Хараал идсэн НҮҮРС ба Х.Баттулга Хятадад үйлчилсэн үү!

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

Хараал идсэн НҮҮРС ба Х.Баттулга Хятадад үйлчилсэн үү!

Хараал идсэн НҮҮРС ба Х.Баттулга Хятадад үйлчилсэн үү!

Үндэсний телевизээр өнгөрөгч Бямба гаригт ийм нэгэн хэлэлцүүлэг болов.

Т.Доржханд: Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа ҮАБЗ дээр оффтейк гэрээнүүдийг төрийн нууцад хамруулж, өөрийн эргэн тойрныхондоо шууд өгчихсөн. Нүүрсний хулгай эндээс эхтэй.

Жагсагчид: Нүүрсний хулгайчдынхаа нэрсийг зарлаач ээ.

Х.Нямбаатар: Т.Доржханд гишүүн бараг хэлчихлээ.

Цогтоо: Зарлахгүй юм байна л даа, хэдүүлээ гарцгаая.

Энтертайнмент нь “ихэдсэн” энэхүү хэлэлцүүлгээс ганц авууштай нь нүүрсний гол хулгайчийг олон нийтийн телевизээр нэр заан зарласан явдал байлаа. Үүнээс нэг өдрийн өмнө буюу Баасан гаригт Х.Баттулгын төрийн нууцад авсан оффтейк гэрээнүүдийг У.Хүрэлсүх төрийн нууцаас гаргах чиглэл өгсний дагуу Засгийн газар олон нийтэд ил болгосон юм. Эндээс Х.Баттулга, Д.Баясгалан нар хэрхэн мөнгө угаасныг, 1-1.5 сая орчим ам.доллараар баригддаг төмөр замыг “Бодь” групп 5 сая ам.доллараар барихаар нууцалсныг, “Эрдэнэс Тавантолгой” компани 2024 он дуустал “Бодь”-д нэг тонн нүүрсээ 60 ам.доллараар бартердахаар гэрээлснийг бүгд олж үзлээ, харлаа. “Манай нохой” үнэндээ хэн байсныг тэрхүү оффтейк гэрээнүүд баталлаа, нотоллоо. Ядаж байхад тавьсан төмөр зам нь мухар гэж байгаа. Үүнийх нь төлөө Х.Баттулгаас ял асуух ёстой юу гэвэл ёстой.

ХАРААЛД ИДЭГДСЭН МОНГОЛ

Баялгийн хараал Монгол Улсыг сүйрүүлж байна. Баян, ядуугийн ялгаа улам томорч, Баянхошуу, Зайсан гэх хоёр давхарга хэдийнэ бий болжээ. Нэг хэсэг нь хэдэн их наядын хулгай, луйвраа бодож суухад нөгөө хэсэг нь хоолны мөнгөө тоолж сууна. Ийм учраас л иргэд бухимдсан, төв талбай дээрээ гарч ирсэн. Иргэдийн жагсаал дундуур нүүрсний бүлэглэл өөрийн жүжигчдээ шургуулж чадсан. Тиймээс “тавилттай” жагсагчдад Засгийн газраас зарласан нүүрсний хулгайчдын нэрс таалагдсангүй ээ. Тэгэхээр тэдний зорилго шал өөр, “нүүрсний хулгай"-тай тэмцэх биш байна гэсэн үг.

Монголд асар их баялаг, асар их мөнгө сул байна. Гэвч энэ их баялгаас орж ирж буй мөнгө ард иргэдийн амьдралд наалдаж өгсөнгүй. Ард иргэдийн дийлэнх нь өрөөс өрийн хооронд амьдарч, албан тушаалтнуудын хулгайлсан мөнгө амаар нь сагаж байна. Бүр байтлаа хулгайлсан нүүрсний хэмжээ, хулгайлагдсан мөнгөө тоолж чадахгүй болтлоо хараалд идэгджээ. Энэ их баялгийг, энэ их мөнгийг зөв зарцуулсан бол Монгол аль хэдийнэ Япон лугаа хөгжиж, Сингапур шиг баяжчихсан байх байлаа. Авчиг алт сандайлсан гуйлгачин хэвээрээ үлджээ.

Манай улстөрчид байсхийгээд Норвегийн Баялгийн сангаас туршлага судалж ирдэг. Баялгийг тэгш хуваарилна гэж байнга ярьдаг. Харамсалтай нь, үнэндээ баялгийг цөөнх нь хуваан хүртэж, “ганцаараа идсэн гахайнууд таргалсаар” иржээ.

Экс Ерөнхийлөгч Х.Баттулга “Байгалийн баялгийг ард түмний өмч болгоно” гэж 2017 онд амалж байв. Атал баялгийн хамгийн том хулгайчаар Х.Баттулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр нэрлэж, зарлаж байна. Тэрбээр “2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг барих гэж байхад зогсоосон хүн нь Х.Баттулга. Бондын 280 сая ам.доллараар төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн Х.Баттулга. “Бодь интернэшнл” төмөр зам бариулж, төрийн нууцад авсан хүн нь мөн Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой” гэж. Зүй нь Х.Баттулга шалгагдах ёстой биш, түүнийг шалгах ёстой юм.

МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ!

Түүнийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монголын эмгэнэл" гэж тодорхойлсон байна лээ, магад ч үгүй. Харин Д.Төрмөнхийн сайн мэдэх Х.Баттулга Гашуунсухайтын төмөр замыг гацаасан гол хүн мөнөөсөө мөн. Ямар ч байсан Х.Нямбаатарын хэлсэн хувийн хэвшлийнхэн аль хэдийнэ барьж, ашиглалтад оруулчих байсан төмөр замыг улстөржүүлж, Монголын хөгжлийг 14 жилээр хойш татсан нь үнэн. Адаглаад 2015 онд М.Энхсайханы боловсруулсан төслөөр “Эрдэнэс Тавантолгой” компанийг стратегийн хөрөнгө оруулагчдад өгчихсөн бол шууд төлбөрт  нийтдээ дөрвөн тэрбум, үүнээс дэд бүтцийн хөрөнгө оруулалтад гурван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байх байлаа. Монгол Улс хуулийн дагуу бүх татвар хураамжаа авахаас гадна тэд 5-8 хувийн роялти төлөх байлаа.

Үнэндээ “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний 75 хувийг БНХАУ-ын зах зээлд, 25 хувийг Япон, Солонгос, Энэтхэг зарах байсныг Х.Баттулга гацааж, болиулсан нь гашуун үнэн. Төмөр зам барина гэж "Чингис" бондын 280 сая ам.доллараар шороо овоолоод, БНСУ-ын “Самсунг Си Энд Ти” гэх компаниар мөнгө угаасан, түүнийг нь Монголын Засгийн газар төлсөн нь болсон явдал. Х.Баттулгаас болж өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ сорчлон, уурхайн аман дээрээсээ “нинжадан” зарж байгаа нь бас бодит үнэн.

Х.Баттулгын төрийн нууцад авсан, “Бодь”-ийн барьсан төмөр замаар харамсалтай нь Монголын нүүрс хэзээ тээвэрлэгдэх нь тодорхойгүй. Овоолсон шороо шигээ ХХI зууны хамгийн том “үзмэр” болж үлдэхийг ч үгүйсгэх аргагүй. Үүнийг ашиглахын тулд монголчуудад ахиад мөнгө хэрэгтэй.

БАДАРЧИН ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ!

Л.Оюун-Эрдэнэ олон гал өөр дээрээ дуудсан нь "Оюутолгой", “Эрдэнэт”, Хөгжлийн банкны хэрэг…. одоо энэ нүүрсний хулгай. Хөгжлийн банкийг тонож идсэн хүмүүстэй тэмцэхэд лав найм, есөн сар болсон. Мэдээж ямар ч тэнэг "Би хулгай хийсэн” гээд амархан буугаад өгчихгүй. Шалгана, тогтооно, шүүхдэнэ. Нүүрсний хулгайчидтай тэмцэхэд хүнд, улс төр талдаа “амаргүй” нөхцөл үүссэн нь ч үнэн. Иргэдийн хувьд үнэн, шударга ёс ялаасай гэж хүсдэг. Улс төрд хэн мөнгөтэй, хүчтэй нь дийлдэг. Өнөөдрийн хувьд нүүрсний бүлэглэл мөнгөтэй, жагсагч захиалах хэмжээний бяртай байна.

Үндсэндээ Монголын нүүрсний хэрэгт Хятад, Монголын компаниуд оролцсон гэж ЦЕГ мэдээллээ. Монголын талаас 2019 оноос эхлэн нүүрсний хулгайн мэдээллийг өгөх хүсэлтийг хоёр ч удаа тавьсан боловч Хятадын тал хүлээн зөвшөөрөөгүй байна. Тэгэхээр наашаа хараад Х.Баттулга Хятадын эсрэг суртал ухуулга явуулж, цаашаа хараад Монголын нүүрсийг үнэгүйдүүлэх Хятадын бодлогыг хэрэгжүүлдэг байсан уу гэсэн асуулт, хардлага зэрэгцэж байна. Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нарийн царигаар баригдсан бол нүүрсний зах зээлд Монгол Оросын том өрсөлдөгч, "Эрдэнэс Тавантолгой"-н угаах үйлдвэр аль 2015 онд баригдсан нөхцөлд Хятадын хувьд өндөр үнээр угаасан, баяжуулсан нүүрс Монголоос авахад хүрнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Монголын нүүрсний хулгай аль ч утгаараа хоёр хөрш Хятад, Орост ашигтай болсон. Тиймээс Х.Баттулга хоёр их гүрний захиалга даалгавраар ажилладаг "агент" байгаагүй гэдгээ бас батлах шаардлагатай болж байна гэсэн үг.

Гашуунсухайтын төмөр зам, Сайншанд, Шинэ сум, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд том мөнгөтэй, их дүнтэй хулгай луйврын ард Х.Баттулгын нэр байнга яригддаг, бичигддэг. Хэрэвзээ Х.Баттулга үнэхээр хулгайч мөн юм бол үүнийг хууль шүүх нь тогтоогоод, хариуцлага тооцох цаг болсон.

Харин Х.Баттулга хулгай хийгээгүй юм бол гутлаа тосолж, зангиагаа зүүгээд, хулчийж зугталгүй, айж нуугдалгүй хууль шүүхийн өмнө очиж, түүнийгээ нотлох хэрэгтэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж