Ерөнхийлөгч: Буяннэмэхийн Ганболд
Ерөнхий нарийн бичгийн дарга: Дамбийжавын Тэрбаатар
1930-1945 ОН: Монгол оронд Ардын Хувьсгал ялсны дараагаас эхлэн ЗХУ, Герман улсуудад 1920-иод оны сүүлч, 1930-аад оноос сургуульд явж, эрдэм боловсрол эзэмшсэн Монголын анхны сэхээтэн залуус, мөн ЗХУ-аас манай улсад уригдан ирж ажиллаж байсан мэргэжилтнүүд, орчин үеийн спортын төрлүүдийн нэг болох хөлбөмбөгийн спорт үүсч хөгжихөд үнэтэй хувь нэмрээ оруулсан байна.
Манай улсаас гадаад орнуудад суралцаж байсан оюутан, сэхээтнүүд нь төрөл бүрийн спортоор сонирхон хичээллэхийн зэрэгцээ, амралтаараа болон төгсөж ирэхдээ, спортын хэрэглэл материалууд болох бөмбөг, тор, тэшүүр, цана зэргийг өөрсдийн бололцоогоор Монголдоо авчирч, улмаар үе тэнгийнхэндээ зааж сургаж, үлгэрлэдэг байжээ. Жишээлбэл, Эрхүүгийн Рабфак болон бусад сургуульд цэргийн ба энгийн мэргэжлээр, түүнчлэн биеийн тамирын багшийн мэргэжлээр суралцаж ирсэн Н.Лувсандорж /МХБХ-г үндэслэн байгуулагч, анхны дарга асан/, Аварзэд, Дүгэрсүрэн /ГЯЯ-ны сайд асан/, Доржбат, Чүлтэм, Гончигжамбаа, Сумхүү /УГЗ/, Бавуу, Жадамбаа нарын хүмүүсийг нэрлэж болно.
Улаанбаатар хотын Нисэх бааз, Цэргийн Ерөнхий сургууль, Офицерийн сургууль, Дотоод Явдлын Яамны Төв сургууль, Баянтүмэн, Матадад байрлаж байсан цэргийн ангиуд, Аж үйлдвэрийн комбинат, Налайхын уурхайд ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүд, тухайлбал, ДЯЯ-ны төв сургуулийн сургагч Рахимов, ЦЕС-ийн сургагч Полищук, Налайхын эмч Козлов зэрэг олон мэргэжилтэн хөлбөмбөгийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн нөлөөлж, манай анхны хөлбөмбөгчдөд хөлбөмбөгийн цагаан толгойг зааж сургаж байжээ.
1930-аад оны үед МХЗЭ-ийн Төв Хорооны дэргэдэх Биеийн тамирыг сайжруулах хэлтэс нь өөрийн орны тэргүүний сэхээтнүүд болон ЗХУ-ын мэргэжилтнүүдийн санал санаачилга, туслалцаанд түшиглэн, хүүхэд залуучуудыг орчин үеийн спортын төрлүүд болох хөлбөмбөг, волейбол, цана, тэшүүр, гимнастикийн спортод сургах зорилгоор янз бүрийн дугуйлан ажиллуулж байсан байна.
1931оны VIII сарын 9-нд “Биеийн тамирыг сайжруулах стадион”-д /голын цэнгэлдэх/ Хөлбөмбөгийн дугуйлангийнхан 2 баг зохион байгуулан тоглож, хотын хөдөлмөрчид, залуучуудад сонирхуулан сурталчилсан нь ихээхэн ач тусаа өгчээ. Үүнээс хойш Улаанбаатар хотын сургуулиуд, цэргийн ангиуд, үйлдвэр зэрэг залуучууд олноор цугларсан газруудад хөлбөмбөгийн дугуйлангууд бий болж байжээ.
Энэ үеийн дугуйлангуудыг багийн “капитан” /ахлагч/ хошуучилж байсан байна. Тэр үед багш дасгалжуулагч гэж байхгүй байсан бөгөөд дугуйлангууд нь зохион байгуулалт тааруухан, зөвхөн сайн дураараа, сонирхлоороо нэгдсэн, урсгал шинжтэй байжээ.
1930-аад оны дунд үе гэхэд Улаанбаатарт хөлбөмбөгийн 4 баг бий болж, 50 орчим тамирчинтай болсон байна.
1936 оны VIII сарын 31-нд Налайхын уурхайн дугуйлангийнхан, Козлов нарын зөвлөлтийн мэргэжилтнүүдийн багтай анхны албан ёсны уулзалт тоглолтыг зохион байгуулжээ.
1930-аад оны эцсээр манай улсын зүүн хязгаарт япончууд хилийн будилаан үүсгэж, улмаар Халхын голын дайн болж, Европт Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн зэрэг нь манай орны спортын хөгжилтөнд төдийгүй улс орны хөгжил цэцэглэлтэнд ихээхэн саад бэрхшээл учруулсан байна.
1946-1958 ОН: Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, 1945 оны эцсээс эхлэн улс орны улс төрийн байдал тогтворжин сайжирч, хүүхэд залуучууд биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл бололцоо бий болж, хичээллэгчдийн тоо нэмэгдэж, төр засгаас тавих анхаарал халамж дээшилж эхэлжээ. Үүний нэг жишээ бол 1946 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны УТТ-ноос, Ардын Хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмаар биеийн тамирчдын жагсаал, Спартакиад зохион байгуулж явуулахыг Баяр Наадмын Төв Комисст даалгасан байна.
Баярын Төв Комиссын хуралдаанаас, Улаанбаатар хотод биеийн тамир, спортын сайн дурын байгууллагуудыг байгуулах шийдвэр гаргаж, Мал Тариалангийн яам болон түүний харъяа байгууллагуудын тамирчдыг нэгтгэсэн БТС-ын сайн дурын “Ард” нийгэмлэг, Ардын Гэгээрлийн яам, түүний харъяа байгууллагууд, соёл урлагийн газруудын тамирчдыг нэгтгэсэн БТС-ын сайн дурын “Соёл” нийгэмлэг, Аж Үйлдвэрийн яам, түүний харъяа газрууд, хүнс, тээврийн байгууллагуудын тамирчдыг нэгтгэсэн БТС-ын сайн дурын “Хөдөлмөр” нийгэмлэг, Цэргийн Явдлын яам, түүний харъяа анги нэгтгэлүүд, сургууль, үйлдвэр аж ахуйн байгууллагуудын тамирчдыг нэгтгэсэн БТС-ын сайн дурын “Цэрэг” нийгэмлэг, Дотоод Явдлын яам, Хязгаарын цэргийн газрын тамирчдыг нэгтгэсэн БТС-ын сайн дурын “Хилчин” нийгэмлэг гэсэн биеийн тамир, спортын таван байгууллагатай болжээ.
Мөн онд БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор, Биеийн Тамирын Төв Зөвлөлийг, БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Биеийн Тамирын Хэрэг Эрхлэх Хороо болгон өөрчилж, аймгуудад Биеийн Тамир, Спортын Хороодыг байгуулжээ. Эдгээр арга хэмжээ нь манай оронд биеийн тамир спорт хөгжин дэлгэрч, цаашид хөгжих аятай нөхцлүүдийг бий болгож байсан ба үүний зэрэгцээ материаллаг баазуудыг олноор байгуулж эхэлжээ.
Ардын Хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмын /Спартакиадын/ хөлбөмбөгийн тэмцээнд 6 баг оролцон тэмцэлдэж, “Хилчин” нийгэмлэгийн Жадамбаа ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, 2-р байрт Нисэх баазын Д.Сандагдорж ахлагчтай баг оржээ. Ийнхүү анхдугаар Спартакиадын аварга болсон “Хилчин” багийг “Чемпион” цол, цомоор шагнаж, тамирчдыг нь “Рекордоч” цол, баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнажээ.
“Хилчин” баг 1946-1950 онд Улс хувьсгалын ойн баяр наадмын тэмцээнд дараалан тэргүүн байранд орж, “Чемпион” цол, цомоо хадгалжээ.
Ардын Хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмын үеэс эхлэн, наадмаар явагддаг спортын тэмцээнүүдийг “Спартакиад” гэж нэрлэж, тэргүүн байранд шалгарсан тамирчдыг “Рекордоч” цол, багуудыг нь “Чемпион” цолоор шагнаж байжээ. Жишээлбэл, тамирчин Агваандугар хөлбөмбөгийн ”Рекордоч”, 100м-ийн уртын харайлтын ”Рекордоч”, тэшүүрийн ”Рекордоч” цолуудыг авч, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж байжээ.
1951онд Ардын Хувьсгалын 30 жилийн ойн баяр наадмын VI Спартакиадын хөлбөмбөгийн тэмцээнд, “Цэрэг” нийгэмлэгийн Ц.Отгон ахлагчтай баг түрүүлж, “Хилчин” нийгэмлэгийнхний эзэгнэж байсан “Чемпион” цол, цомын эзэн болж, тамирчид нь ”Рекордоч” цол хүртжээ.
Ардын Хувьсгалын 31жилийн ойн баяр наадмын VII Спартакиадын хөлбөмбөгийн тэмцээнд “Ард”, “Хөдөлмөр”, “Хилчин”, “Цэрэг”, “Соёл”-ын 1, 2-р багууд оролцон тоглож, “Соёл” нийгэмлэгийн Л.Раднаабазар ахлагчтай 1-р баг түрүүлж, Монгол улсын Зэвсэгт хүчний “Цэрэг”, Хилчин” нийгэмлэгүүдийн 6 жил эзэгнэсэн “Чемпион” цол, аваргын цомыг шилжүүлэн авчээ.
1950-иад он бол Монголын биеийн тамир, спортын хөгжилд ихээхэн түлхэц өгсөн он жилүүд байлаа. Нийслэл Улаанбаатар хот, 18 аймгийн БТСХороодын дарга нар, Улсын шилдэг тэргүүний тамирчдын төлөөлөгчид оролцсон Улсын зөвлөлгөөн 1953оны XI сарын 23-нд Улаанбаатар хотод болжээ. Энэ зөвлөлгөөнд БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх улсын БТС-ын Хэрэг Эрхлэх Хорооноос “Манай улсын дотор хөгжиж байгаа биеийн тамир спортын хөгжлийн тухай” гэсэн илтгэл хэлэлцүүлжээ. БТС-ын ажлын ололт, дутагдал, шинээр байгуулагдаж байгаа коллективуудын /хамтлагууд/ ажлын чиглэл зорилгыг заасан илтгэл болжээ гэж зөвлөлгөөний төлөөлөгчид дүгнэж, тус зөвлөлгөөнөөс “БТС-ын ажлыг өрнүүлэн хөгжүүлэх талаар” Монголын бүх тамирчид, залуучуудад хандаж уриалга гаргажээ.
Дээрх зөвлөлгөөний шийдвэр нь, хөлбөмбөгийн спортын цаашдын хөгжилтөнд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.
МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1953оны IX сарын 17-ны өдрийн хурлын тогтоолд, БНМАУ-ын Биеийн тамирчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор, улсын IX Спартакиадыг зохион явуулах тухай тодорхой чиглэл, хөтөлбөрийг гаргажээ.
Ийнхүү 1954 оноос эхлэн, Монголын тамирчдын баярыг жил бүрийн IX сарын 5-нд тэмдэглэж байхаар болж, 1954 оны IX сарын 5-9-нд Улаанбаатар хотод зохион явуулжээ.
IX Спартакиадын хөлбөмбөгийн тэмцээнд Соёлын 1, 2-р баг, Цэрэг, Хилчин, Хөдөлмөр, Ард нийгэмлэгүүдийн 6 баг оролцож, “Соёл”-ын Л.Раднаабазар ахлагчтай баг 1-р байр, “Соёл”-ын П.Галсан ахлагчтай 2-р баг 2-р байрыг тус тус эзэлжээ.
1955 онд, Ардын Хувьсгалын 34 жилийн ойн хөлбөмбөгийн тэмцээнд 6 баг тоглож, “Соёл”-ын 2-р баг түрүүлж, “Соёл”-ын 1-р баг 2-р байранд орсон байна.
1955 онд анх удаа Улсын аварга шалгаруулах тэмцээн 7-8-р сарыг дамнан Голын цэнгэлдэхэд зохион байгуулагдаж, тэргүүн байр эзэлсэн багуудыг алт, мөнгө, хүрэл медалиар шагнажээ. Тэмцээнд 5 баг оролцон тойргоор тоглож, “Соёл” нийгэмлэгийн А.Болд ахлагчтай баг 1-р байранд орж алтан медаль, “Хөдөлмөр” нийгэмлэгийн Н.Дамдинжав ахлагчтай баг 2-р байранд орж мөнгөн медаль хүртжээ.
Анхны УАШТ-ний дараа, Монголын тамирчдын баяраар, 1955 оны IX сарын 5-нд, Улсын аварга “Соёл” нийгэмлэгийн А.Болд ахлагчтай баг, Улаанбаатар хотын ойролцоо байрлаж байсан Зөвлөлтийн 17-р армийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, багийн ахлагч А.Болд 1гоол оруулж, Улсын аварга багийн ялалтаар өндөрлөжээ. Үүний дараа IX сарын дундуур, Улаанбаатар хотын тэргүүн шалгаруулах тэмцээн болж байжээ.
1950-иад оны үед Улаанбаатар хотод “Соёл” нийгэмлэгийн хэмжээнд хөлбөмбөгийн спорт илүүтэй хөгжиж, олон тэмцээнд манлайлж байснаас гадна Офицерийн сургууль, ДЯЯ-ны Төв сургууль, Санхүүгийн техникум, ерөнхий боловсролын сургуулиудын багууд олноор төрж, тэдгээрийг багийн ахлагч нар нь манлайлан, бүх шатны уулзалт, уралдаан тэмцээнүүдэд оролцдог байв. Мөн түүний зэрэгцээ, гудамжны багууд ч олноор бий болж байлаа.
Тухайн үед сайн дурын үүсгэл санаачилга, өөрсдийн хүсэл сонирхлоороо байгуулагдаж байсан багуудын ахлагч болон багийн доторх манлайлан тоглогч идэвхтэй залуучууд, өөрсдийн ажиллаж сурч байгаа орчиндоо, найз нөхөд, үе тэнгийнхнийгээ хошуучлан манлайлж, хамт олныхоо дунд хөлбөмбөгийн спортыг сурталчлагч, дасгалжуулагч, зохион байгуулагчийн үүргийг гүйцэтгэж байсан нь, тухайн цаг үедээ хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэн дэлгэрүүлэхэд болон тоглолтын техник тактикийн уран чадвар, мэдлэг, дадлагыг өсгөн хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан нь дамжиггүй юм.
1956 онд БТС-ын нийгэмлэгүүдийн хувьд хоорондоо нэгдэх, шинээр бий болох зэрэг өөрчлөлтүүд гарсан бөгөөд өмнө нь байсан “Цэрэг”, “Хилчин” нийгэмлэгүүдийг нэгтгэн, БТС-ын “Алдар” нийгэмлэгийг байгуулж, “Ард” нийгэмлэг нь “Хоршоолол” нэртэй болж, мөн БТС-ын “Замчин”, “Туяа” нийгэмлэгүүд бие даан шинээр байгуулагдсан байна.
Мөн онд БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх БТС-ын Улсын Хорооны даргаар Монгол улсын домогт жанжин, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн томилогдон ирсэн байна. Мөн оноос, БТСУХ-ны дэргэд Монгол улсын шигшээ багууд байгуулагдаж эхэлсэн бөгөөд хөлбөмбөгийн шигшээ багийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, дасгалжуулагч, тамирчдыг цалин, хувцас хэрэглэлээр хангаж эхэлсэн байна.
Энэ оноос эхлэн, тамирчид наадмын өмнө сар шахам хугацаанд нэгдсэн цугларалтанд гарч, бэлтгэл сургуулиа базаадаг болж эхэлжээ. Наадмын нийтийн гимнастикийн тоглолтыг бэлтгэх ажлыг удирдахаар ЗХУ-аас мэргэжилтнүүд уригдан ирж, монгол мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан ба улмаар наадмын дараа ЗХУ-ын спортын гавъяат мастер Павел Александрович Севастъяновыг хөлбөмбөгийн мэргэжилтнээр урин ирүүлсэн байна.
Ардын Хувьсгалын 35 жилийн ойн баярын хөлбөмбөгийн тэмцээнд Соёл, Хөдөлмөр, Хоршоолол, Алдар нийгэмлэгүүдийн баг оролцон тоглож, Хөдөлмөр нийгэмлэгийн баг 1-р байр, Алдар нийгэмлэгийн баг 2-р байранд оржээ.
Наадмын дараа болсон Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс П.А.Севастьянов, Н.Лувсандорж нар ажилчин залуучууд, оюутан сурагчдын хөлбөмбөгийн дугуйланд хэсэг тамирчдыг сонгон бэлтгэл хийлгэж эхэлжээ.
Тэд Голын цэнгэлдэхэд хаалганы 2 тор нэгтгэн холбоод, мэргэн өшиглөж сургах, ханан хаалга босгож, 20-иод бөмбөгтэйгээр, бэлтгэлийг 7 хоногт 6 удаа хийлгэж байв. Мөн оны IX, X сард ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнийг, бага, дунд, ахлах ангиар нь ялгаж явуулаад, дараа нь гурван насны ангиллын дугуйланг ажиллуулж, байнгын бэлтгэл хийлгэх болжээ.
БТСУХ-ны дарга Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар байгуулагдсан хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд, дасгалжуулагчаар ЗХУ-ын спортын гавъяат мастер П.А.Севастъянов, орчуулагч, туслах дасгалжуулагчаар, тухайн үеийн нэрт тамирчин, багш Н.Лувсандорж, хаалгачаар Ч.Нэргүй /МУИС-ийн оюутан/, Ц.Чомбуу /МУИС-ийн оюутан/, тоглогчдоор, Ц.Сагар, Н.Дамдинжав /”Хөдөлмөр”/, Г.Шархүү /5-р сургууль, “Соёл” нийгэмлэг/, Б.Рэндоо /5-р сургууль/, Ж.Батсүх /МУИС, “Соёл”/, Л.Сандагдорж /3-р сургууль, “Соёл”/, Ж.Авгаанпунцаг /1-р сургууль, “Хоршоолол”/, М.Пүрэвжал /1-р сургууль, “Хоршоолол”/, Г.Банзрагч /3-р сургууль, “Соёл”/, В.Долгормаа /2-р сургууль, “Соёл”/, Ц.Бадрах /2-р сургууль, “Хөдөлмөр”/, Г.Билэгт /2-р сургууль, “Соёл”/, Ц.Дамбажанцан /”Хөдөлмөр”/ нарын тамирчид орсон байв.
1956 оны IX сард, Монголын хөлбөмбөгчдийг төлөөлж, “Замчин” нийгэмлэгийн хөлбөмбөгчид БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хот, Жинин хотуудын төмөр замчдын багтай анх удаа хилийн чанадад уулзалт тоглолт хийж, 1хожиж, 1тэнцэж, 1хожигдсон дүнтэй нутагтаа иржээ.
1957 онд П.А.Севастьянов, Н.Лувсандорж нар шигшээ багийг түшиглэн хөлбөмбөгийн шүүгч, нийтийн зааварлагч нарын курс, семинарыг, 45-90 хоногийн хугацаатайгаар явуулж, зэрэгтэй шүүгчид, хөлбөмбөгийн багш 50 шахам хүнийг бэлтгэн гаргасан нь хөлбөмбөгчдийн бэлтгэл сургуулилтыг удирдан явуулах зохих хэмжээний чадвар дадлагатай анхны дасгалжуулагч, анхны боловсон хүчнүүд байжээ. Багш шүүгч мэргэжлээр, шигшээ багийн тамирчин Ч.Нэргүй, Ц.Бадрах, Л.Сандагдорж, Г.Банзрагч, В.Долгормаа, Г.Билэгт нар, нийтийн зааварлагч багшаар Г.Шархүү, Ц.Сагар, Н.Дамдинжав, Ж.Авгаанпунцаг нарын хүмүүс бэлтгэгдэн гарч байлаа.
1957 оны Наадмын дараа “Замчин” нийгэмлэгийн баг Өвөрмонголын төмөр замчдын багийг Улаанбаатар хотод хүлээж авч, уулзалт тоглолт хийхэд, Замчин баг илт давуу байдлаар тоглож, 5 : 0-ын харьцаагаар хожсон бөгөөд энэ тоглолтыг шигшээ багийн тоглогч Л.Сандагдорж талбайд шүүж, хажуугийн шүүгчээр Б.Баяр, Амарсанаа нар ажилласан байна.
1957 оны УБ хотын АШТ-д “Замчин” баг аварга болж, “Хөдөлмөр” баг 2-р байр, “Соёл” баг 3-р байранд орж, “Замчин” багийн тамирчдад Спортын 1-р зэрэг, “Хөдөлмөр” багийн тамирчдад Спортын 2-р зэрэг, “Соёл” багийн тамирчдад Спортын 3-р зэргийг тус тус олгосон байна. Ийнхүү хөлбөмбөгийн тамирчдад анх удаа Спортын зэрэг цол олгож эхэлжээ. Мөн онд зэрэгтэй шүүгчидтэй болж, Ч.Нэргүй, Л.Сандагдорж, Г.Банзрагч, В.Долгормаа нар Шүүгчийн 2-р зэрэг, Ц.Дамбажанцан, Ц.Бадрах, С.Батнасан нарын зэрэг хүмүүс 3-р зэргийн шүүгчид болж, үнэмлэх, тэмдэг хүлээн авчээ.
1958 оны хавар Монгол улсын шигшээ баг анх удаа хилийн чанадад тоглолт хийхээр БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шанхай хотуудаар явж, 45 хоногийн бэлтгэл сургуулилт хийж, эдгээр хотуудын багтай 7 тоглолт хийж, 2 хожиж, 1 тэнцэж, 4 хожигдсон дүнтэйгээр ирсэн байна. Шигшээ багийн дасгалжуулагчаар П.А.Севастьянов, тамирчдаар Ч.Нэргүй, Ц.Чомбуу, Ц.Сагар, Н.Дамдинжав, Ц.Бадрах, Ц.Дамбажанцан, Л.Сандагдорж, Г.Банзрагч, В.Долгормаа, Г.Шархүү, М.Пүрэвжал, Б.Рэндоо, Г.Дашдондог, Г.Цэрэндорж, Ч.Болд, М.Зориг нар явжээ.
Шигшээ баг 1958 оны VI сард Буриад АССР-ийн Улаан-Үд, Иркутск хотуудад аялан тоглолт хийж, Улаан-Үдийн “Локомотив” багтай 2 : 2, “Шахтер” багтай 1: 1-ээр тэнцэж, Иркутск хотын “Ангара” багт 1: 5, Иркутск хотын шигшээ багт 0 : 6-гаар тус тус хожигдож ирсэн байна.
Шигшээ баг мөн оны VII сард БНУАУ-ын Залуучуудын шигшээ багийг эх орондоо хүлээн авч, 2 тоглож, 1: 5, 1: 6-гаар хожигджээ. Унгарын багтай хийсэн 3дахь тоглолтыг “Хоршоолол” нийгэмлэгийн Самдан ахлагчтай баг хийж, 0 : 13-аар хожигдсон байна. “Хоршоолол” баг нь 1958 оны УБ хотын АШТ-д түрүүлсэн байжээ.
Манай улсад урилгаар ирж ажилласан, ЗХУ-ын мэргэжилтэн, спортын гавъяат мастер П.А.Севастьяновын томилолтын хугацаа дуусч, 1958 оны VIII сард эх орондоо буцжээ.
Хаяг: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 1-р хороо, Хөлбөмбөгийн Төв
Утас: 345964, 99182544
Website: www.the-mff.mn