”АПУ”-гийн ахан дүүс

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

”АПУ”-гийн ахан дүүс

Монголын үндэсний үйлдвэр­лэгчид дунд манлайлагчийн үүрэг гүйцэтгэж буй цөөхөн группын нэг нь “Шунхлай” групп. Энэ группийг үүсгэн байгуулагч нь П.Батсайхан. Тэрбээр одоогийн УИХ-ын дэд дарга Г.Батхүү ахыгаа уруу татаж, ганзагын наймаанд “урвуулсан”-аар үндэсний үйлдвэрлэгчдийн анхны замыг засчээ. Тухайн үед Г.Батхүү гишүүн Украйны Харьков хотын Инженер, эдийн засгийн сургуулийг дүүргэж, Авто тээврийн нэгтгэлд гадаад харилцааны мэр­гэжилтнээр ажиллаж байсан гэдэг. Энэ үед дүү нь “Би паспортоо хаячихсан. Та миний оронд яваад ир” хэмээн өөрийнхөө оронд наймаанд явуулснаар бизнес гэгчийн амтанд орсон аж.

Улмаар Г.Батхүү дарга бизнестээ манлайлагчийн үүрэг гүйцэтгэх болж, П.Батсайхан, П.Батхишиг хэмээх хоёр дүүтэйгээ зах зээлийн нийгэмд хөдөлсөн нь хождог гэдэг зарчим руу эргэлт буцалтгүй оржээ. Ингэхдээ зах зээлийн нийгэмд шилжих тэрхүү он жилүүдэд Монголын хамгийн анхны авто засварын газрыг нээн ажиллуулж, чамгүй амжилт олсон. Үүнтэй зэрэгцээд том ах нь урдын адил төрийн албанд шилжиж, харин ашиг арвинтай бизнесийнхээ эхлэлийг П.Батсайхандаа хариуцуулсан бай­даг.

Тэр үеэс хойш том ахынх нь улс төрийн карьер эрчимжсэн бол “Шунхлай” группийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргө¬жин Монголын төгрөгийн тэр­бумтнуудын манлайд ах, дүү дөрвүүлээ бичигдэх болоод удаж буй. Өдгөө Г.Батхүү гишүүний хувьд Өвөрхангайн сонгогчдын итгэлээр УИХ-ын гишүүний суудалд сууж байгааг бид мэднэ. Харин дүү П.Батсайхан нь “Шунхлай” группээ бүхэлд нь удирдаж байгаа бол удаах дүү П.Батчимэг нь “АПУ трейдинг” компаниа тэргүүлдэг. Мөн отгон дүү П.Батхишигийн хувьд “Шунх­лай” компаниа удирдаж буй. Түүний хувьд ах, эгч нар шигээ хэвлэлээр ил тод гараад байх нь ховор. Тиймээс ч хэвлэлийнхэн Г.Батхүү, П.Батсайхан, П.Батчимэг гурвыг “АПУ”-гийн ах дүү гурав хэмээн биччихээд П.Батхишигийнх нь тухай огт дурсахгүй өнгөрөх нь бий. Г.Батхүү гишүүний ту¬хайд Пунцагийн Гаваа хэмээх өвөөгийнхөө эрх ач нь байсны хувьд өвөөгөөрөө овоглож, өдийг хүрсэн гэх яриа байдаг.

Ах, дүү дөрвийн дундаас хамгийн сүүлд бизнесийн сал­барт хүч түрэн орж ирсэн хүн бол яах аргагүй П.Батчимэг хатагтай нэгэнтээ “Би айлын ганц охин” хэмээн ярилцлага өгч байсан тэрбээр орос хэлний багш мэргэжилтэй. “АПУ трейдинг” ком­панийг удирдаад долоон жилийн нүүр үзэж буй. Мөн Хан-Уул дүүр­гээс нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон бөгөөд Дорнод аймгаас Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болсон. Эндээс харахад ах, дүү дөрөв өөр хоорондоо ярилцааад хоёр нь улс төрд хүч үзэж, хоёр нь бизнесээ дагнаж удирдахаар тохирсон байхыг үгүйсгэх аргагүй. Ямар ч байсан “Монголын хамгийн том группийг амжилттай удирдаж яваа цөөн эмэгтэйн нэг” хэмээх тодорхойлолтдоо сэтгэл хангалуун байдгаа нээлттэй илэрхийлдэг. П.Батчимэг хатагтайн хувьд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчийнхээ хувьд чамгүй ажлыг хийж амжуулсан нэгэн.

Харин П.Батсайхан захирлын тухайд Монголын шилдэг бизнесмэний нэг төдийгүй биеэ авч яваа байдлаараа залууст үлгэр дуурайл болох нь бий. Түүний бусдаас онц­гойрох нэг ялгаа нь уран зургийн цуглуулга. Үүнийгээ баталж Монголд дэлхийн шилдэг уран зургуудыг үнэ хайрлалгүй “импортолсон” ч гайхамшигтай цуглуулгыг нь хэр баргийн хүн үзэж харж чаддаггүй нь харамсалтай. Учир нь П.Батсайхан захирал тэрхүү үнэт баялгаа олны нүдэнд ил байлгахаас зайлсхийдэг бололтой юм билээ. Уг нь Монголд оруулж ирж чадсан юм чинь ганц удаа ч болов олны мэлмийг баясгахад буруудахгүй л байх. Гэхдээ тэр бол өөрийнх нь шийдвэр байх нь ойлгомжтой.

Тэгвэл УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн тухайд харин өөр хэрэг. Юунд дуртай, юунд дургүй нь олны өмнө ил болчихсон. Наад зах нь, “Г.Батхүү гишүүн нохойны, машины, морины цуглуулгатай гэнэ лээ” гэдгийг захын сонгогч хэлнэ. Тэр дундаа өвөрхангайчуудын хувьд энэ сэдэв жинхэнэ нээлттэй зарлал л гэсэн үг. Өөрөө ч үүнийгээ баталж “Толин хул” хэмээх мориндоо зориулж, дууны шүлэг зохион “Ха­ранга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэнгээр дуулуулсан нь өдгөө морио дээдэлдэг мон­голчуудын сүлд дуу болчихсон гэхэд худлаа болохгүй. Харин Г.Батхүү гишүүний нууц авъяас өөр хэр олон дууны шүлгийг бичүүлчихээд байгаа нь тун нууц. Улстөрчийнхөө чанд хатуу зан чанарыг хадгалж үлдэхийн тулд энэ тухай илүү ихийг ярихыг хүсдэггүй байж мэдэх л юм.
Энэ мэтээр дор бүрнээ өөр, өөрийн өнгийг илэрхийлдэг ч хамтдаа “Шунхлай” группийг улам бүр хүчирхэгжүүлэхийн төлөө чар­майж буй тэдний зогсох цэгийг таавар¬лашгүй. Харин П.Батчимэг захирал гэр бүлийнхээ тухай “Бидний хувьд үнэхээр ах дүүсэг хүмүүс. Ямар ч байсан энэ хорвоод сайн ээж, ааваас заяагдаж, бас сайхан ах, дүүтэй учирч төрсөн хувь заяандаа би маш их баярлаж явдаг. Тэд маань миний бахархал. Бие, биеэ дэмжих, урам дэм өгөхдөө бол манай ах, дүү нар хэнээс ч дутахгүй хүмүүс” хэмээн ярьсан нь бий. Магадгүй энэ үг юу, юунаас  ч илүү үнэн учраас “АПУ”-гийн ахан дүүсийн бизнес ийм их амжилттай яваа биз ээ.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж