Иргэн нэг удаа ургийн овгоо солиулж болно

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Иргэн нэг удаа ургийн овгоо солиулж болно

Монголчууд 95 мянга орчим ургийн овог хэрэглэж байна. Боржигон овгийг  боржгон, боржигин гэх зэргээр янз янзаар бичин  хамгийн их буюу 20 хувь нь хэрэглэж байгаа ажээ. Үүнээс гадна тогоруутан овогтой иргэд  Хөвсгөл аймагт 1560, Улаанбаатар хотод 227, Орхонд 123, Дарханд 62, Сэлэнгэд 54, Хэнтийд 17, Төв аймагт 12 байдаг байна. Тэгвэл иргэд анх ургийн овог авах үед алдаа гарах, эсвэл ургийн овгоо буруу авсан гэсэн үндэслэлээ  солиулах хүсэлтэй байдаг. Тиймээс ургийн овгийг  сольж болох эсэх талаар нийслэлийн Бүртгэлийн газрын Иргэний үнэмлэх олголтын хэлтсийн дарга Г.Энхтайванаас тодрууллаа.

-Иргэд ургийн овгоо буруу тодорхойлсон, буруу бичсэн байдаг. Үүнийг сольж болох уу?

-Тухайн иргэн ургийн овгоо буруу тогтоолгосон, эцэг эх, ах дүүсээс нь ургийн овог өөр болсон  асуудал гардаг. Нэг эцэг эхийн хүүхдүүд боловч өөр овогтой байх тохиолдол бий.  Үүнээс гадна бичилбэр нь үг үсгийн алдаатай байна гэсэн асуудал гардаг. Энэ тохиолдолд холбогдох бүртгэлийг хөтлөн явуулах журмын дагуу дээрх асуудлыг шийдэж байгаа. Тухайн иргэний ургийн овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тухай журам байгаа. Түүний дагуу энэ асуудлыг шийдвэрлэнэ.

-Тэгэхээр сольж болно гэсэн үг үү?

-Иргэн хүсэлт гаргасан бол үүнийг  үндэслэн ургийн овог өөр, бичилбэр буруу гэх мэт холбогдох бичиг баримт нотолгоог үндэслэн овог, нэр өөрчлөх бүртгэлийг хийнэ. Овог нэр өөрчилсөн бүртгэл хийгдсэний дараа тухайн иргэний, иргэний бичиг баримтан дээр овог, эцгийн нэр, өөрийн нэрийг өөрчөх асуудлыг хийнэ.

-Тухайн иргэн ургийн овог, нэрээ хэдэн удаа сольж болдог юм бэ?

-Иргэн нэг удаа овог нэрээ өөрчлөх хуулийн заалт бий.  Мөн нэг удаа буцаад хуучин овог нээрээ авах хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн өнөөдөр Боржигон овогтой байлаа гэхэд нэг удаа Харчууд овог авч болно. Гэтэл ямар нэгэн шалтгаанаар Харчууд овогоо сольж, Боржигон овгоо авч болно л гэсэн үг.

-Ургийн овгоо со­лиулах иргэд хаа­на хандаж энэ үйл­чил­гээг авч бо­лох вэ?

-Иргэд өөрийн ор­шин суугаа ха­рьяа дүүргийн бүрт­гэл мэдээллийн та­сагт хандана. Ингэхдээ өөрийн хүсэлт, төрөлтийн тухай лавлагаа, холбогдох өргөдөл, яагаад овгоо солих болсон үндэслэлээ холбогдох нотолгоотой гаргаж өгсөн  тохиолдолд дүүргийн бүртгэл мэдээллийн тасаг энэ бүртгэлийн ажлыг хөтлөн явуулна. Өөрөөр хэлбэл, дээрхийн адил аав, ээжтэйгээ адилхан овогтой болох ч юм уу солих болсон шалтгаанаа бичих юм.

-Үүнээс гадна иргэд иргэний үнэмлэхний гадуурх хамгаалалтын цаасыг хуулаад хаячихдаг. Энэ цаас ямар учиртай юм бэ?

-Иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхний загвар стандартыг Засгийн газраас баталж өгсөн байгаа. Иргэний үнэмлэхний өөрийн бэлдэц үнэт цаасанд орж явдаг. Хэвлэлтэд орж гарахдаа  түүний гадуур Монгол Улс гэсэн нууцлал  бичилбэр бүхий хамгааллатыг нааж өгдөг. Иргэд ашиглах,  хэрэглэх явцдаа түүнийг хуулах, гэмтээх явдал их байдаг. Тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд нийслэлийн Бүртгэлийн газар хамгаалалтын наалтыг дахин нааж өгч байгаа. Гэхдээ иргэний үнэмлэх бүртгэлийн дүрэмд зааснаар иргэний бичиг баримтаа ариг гамтай ашиглах дүрэм журам байгаа. Ямар нэгэн байдлаа хүчингүй болгосон тохиолдолд дахин олгодог.

Э.Пагмадулам

Эх сурвалж: http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж