“Бодлын дайны өрөг” шилдэгт нэр дэвшлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

“Бодлын дайны өрөг” шилдэгт нэр дэвшлээ

“Бодлын дайны өрөг” баримтат кино Монголын кино урлагийн шилдэг уран бүтээлчдийн шалгаруулдаг “Academy Awards-2012” наадамд “шилдэг баримтат кино” номинацид  нэр дэвшлээ. Уг наадам ирэх тавдугаар 12-нд УДЭТ-т болох юм. Уг баримтат кинонд өсвөр үеийн шатрын дэлхийн аварга, Ази тивийн аварга Д.Номин-Эрдэнийн тухай өгүүлдэг. Киноны зураг авалт Д.Номин-Эрдэнэ охиныг Дэлхийн аварга болохоос нэг сарын өмнө эхэлж жил зургаан сарын хугацаанд үргэлжилжээ. Энэ хугацаанд охин Дэлхийн аварга болж мөн дахин Ази болон дэлхийн олон тэмцээнүүдэд оролцохоор гадаад орныг зорин явж, зураг  авалтын  багийнхан ч  чих тавин хүлээдэг байжээ. Шатар бол тактикийн тоглоом, нүүдэл бүрийг марталгүй санах хэрэгтэй. Ялалт бүр амар ирэхгүй. Чухал тэмцээнд ялагдаж, хүнд цохилтод орох үе олон. Арваадхан настай охин олон арван нүүдлийн цаадахыг харж зургаа долоон цагийн турш тэсвэр тэвчээр гарган минут секунд  тутамд толгой амрах завгүй төлөвлөгөө боловсруулан сууна гэдэг хэн хүний дийлэх ажил биш ээ. Аваргын тавцанд зогсч, эх орныхоо нэр хүндийг тив дэлхийд дуурсгах хүртэл хүнд хүчир олон цагийн бэлтгэл сургуулилт хийн амжилтанд хүрсэн Д.Номин-Эрдэнэ охины тухай энэ баримтат кинонд үзүүлдэг байна. Мөн шатрын спорт сонирхолтой, бахархалтай болохыг охины амжилтаар харуулжээ. “Namuun Zet” студийн бүтээл  “Бодлын дайны өрөг”  баримтат киноны санаачлагч, зохиогчоор соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНТВ-ийн сэтгүүлч, редактор Г.Золжаргал, найруулагч, зураглаачаар түүний хүү З.Батбилэг, сурвалжлагч, редактороор М.Батцэрэн нар тус тус ажиллажээ. Тэд өнгөрсөн жил “Тайгын дууч” баримтат бүтээлээр энэ төрлийн шилдгийг хүртэж байсан юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж