Жагсаалыг албадан тараах захирамж гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Жагсаалыг албадан тараах захирамж гаргажээ

Жагсаалыг албадан тараах захирамж гаргажээ

Нэмэлт: 19:55 цаг 

Жагсаалыг албадан тараах шийдвэр гаргасан талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дөнгөж сая мэдээллээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар  жагсаалыг хоёр цагийн хугацаанд тараах санал хүргүүлжээ. Хэрвээ жагсагчид хоёр цагийн дотор тарахгүй бол албадан тараах захирамж гаргасан байна. Мөн талбайд цугларсан иргэдийн 90 орчим хувь нь оюутан залуус байгаа гэдгийг мэдээллээ.

Хууль зүйн яамны ТНБД П.САЙНЗОРИГ: 

Жагсаалд насанд хүрээгүй хүүхдүүд оролцож байна. Үүнд хүүхдийн ар гэр, асран хамгаалагчид анхаарал хандуулах хэрэгтэй. Жагсч байгаа зарим иргэд гэмтэх болоод эрүүл мэндээрээ хохирох нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Өнөөдрийн хууль сахиулах ажиллагааг хийж буй алба хаагчид тодорхой хэмжээнд бэртэж гэмтсэн тохиолдол гарлаа. Жагсаал цуглааны үеэр шахцалдаж дөрвөн иргэнд эмнэлгийн байгууллагад хүргэгдээд байна. Цуглааны нөхцөл байдал амаргүй байгаа учир хууль бус үйл ажиллагаанд татагдан оролцож, аливаа үйл ажиллагааг өдөөн дэвэргэх үйл ажиллагааг зогсоохыг зарим иргэдээсээ уриалж байна. Монгол улс жагсаал цуглаан зохион байгуулах хуультай энэ хүрээнд Нийслэлийн хэмжээнд явагдаж буй цуглааныг Нийслэлийн засаг даргаас зөвшөөрөл авч бүртгүүлэн хийдэг. Энэ цуглаан бүртгэлгүй дээр нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэж, төрийн тусгай хамгаалалт руу хүч хэрэглэн халдаж байгаа нөхцөл байдалтай байна. Иймээс жагсаал цуглааныг хуульд заасан журмын дагуу албадан тараах Нийслэлийн засаг даргын захирамж 19:00 цагт гарлаа. Энэ захирамжид албадан тараахаас гадна жагсаал зохион байгуулж байгаа болон оролцож байгаа этгээдүүдэд тараах сануулгыг хоёр цагийн хэмжээнд хэрэгжүүлнэ.

НЭМЭЛТ: 17:50

Төрийн ордны хамгаалалтын албаны дөрвөн хүний толгойг хагалжээ. Хууль бусаар нүүрс хил гаргасан этгээдүүдийг нэрсийг зарлаж, хариуцлага хүлээлгэхийг шаардаж буй жагсагчид дөнгөж сая Төрийн ордон руу дайран гол хаалгаар нэвтрэн орлоо. Энэ үеэр Төрийн ордны хамгаалалтын албаны 4 хүний толгойг хагалсан хэрэг гарлаа. Мөн иргэд  бие биенээ түлхаж, эмх замбараагүй байдал үүсгэнээс болж хоёр иргэн дарагдаж, улмаар эмнэлгийн тусламж авахад хүрлээ.  Цагдаагийн байгууллагаас  чанга яригчаар иргэдэд хууль эрх зүйн талаар зөвлөмж, мэдээлэл өгч, өөрсдийн аюулгүй байдлыг хангах талаар танилцуулан ажиллаж байна. Иймд иргэд аюулгүй байдлаа тооцоолон анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Жагсаалд эмх замбараагүй байдал үүсч дөрвөн хүн дарагдан гэмтэл авчээ

Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж буй жагсаалтай холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Цуглааны үеэр эмх замбараагүй байдал үүсэн улмаас дөрвөн хүн дарагдаж хүнд, хөнгөн хэлбэрийн гэмтэл авчээ. Мөн хууль иргэн бүрт үйлчлэхийг анхааруулж хууль бус үйлдлүүдийн таслан зогсоох үйл ажиллагааг явуулж байгаа гэлээ.

ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал “Нийслэлийн СБД-ийн зургадугаар хороо, Сүхбаатарын талбайд 2022 оны арванхоёрдугаар сарын 4-өөс зохион байгуулагдсан загсаал цуглаан өнөөдөр /2022.12.5/-ны өдөр бүтэн үргэлжилж байна. Монгол Улсын үндсэн хуульд Монгол Улсын иргэн үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдэлж итгэл үнэмшилтэй байх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй.

Мөн жагсаал цуглаан хийх тусгай журмыг хуулиар зохицуулсан байдаг. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх тухайн засаг захиргааны нутаг дэвсгэрт загсаалын зорилгыг бүртгүүлсэн байх ёстой. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх жагсаал цуглаан нь бүртгэлгүй зохион байгуулагдаж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс жагсч буй иргэдийн аюулгүй байдлын тухай болоод нийт иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ажиллаж байна. Үндсэн чиг үүргийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчилгүй аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, иргэний үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар цуглах эрхэд нь цагдаагийн байгууллага хүндэтгэлтэй хандаж аль болох эрсдэлгүй, нийгмийн дэг журмыг сахиулж ажиллана. Харамсалтай нь тайван замаар үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг далимдуулж нийгмийн дэг журмыг бүлэглэн зөрчих архидан согтуурах, агуулга зорилгыг өөрчлөх үйлдлүүд гарч байна.

Тухайлбал, Эрдэнэс-тавантолгойн удирдлагууд ажилчдаа жагсаал руу явуулж, замбараагүй байдал үүсгэсэн, жагсаалыг далимдуулж өдөөн хатгах үйл ажиллагаа, бага насны хүүхдийг татан оролцуулах, үймээн самуунд уриалах, төрийн эрхийг хууль бусаар авах гэх мэт гэмт хэргийн шинж агуулсан үйлдэл гаргаж байна. Жишээлбэл, Гацуур мод шатаасан иргэн мансууруулах бодис хэрэглэсэн байсан.

Мөн дөрвөн иргэн дарагдаж хүнд, хөнгөн хэлбэрээр бэртсэн байна. Олны анхаарлыг татсан хэрэгт шалгагдаж буй хүмүүс нийтийг турхирааж гудамж замын хөдөлгөөнийг бүслэн хааж, аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, төрийн тусгай хамгаалалт бүхий объект руу халдах үйлдлүүд гарсан. Иймд хууль иргэн бүрт үйлчлэхийг анхааруулж хууль бус үйлдлүүдийн таслан зогсоох үйл ажиллагааг явуулж байна” гэлээ.

НЭМЭЛТ: 16:50 цаг 

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр иргэд бие биенээ түлхсэнээс болж хоёр иргэний бие муудсаныг цагдаагийн байгууллагаас эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн жагсагчдын шаардлагыг Ерөнхий сайдын Ахлах зөвлөх А.Ариунзаяа гардан авлаа. Тэрбээр, "Жагсагчдын шаардлагыг би хүлээн авлаа. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан удахгүй төв талбай дээр гарч ирж жагсагчидтай уулзана. Та бүхэн тайван баймаар байна. Жагсаал бас хяналтаас гарах гээд байх шиг байна. Замбараатай байцгаая. Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдсан. Зохион байгуулалттай байгаарай. НҮБ-ын байгууллагууд ёолк засчихсан байсан, шатаачихаж байгаа байхгүй юу" гэлээ.

НЭМЭЛТ: 15.40 цаг 

ЦЕГ:  Иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, бие биенээ шахаж түлхэж байна. Энэ нь зарим хүмүүс олны хөлд дарагдах улмаар бие, эрүүл мэндээрээ хохирох нөхцөл байдал үүсгэж байна. Цагдаагийн байгууллагаас аль болох иргэдэд хууль тайлбарлаж ойлгуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

ТЦА: Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа жагсаал, цуглааны үйл ажиллагаатай холбоотойгоор төв шуудангийн уулзвар, гадаад хэргийн яамны уулзваруудад тээврийн хэрэгслийн саадгүй нэвтрэх хөдөлгөөн түр хугацаанд хаагдсанаас шалтгаалан нийслэлийн нийт гудамж замуудад хөдөлгөөний түгжрэл, саатал бий болж бусдад хөдөлгөөнд оролцогчдын болон шуурхай дуудлагын яаралтай түргэн тусламжийн автомашин, онцгой байдал, цахилгаан, дулаан хангамжийн дуудлага, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хаагдаж яаралтай түргэн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна.

НЭМЭЛТ: 15.20 цаг 

Төрийн ордон руу иргэд дайрч орсон талаар ЦЕГ-аас тодруулахад "Ордон руу нэвтэрсэн иргэдийг гаргасан байгаа. Мөн олноор бие биенээ түлхсэнээс болж нэг иргэний бие муудсаныг цагдаагийн байгууллагаас яаралтай чөлөөлөх коридор гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн" гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ. Үүнээс гадна төв талбайд зассан сүрлэн гацуурыг шатаасан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

НЭМЭЛТ: 13.00 цаг 

Иргэдийн жагсаал үргэлжилж байна. Жагсагчид Төв шуудангийн өмнөх төв замыг хааж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Жагсагчид Төв шуудангийн өмнөх замыг хаасан тул жолооч нар өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

ИРГЭДИЙН ЖАГСААЛ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Засгийн газрын эсрэг, нүүрсний хулгайн асуудалтай тэмцэх жагсаал өчигдрөөс эхэлж, зарим иргэд Их тэнгэрийн ам руу явсан. Үлдсэн жагсагчид нь төв талбайг тойрч оройн 23:30 цаг хүртэл  шаардлага тавьсан. Иргэдийн жагсаал ямар нэгэн шийдэлд хүрээгүй учир өнөөдөр /2022.12.5/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Жагсаалд оролцож буй залуус “Үнийн өсөлтийн тал дээр их бухимдалтай байна. Би хоёр жилийн өмнө дэлгүүр ороод 20 мянган төгрөгөөр хоёр тор дүүрэн хүнс авдаг байсан бол одоо нэг торч дүүрэхгүй болтлоо үнийн хөөргөдөл бий болсон. Монголд үнийн өсөлт маш их байна. Мөн нүүрсний хулгайн 440 их наядыг хураан авч 3,5 сая иргэндээ хувааж өгдөг бидний амьдрал сэргэх боломжтой.  Засгийн газраас хүсэх зүйл нэг ч байхгүй болсон.

Бидний хувьд аймаг орон нутгийн төлөөлөл, төрийн бус байгууллага, эх орон гэж дугардаг хүн бүр нэгдэж огцруулъя. Тэгээд огцруулсны дараа бүх аймаг сумдаа төлөөлөл чадвартай хүмүүсийг цуглуулчихъя. Тэднийг огцруулаад ард түмний их хурлыг хийе. Дараа нь хууль, эрх зүй нийгэм цагдаа, шүүх, тагнуул ард түмнийг хамгаалах ёстой атал засгаас хараат байна. Үүнийг шийдэж цагдааг ард түмний төлөө үйлчилдэг болгох шийдлийг хайж байна.  Энэ жагсч байгаа хүмүүс бүгд нэг зорилгын дагуу ирсэн байгаа” гэлээ.

Б.НАРАНГОО, Э.АРИУН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж