн. Тэрчлэн Германаас зэвсэглэл, техникийн томоохон дэмжлэг үзүүлэх асуудал яриа, хэлэлцээний түвшинд байна.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел энэ оны 10 дугаар сард манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсныг УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэж, Германы цэргүүдтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монголын дайчдад талархал илэрхийлсэн нь манай гадаад харилцаа, хамтын ажиллагааны амжилтыг үнэлсэн төдийгүй Монгол цэрэг “дэлхийн цэрэг” болсны бас нэгэн нотолгоо боллоо.
БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын хувьд Монгол, Өмнөд Солонгосын батлан хамгаалах салбарын харилцааг гүнзгийрүүлж, Зүүн хойд Азид үүсээд байгаа түгшүүртэй байдлыг эв зүйгээр зохицуулахад манай улсын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, БНАСАУ-тай хөгжүүлж буй цэргийн харилцааг дэлхий нийтэд зөвөөр ойлгуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж бодож байна.
Тус улсын Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Куань Жиньтай Зэвсэгт хүчинд хэрэгцээтэй цэргийн техник хэрэгслийг буцалтгүй тусламжаар авах чиглэлээр цаашид хамтран ажиллах, “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулахаар харилцан тохирлоо.
БНТУ-д хийсэн айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн Газар хоорондын Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурж, эхний ээлжинд 800 гаруй мянган ам.долларын буцалтгүй тусламж авах боллоо. Энэ тусламжаар цэргийн алба хаагчдын хувцасны материал авахаар төлөвлөж байгааг дээр дурдсан.
Монгол Улсын анхны таван яамны нэг БХЯ-ны 100 жилийн ойн баярын арга хэмжээнд ОХУ, БНЭУ, АНУ, ХБНГУ, БНСУ зэрэг улсын цэргийн өндөр хэмжээний төлөөлөгчид оролцсон нь салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ ямар хэмжээнд хүрсний бодит жишээ боллоо. Тэрчлэн Зэвсэгт хүчний 90 жилийн ой, Энхийн төлөө цогцолбор төвийн нээлтийн ёслолд БНХАУ-аас цэргийн өндөр түвшний төлөөлөгчид уригдан оролцлоо.
Батлан хамгаалахын гадаад харилцаа, хамтын ажиллагааны нэг чухал үүрэг бол Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал билээ. Энэ хүрээнд улирч байгаа 2011 онд тодорхой ахиц гарлаа.
Миний бие АНУ-д айлчлах үеэрээ НҮБ-ын төв штабт зочилж, удирдлагатай нь уулзаж, тус байгууллагатай харилцаагаа бэхжүүлэх, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх болон манай цэргийн багийн нөхөн төлбөртэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэн тохирсон.
Олон улсын энх тайван, аюулгүй байдлын асуудлаар зохион байгуулдаг “Шангри-Ла” диалоги, “Халифаксын олон улсын аюулгүй байдлын чуулга уулзалт”, Мюнхен, Бонн, Лондоны уулзалтууд, НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нарын уулзалт зэрэг олон улсын арга хэмжээнд тогтмол оролцож, гадаадын нэр хүндтэй улс төрчид, төрийн зүтгэлтнүүдтэй уулзан, харилцаа тогтоох, Монгол Улсын төрийн бодлого, байр суурийг тайлбарлан таниулахад ихээхэн анхаарч ирлээ.
Энэхүү харилцаа холбоо нь манай улсын аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулаад зогсохгүй салбарын гадаад харилцааг хөгжүүлэх, түүний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үнэлж баршгүй тус нэмэр болж байлаа.
Дэлхий дахины аюулгүй, тогтвортой байдлыг хангахад НАТО-гийн гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгааг харгалзан НАТО-тай тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Дэлхий дахины түншлэл” хөтөлбөрт “Харилцагч орон”-ны статустай болох талаарх ҮАБЗ-ийн зөвлөмжийг удирдлага болгон харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, холбогдох бусад гэрээ хэлэлцээрийг байгуулахад анхаарч ажиллаж байна.
Ялангуяа 2010 онд ХБНГУ-ын Берлин хотноо болсон олон улсын хурлаар НАТО-гийн түншлэлийн бодлогод өөрчлөлт орж, шинэ баримт бичиг баталснаар Монгол Улс түншлэлийн шинэ бодлогын дагуу НАТО-той тусгай хөтөлбөрийн хүрээнд анх түрүүн хамтран ажиллах бололцоо нээгдсэн юм.
НАТО-гийн Аюулгүй байдлын бодлого, Түншлэлийн харилцаа эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жеймс Аппатурай тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 5 дугаар сард, НАТО-гийн Олон улсын Цэргийн штабын Ерөнхий захирал дэслэгч генерал Юргэн Борнманн тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сард манай улсад тус тус албан ёсны айлчлал хийж, олон улсын энхийг дэмжих болон эвслийн цэргийн ажиллагаа, онцгой байдал ба гамшгийн менежмент, цэргийн сургалт боловсрол зэрэг хамтын ажиллагааны салбар, чиглэлийн талаар санал солилцож, хоёр талын тусгай хөтөлбөрт тусгах арга хэмжээг тодорхойлсон нь НАТО, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам боллоо.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хүрсэн томоохон үр дүн гэвэл Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташегийн аппаратын орон тоог нэмэгдүүлж, ХБНГУ-д атташе суулгасан ба БНСУ-д Батлан хамгаалахын атташе суулгах асуудлыг саяхан Засгийн газраар дэмжүүлсэн, БНТУ-д атташетай болох талаар ажиллаж, эхний ээлжинд 3 сарын хугацаагаар холбогч офицер томилон суулгах асуудлыг шийдвэрлээд байна.
Зөвхөн энэ онд л гэхэд ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, БНТУ, АНУ, ХБНГУ, НҮБ-тай батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар 8 гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгуулан гарын үсэг зурсан нь салбарын гадаад хамтын ажиллагаа ямар эрчимтэй хөгжиж байгаагийн тод жишээ билээ. Энэ өдрүүдэд Японы Батлан хамгаалах яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар ажиллаж байна.
Хэдийгээр өнгөрсөн хугацаанд салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, түүний үр өгөөжийг манай салбар чамгүй хүртэж байгаа боловч өндөр түвшний яриа хэлэлцээний явцад хэлэлцэн тохирсон олон арга хэмжээ манай гадаад харилцаа хариуцсан зарим нөхдийн хөөцөлдлөгөө дутсанаас бүрэн хэрэгжихгүй байгаагаас бид олон сайхан боломжийг алдаж байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй байна.
Иймд гадаад арга хэмжээний хүрээнд тохиролцоонд хүрсэн зүйлүүдийг хэрэгжүүлэх үр дүнтэй арга механизм бүрдүүлэх талаар эргэлт гарган ажиллахыг Гадаад хамтын ажиллагааны газарт даалгаж байна. Ялангуяа гадаад орнуудад суугаа Батлан хамгаалахын атташе нараас тодорхой үр дүн шаардаж, харилцааны хүрсэн түвшинг хадгалах бус түүнийг урагшлуулах, хөгжүүлэх, байгуулсан гэрээ хэлэлцээрийн биелэлтийг хангуулах талаар идэвх, санаачлагатай ажиллах удирдамж, чиглэл байнга өгч, тэдний ажлыг ерөнхий тайлангаар биш бодит үр дүнгээр хэмждэг болохыг үүрэг болгож байна.
Иргэний ардчилсан нийгэмд аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа нээлттэй байдаг зарчмыг тууштай баримтлахыг манай яам эрмэлзэж байна. Энэ хүрээнд иргэдэд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, үйл ажиллагаагаа аль болохоор ил байлгахыг зорьж, үйл ажиллагаа, чиглэл ойролцоо иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
2011 онд ард түмэндээ хандсан хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгууллаа. Тухайлбал, энхийг сахиулагчдын олон улсын өдрийг нийслэлийн төв талбайд ёслол төгөлдөр тэмдэглэн, Төрийн далбааны өдөр буюу 7 дугаар сарын 10-нд цэргийн ёслолын сүрт жагсаал хийж, 9 дүгээр сард бүх цэргийн наадмыг зохион байгуулсан нь батлан хамгаалахын шинэчлэлийн үр дүн, Монголын Зэвсэгт хүчний хүрсэн түвшинг ард иргэддээ төдийгүй гадаадын зочид төлөөлөгчдөд сурталчилсан чухал ач холбогдолтой арга хэмжээ байлаа. Цэргийн ёслолын жагсаалд сүүлийн хэдэн арван жилд ороогүй зэвсэг, техникийн жагсаал багтсан.
Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлах талаар сүүлийн 3 жилд чамгүй идэвхтэй ажиллалаа.
2011 онд Орхон, Дундговь, Хөвсгөл, Өмнөговь аймагт ийм арга хэмжээг амжилттай зохион байгуулав. Энэ хүрээнд цэргийн ёслолын жагсаал, үзүүлэх тоглолтууд, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж, ард иргэд, хүүхэд, залуучуудад батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг тайлбарлан таниулах лекц уншиж, цэргийн эмч нар үнэ төлбөргүй оношлогоо эмчилгээ хийж, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа явууллаа. Сүүлийн 2 жилд нийт 9000 гаруй хүнийг эмнэлгийн үзлэг, оношилгоонд хамруулсан дүн гарч байна. Зэвсэгт хүчнийг нийтэд сурталчлах эдгээр арга хэмжээ нь орон нутагт иргэдийн талархал, дэмжлэгийг хүлээж байна.
Батлан хамгаалахын сайдын дэргэд 2008 онд байгуулагдсан Иргэний зөвлөл иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, Зэвсэгт хүчнийг нээлттэй байлгах, иргэдэд цэрэг, эх оронч үзэл хүмүүжил олгох чиглэлээр багагүй ажил хийж байна. Иргэний зөвлөлийн гишүүд “Эх оронч үзэл хүмүүжил, уламжлал шинэчлэл” сэдвээр Эрдэнэт, Баруун-Урт, Чойбалсан, Даланзадгад, Мандалговь, Улаанбаатарын цэргийн хүрээний ангиудаар 8 удаа явж 2000 гаруй цэрэг, дайчидтай уулзаж, ярилцлага хийж цэргийн амьдрал ахуйтай танилцан, санал зөвлөмжөө Батлан хамгаалахын сайдад уламжилжээ.
Батлан хамгаалах яам салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан иргэдээ жил бүр шагнаж байх “Эх орны төлөө” хүндэтгэлийн шагнал бий болгон анхныхыг нь Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат хуульч Б.Чимид, Иракт эрэлхэг гавъяа байгуулсан дэслэгч Б.Аззаяа, Т.Самбуу-Ёндон нарт олгоод байна. Удахгүй 2011 оны шагналаа хүртээх болно.
Яамны 100 жилийн ойн хүрээнд БХЯ-ны 100 жилийн түүхийн товчоон, Батлан хамгаалахын үе үеийн сайд нарын тухай ном бүтээж, БХЯ-100 жил зургийн цомог хэвлүүлж нийтийн хүртээл болгоод байна. Тэрчлэн Зэвсэгт хүчний 90 жилийн ойгоор эгэл жирийн цэрэг дайчдын амьдралыг харуулж иргэдийн сэтгэлд хүрсэн телевизийн олон ангит “Тусгай салаа” киноны уран сайхны хувилбар болох “Тусгай салаа-2” бүрэн хэмжээний киног Монголын үндэсний телевизийн уран бүтээлчид бүтээж үзэгчид, цэрэг дайчдад толилууллаа. Мөн бүх цэргийн наадмаар Монгол цэргийн урлаг, сүр хүч, сүлд хийморь, түүхэн уламжлалыг харуулсан “Догшин хар сүлдний нууц” баримтат кино дэлгэцнээ анх удаа гарлаа. Яамны 100 жилд зориулсан эдгээр томоохон бүтээл нь салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулсан, түүхэн үнэнийг дэлгэсэн үнэ цэнэтэй өв болон үлдэж байна.
Төрийн батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг олон түмэнд хүргэх, тэдний санаа бодлыг салбарын бодлого, үйл ажиллагаанд тусгах талаар олон бүтээлч ажил, арга хэмжээг бид хэрэгжүүлж байна. Цэргийнхнийг олон түмэнтэй холбох гүүр болсон “Дуулга” теле студи, “Соёмбо” сонины нэвтрүүлэг, нийтлэл салбарын үйл ажиллагаанд тодорхой дэм болж байна. Харин үйл ажиллагааных нь цар хүрээ явцуу байгаа нь үнэн. Иймд яам, ЗХЖШ энэ хоёр үр нөлөөтэй хэрэгслээ илүү чадваржуулахад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж байх шаардлагатай.
Манай хоёр хөрш орны жишээнээс харахад ОХУ, БНХАУ-ын Зэвсэгт хүчин дагнасан телевизийн сувагтай байдаг юм билээ. Иймд манайх ч гэсэн цаашид телевизийн тусгай сувагтай болох асуудлыг судлан хэрэгжүүлэхийг яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт даалгаж байна.
Нийгэмд Зэвсэгт хүчний нэр хүндийг өсгөх, цэргийн алба хаагчдын бие бялдар, ур чадварыг хөгжүүлэх, цэрэг, эх оронч хүмүүжил, бие бялдрын өв тэгш хөгжилтэй залуу хойч үеийг төлөвшүүлэхэд цэргийн биеийн тамир, спортын байгууллагын үүрэг чухал билээ. “Алдар” спорт хороо нь бөхийн дэвжээ төдий биш цэргийн спортын сонгомол төрлүүдийг хөгжүүлдэг улсдаа тэргүүлэх спортын байгууллага байх ёстой. Цэргийн ур чадварыг хөгжүүлэхэд шууд нөлөөтэй буудлага, биатлон, морин поло зэрэг спортын төрлүүдийг түлхүү хөгжүүлэн цаашид олон улсын Цэргийн олимпийн наадамд амжилттай оролцдог болох бүх талын нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.
Батлан хамгаалах салбарын хувьд олон түмний дэмжлэг юу юунаас эрхэм байдаг. Бахархалтай нь ард иргэдийнхээ зүгээс ийм дэмжлэгийг Та бид хангалттай мэдэрч байна. Түүнээс гадна төр засаг манай салбарыг байнга дэмжиж ирлээ. Тухайлбал, төрийн тэргүүн сүүлийн 3 жилд тус салбарын 12 хүнд генерал цол олгоод байна. Үүнд, дэслэгч генерал 1, хошууч генерал 1, бригадын генерал 10 төрлөө. Хамгийн сүүлд Улс тунхагласны баяраар Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч Г.Энхбаатар бригадын генерал цол хүртэж, отгон генерал боллоо. Ийнхүү манай салбарын шилдгүүдэд цэргийн дээд цол хүртээж байгаа нь генерал болсон эрхмүүдийн албан тушаалын болон хувь хүнийх нь мэдлэг чадварын илэрхийлэл төдийгүй бүхэлд нь авч үзвэл Зэвсэгт хүчний шинэчлэлийг Монголын төр дэмжиж байгаагийн бодит нотолгоо гэж ойлгож байна.
2011 он цэргийн алба хаагчдын хөдөлмөр бүтээл, гавъяа зүтгэлийг төрөөс олноор нь хөхиүлэн урамшуулсан, шагналын хуртай жил байлаа. Олон тэгш ой давхцсан түүхэн энэ онд манай салбарынхан төрийн одон медалиар энгэрээ мялаасан тоон үзүүлэлтийг дараах графикаас харж болно. 2008 онд батлан хамгаалах салбараас 170 хүн төрийн одон медаль хүртэж байсан бол 2009 онд 118, 2010 онд 320, энэ оны 12 дугаар сарын 1-ний байдлаар 641 хүн шагнуулсан байна. Үүнээс, Сүхбаатарын одон 1, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 4, Цэргийн гавъяаны улаан тугийн одон 17, Цэргийн гавъяаны одон 61, Алтангадас одон 9, Цэргийн хүндэт медаль 105, Хөдөлмөрийн хүндэт медаль 55, Энхийн төлөө медаль 389 хүн хүртжээ.
Тайван цагт хөлс их асгаруулбал, дайны цагт цус бага урсана гэж ярьцгаадаг. Зэвсэгт хүчин бол эх орноо гадны халдлага, түрэмгийллээс хамгаалах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах үндсэн үүрэгтэй. Үндсэн үүргээ биелүүлэхийн тулд сургалт бэлтгэлийг тасралтгүй, чанартай хийж, зэвсэг техникийн бэлэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх чадвараа байнга дээшлүүлж байх ёстой. Зэвсэгт хүчний өдөр тутам ягштал хийж байх ёстой ажил бол чухамдаа энэ. Ийм ч учраас өнгөрсөн жил би хэлсэн үгэндээ 2011 оныг Зэвсэгт хүчин өөрийгөө үнэлэх, бэлэн байдлаа дээшлүүлэх жил болгон зарласан. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ЗХЖШ-ыг ихээхэн шахаж, шаардаж байж бэлэн байдлын үзлэгийг “Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын байлдааны болон тусгай үүрэг гүйцэтгэх бэлэн байдалд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит үзлэг явуулах удирдамж”-ийн дагуу хийж, дүнг сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүллээ.
Зэвсэгт хүчний бэлэн байдал бол ил тод, нээлттэй ярих зүйл биш байх. Энэ бүгдэд улс орны чадавхи, санхүү эдийн засгийн хүчин чадал, төсөв хөрөнгийн боломж нөлөөлдөг нь мэдээж. Макро түвшнээс хамаарч байгаа зүйлүүдийг би энд ярихгүй. Харин шийдвэрлэх боломжтой зарим асуудлыг хөндөе гэж бодож байна.
Энэхүү үзлэгээр Зэвсэгт хүчний анги, байгууллагын байлдааны болон тусгай үүрэг гүйцэтгэх бэлэн байдлын өнөөгийн бодит түвшинг тогтоох, цаашид үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, улмаар Батлан хамгаалах чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үндсэн зорилгыг өмнөө тавьсан юм.
Зэвсэгт хүчний чадавхи нь цэргийн удирдлагын бэлэн байдал, бие бүрэлдэхүүний нөхөн хангалт, зэвсэглэл, техникийн боломж, материал хэрэгслийн нөөц, тэдгээрийн чанар байдал, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, цэргийн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, дадлага, чадвар, оюун санаа, сэтгэл зүй, бие бялдрын түвшин зэрэг олон үзүүлэлтийн хэмжүүрээр илэрхийлэгддэгээрээ онцлог байдаг.
Үзлэгийн дүнгээс үзэхэд Зэвсэгт хүчний анги, байгууллагууд сайдынхаа нэрэмжит үзлэгт сайтар бэлтгэж, ялангуяа, хурандаа Д.Дамба захирагчтай 084, хурандаа Д.Дугаррагчаа захирагчтай 150, хурандаа С.Дашзэвэг захирагчтай 330, хурандаа П.Доржсүрэн захирагчтай 340 дүгээр ангиуд бэлтгэл сайтай байжээ. Ер нь бусад анги, салбарууд ч тодорхой хэмжээгээр бэлтгэл хангасан, байлдааны болон тусгай үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр олон ажлыг санаачлан хийсэн нь сайшаалтай байна. Анги, байгууллагууд байлдааны бэлэн байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг команд-штабын сургууль, штабын нэгдсэн болон хэсэгчилсэн дадлагуудаар тодотгож, албан тушаалтнуудыг гүйцэтгэх үүрэгт нь сурган дадлагажуулахад анхаарч, сурлагын чанарт ахиц гаргажээ.
Гэвч зэвсэгт хүчний тайван цагийн орон тоогоор байх ёстой бие бүрэлдэхүүний хангалтыг нэмэгдүүлэх, зэвсэглэл, техникийн чанарыг сайжруулах, сэргээн сайжруулалт хийж ашиглалтыг уртасгах, үүрэг гүйцэтгэх боломжийг дээшлүүлэх, зарим сум, галт хэрэглэлийн шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага байна.
Зэвсэгт хүчний ангиуд буудлагын дадлагын талбайтай боловч бусад төрлийн дадлага сургууль хийх төрөлжсөн талбай, сургалтын тренажёр, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж чадаагүй учир цаашид сургалтын төвүүдийг өргөжүүлэн техник хэрэгслээр тоноглох, орчин үеийн дадлагын төхөөрөмжөөр бүрэн хангах хэрэгтэй болжээ.
Зэвсэгт хүчний хэмжээнд тайван цагийн орон тооны хүч хэрэгслээр тусгай үүрэг гүйцэтгэх орон тооны болон орон тооны бус томилгоот бүлгүүдийг томилгоожуулж, тогтоосон хугацаанд бие бүрэлдэхүүн, зэвсэг, техникийг тодотгон ажиллаж байна. Эдгээр томилгоот бүлгүүд хаана ч, хэзээ ч тавигдсан үүргийг биелүүлэх боломжтой байгаа нь эерэг үнэлгээ боловч тэдгээрийг улам чадваржуулах, бэлтгэл сургалтыг тогтмолжуулах, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий бусад байгууллагатай хамтарсан дадлага хийж, гар нийлэмжтэй ажиллагааг хангах шаардлагатай байна.
Бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх түвшинг шалгах үзлэгийг зэвсэгт хүчний анги, байгууллагууд төдийгүй аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабуудад явууллаа.
Манай цэргийн штабууд батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, хугацаат, гэрээт болон дүйцүүлэх албанд иргэдийг элсүүлэх, хүүхэд залуучуудад эх оронч хүмүүжил олгох, цэргийн насны залуучуудын боловсрол, эрүүл мэндийг дээшлүүлэх, цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг цахим мэдээлэлд оруулах, цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэх чиглэлээр хангалттай түвшинд үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа нь үзлэгээр тогтоогдсон байна. Үзлэгээр хурандаа Б.Готовдорж даргатай нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цэргийн штаб, хурандаа И.Дамдинсүрэн даргатай Гоь-Алтай аймгийн Цэргийн штаб хангалттай бэлтгэлтэй байсан байна.
Гэвч ихэнх аймагт Батлан хамгаалах газрыг дэлгэн ажиллуулах талаар дадлага хийгдээгүй, холбогдох албан тушаалтнууд үүргээ мэдэхгүй, дайчилгааны болон дайны үед улсын онц чухал объектыг хамгаалах, дэг журмыг сахиулах, авран хамгаалах, ард иргэдэд туслах чиглэлээр харилцан ажиллах арга хэмжээ тодорхойгүй, батлан хамгаалах газарт шаардагдах төсвийг шинэчлэн тодотгоогүй, сургалт явуулах тусгай хөтөлбөр байхгүй зэрэг нийтлэг дутагдал илэрснийг залруулах шаардлагатай.
Аймаг, нийслэлийн Цэргийн штабын даргыг томилохдоо Засаг даргатай зөвшилцдөг журам зарим тохиолдолд цэргийн боловсон хүчний томилгооны талаар БХЯ-наас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулах хандлага сүүлийн үед гарах боллоо. Иймд “Цэргийн штабын дүрэм” дэх Засаг даргатай зөвшилцөх тухай заалтыг хэрхэн хэрэгжүүлэх зарчмыг тодотгож, дүрэмд тусган, шинэчлэн батлуулахыг яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газарт үүрэг болгож байна.
Дайчилгааны нөөцийн тухайд 2010 онд хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит үзлэгийн мөрөөр авах арга хэмжээг хэрэгжүүлэх ажил удаашралтай байгаа юм байна. Ялангуяа, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, сольж шинэчлэх, сэлгэх, эсвэл нөөц бүрдүүлэх өөр арга зам, хэлбэрийг эрэлхийлэх, дайчилгааны материал хэрэгслийн нөөцийг оновчтой зөв байршуулах талаар онцгой анхаарах цаг болжээ.
2011 онд салбарын ажилтан, албан хаагчдын ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд багагүй ажил амжууллаа.
Цэргийн алба хаагчдыг орон сууцаар хангахад тэргүүн ээлжинд анхаарч 300 айлын албан тушаалын орон сууц нийслэлд шинээр барьж байна. Батлан хамгаалах салбарт нэгэн зэрэг 300 айлын сууц барьж байсан түүх байхгүй юм билээ. Энэ зорилгод улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулахаар болсныг би үгийнхээ эхэнд дурдсан. Түүнчлэн Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид албан тушаалын 40 айлын орон сууц, Баянхонгор аймгийн Баянлиг суман дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 103 дугаар салбарт албан тушаалын 8 айлын орон сууц барьж байна. Хэдэн жилийн турш баригдаж, ажил нь удаашралтай байсан Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн байрлал дахь албан тушаалын 50 айлын орон сууц энэ жилд ашиглалтад орж байна.
Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журмын дагуу Батлан хамгаалах салбарт хуваарилсан 285 байрны квотыг яамны харъяа аж ахуйн нэгж, байгууллагууд болон Зэвсэгт хүчний Жанжин штаб, цэргийн анги, салбаруудад хуваарилж, орон сууцны зээл олгууллаа.
Түүнчлэн нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Хандгайтын цанын баазад Батлан хамгаалах яамны “Хандгайт хотхон”-ын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, эхний ээлжинд батлан хамгаалах салбарт өөрсдийн гэсэн мөрөө үлдээж, үр бүтээлтэй ажиллаж байсан, чөлөөнд байгаа болон үүрэг гүйцэтгэж байгаа 6 генералд хувийн байшинг эдлэн газрын хамт олгоод байна. Ер нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө насаараа зүтгэсэн манай генералууд энэ зэргийн хангамж эдлэх бүрэн эрхтэй гэж ойлгож байгаа.
2011 он манай салбарын хувьд бүтээн байгуулалт, бүтээлч ажлын жил байлаа. Цэргийн “Багабаян” амралтыг түшиглэн “Энхийн төлөө цогцолбор” төв байгуулагдсан тухай өмнө дурдсан. Энэ онд өөр нэг томоохон бүтээн байгуулалт эхэлсэн нь Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн “Цэргийн эмнэлгийн төв цогцолбор”. Энэ цогцолборын гүйцэтгэгч тодорхой болж, төсөв хөрөнгийнх нь дийлэнх хэсэг 2011 оны төсвийн тодотгол болон 2012 оны төсөвт батлагдаж, барилгын ажил цааш эрчтэй явах бүх талын нөхцөл бүрдлээ. Үүний зэрэгцээ эмнэлгийн шинэ цогцолборыг хамгийн орчин үеийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр хангах төслийг Германы нэр хүнд бүхий компани боловсруулаад байна.
Батлан хамгаалах салбарын амралт сувиллын сүлжээг бий болгож, үйл ажиллагааг нь жигдрүүлж чадлаа. “Найман шарга” сувиллын газар, “Шонхор” хүүхдийн зуслан, Аварга тосон дахь рашаан сувилал, Баян-Өлгий аймаг дахь “Саябах” амралтын газар, Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь “Хаан тайж” амралтын газруудыг БХЯ-ны харъяа “Монгол цэрэг жуулчин” төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэн, үйл ажиллагаа, менежментийг нь уялдуулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Үүний үр дүнд алдаг оног ажиллаж ирсэн цэргийн амралт, сувиллын цөөн хэдэн байгууллага үйл ажиллагаа, үйлчилгээний хүрээгээ тэлж, амралт сувиллын шинэ сүлжээ анх удаа ашигтай ажиллаж эхэллээ. Цаашид Архангай аймгийн Хорго, Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур, Өмнөговь аймгийн Говьгурвансайхан зэрэг байгалийн үзэсгэлэнт газар энэ сүлжээний харъяа амралт, жуулчлалын салбаруудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Амралт сувиллын сүлжээ бий болсноор салбарын амралт сувилал, аялал жуулчлалын нэгдсэн тогтолцоо бүрдэж, цэргийн алба хаагчид, тэдний гэр бүл, ахмад дайчид, энхийг сахиулагчдыг хөнгөлөлттэй үнээр амруулж, сувилах, Зэвсэгт хүчний хөгжлийн санд сүлжээний ашгаас тодорхой хэсгийг төвлөрүүлэх, онцгой нөхцөл байдал үүссэн үед сүлжээний барилга, байгууламжийг дайчилгааны даалгавар бүхий сувиллын байгууламж болгон ашиглах зэрэг бололцоотой болж байна.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг жил бүр хамруулж, Зэвсэгт хүчний эрчимжсэн туслах аж ахуй байгуулан цэргийн алба хаагчдыг мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, төмс, хүнсний ногоогоор хямд үнээр хангах ажлыг зохион байгуулж хэвшлээ.
Батлан хамгаалах салбарын шинэчлэлийг улам гүнзгийрүүлж, Зэвсэгт хүчний бэлэн байдал, улс орны батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр ирж буй 2012 онд бид дараахь гол зорилт, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:
- Төрийн батлан хамгаалах бодлого баримт бичгийг батлуулах ажлыг шуурхайлж, Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн орчныг өнөөгийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох,
- Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний хомсдол бий болох нь тодорхой байгааг анхааралдаа авч, цэргийн алба хаах хэлбэр, хугацааг эргэн харж иргэдийг аль болох өргөнөөр цэргийн албанд хамруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
- Дээд боловсролтой залуусыг цэргийн хэрэгт түргэвчилсэн журмаар бэлтгэх,
- Мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх урт, дунд хугацааны бодлого, хөтөлбөр боловсруулах,
- Агаарын цэргийн үндэс суурийг тавьж, түүнийг хөгжүүлэх талаар цогц арга хэмжээ хэрэгжүүлэх,
- Барилга, инженерийн ангиудыг бие бүрэлдэхүүн, хэрэгцээт техник, тоног төхөөрөмжөөр хангаж, улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцуулах ажлыг эхлүүлэх,
- Батлан хамгаалах гадаад арга хэмжээний хүрээнд байгуулсан гэрээ, хэлэлцээр, ярилцаж тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох, явц, үр дүнд нь хяналт тавих механизм бий болгох,
- “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-т тодотгол хийж энхийг дэмжих ажиллагааны 3 дахь батальоныг байгуулах ажлыг шуурхайлж, энхийг дэмжих ажиллагааны бригадын штабыг байгуулах.
- Цэргийн эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж, Цэргийн төв эмнэлгийг тэргүүлэх зэргийн эмнэлэг болгох бүх талын арга хэмжээ авах.
Өнгөрсөн 3 жил гаруй хугацаанд Та бид гар санаа нийлэн хамтарсан Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлж, Засгийн газар тогтвортой ажилласан нь Зэвсэгт хүчний шинэчлэлд томоохон ахиц өөрчлөлт гарах боломж бүрдүүлсэн гэж дүгнэж байна. Улиран өнгөрч байгаа он маань бидний хувьд олон түүхт ой давхцсан, тэдгээрийг угтаж олныг төлөвлөж, ихийг бүтээсэн шинэчлэлийн шийдвэрлэх жил байлаа. Ирэх 2012 он хэдийгээр улс төрийн хувьд сонгуулийн жил байх боловч ажил албаа цалгардуулалгүй, Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрсэн түвшингээ ахиулсан, батлан хамгаалах чадавхийг дээшлүүлсэн жил байх болно.
Он гармагц бид яамныхаа 101 жилийн ойтой золгоно. 100 жилд ганцхан удаа тохиох түүхэн үйл явдлыг хамтдаа угтаж, амжилтаар тэмдэглэсэн манай салбарын хамт олон оны эхнээс дараагийн 100 жилийн ажил үйлсдээ орох болно. Шинэ зуун жилийн ажлын гараа тодорхой төлөвлөсөн зүйлтэй, хөгжлийн чиг хандлагаа зөв тодорхойлсон байх үүднээс Батлан хамгаалахын сайдын хувьд “100 жил-100 санаа” сургалт хэлэлцүүлэг санаачлан зохион байгуулсан маань өнгөрсөн долоо хоногт амжилттай боллоо. Энэ үеэр Та бид хамтран салбарынхаа үйл ажиллагаанд тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх 160 гаруй ажил, арга хэмжээний санал гаргасан. Тэдгээрээс хамгийн оновчтойг сонгож ирэх жилийн салбарын ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг гаргах болно.
Монгол Улсынхаа төлөө хамтдаа зүтгэцгээе!