Хөндөх сэдэв: Монгол Улс газар хөдлөлтөд бэлтгэлгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Монгол Улс газар хөдлөлтөд бэлтгэлгүй байна

Хөндөх сэдэв: Монгол Улс газар хөдлөлтөд бэлтгэлгүй байна

Улаанбаатар хотоос 1000 орчим километрийн зайтай  Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр /2021.01.12/ болсон 6.5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг болон нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгджээ. Улаанбаатарт гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Хүчтэй газар хөдлөлт болохын өмнө холбогдох байгууллагуудаас иргэдэд урьдчилан мэдээлээгүй  гэх иргэдийн шүүмжлэлд Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл тайлбар өгөхдөө “Хүчтэй газар хөдлөлт болсны дараа албан тушаалтнуудын цахим шууданд мэдээлэл хүргэдэг. Миний цахим шууданд үндсэн газар хөдлөлт болсноос хойш 10 минутын дараа мэдэгдсэн. Ийм хүчтэй газар хөдлөлтийн дараа иргэдэд хэрхэн мэдээлэх тухайг бид цаашид боловсруулж, цаг тухайд өгөх талаар ажиллана" гэв.

Одоогоор газар хөдлөлтөөс үүссэн хохирлыг тогтоохоор Мөрөн сумын 14 багийн 42 нийтийн орон сууцны барилга байгууламжид Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас найм, Онцгой байдлын газраас 18 албан хаагч, Мэргэжлийн хяналтын газраас 12 албан хаагч газар дээр нь үзлэг хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Хэлж ирдэггүй, хийсч ирдэг байгалийн гамшигт үзэгдлийн үеэр золоор хүний амь эрсдэлгүй өнгөрч, байшин барилга нураагүй. Гэхдээ Ханх суманд гэхэд шинээр ашиглалтад орсон захиргааны байр, ерөнхий боловсролын сургуулийн хоёр давхар барилгын хананд цууралт өгчээ. Эндээс  барилгын чанар стандартын асуудал дахин хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтөд Монгол Улс бэлэн  үү?

Улаанбаатар хотын ойр орчимд  газар хөдлөлтийн идэвхжилтэй зургаан цэг бий. Тэдгээрээс Сонгинохайрхан дүүргийн Эмээлт болон Баянзүрх дүүргийн Гүнжийн хоолойн орчимд хагарал нэлээд идэвхжиж буйг Одон орон геофизикийн судалгааны төвийнхөн сануулсаар байна. Тэр тусмаа 22-ын товчоо орчим хамгийн эрсдэлтэй бүс аж.

 “ДУУТ ДОХИОЛЛЫН СИСТЕМ ЗӨВХӨН УЛААНБААТАРТ Л БАЙГАА”

Ингээд газар хөдлөлтийн эрсдлийн талаар Одон орон геофизик судалгааны хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын салбарын Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ц.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.


-Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэд тодорхой давтамжтайгаар газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж байгаа талаар хэлж буй. Одоогийн байдлаар хэдэн удаагийн давтан хөдлөлт бүртгэгдээд байна вэ?

-Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 12-ны 05.32 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагшаа 26  км зайд 6.5 магнитуд газар хөдөллөө. Өмнө нь ийм хүчтэй газар хөдлөлт 1991 оны арванхоёрдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол орчимд болж байсан юм. Хүчтэй хөдлөлт болсны дараа тухайн геологийн орчинд эвдрэл гарч, буцаад хэвийн байдалдаа орох гэж жижиг чичрэлттэй газар хөдөлдөг үзэгдлийг давтан хөдлөлт гэдэг. Оройн 18.00 цагийн байдлаар нийт 300 удаагийн давтан хөдлөлт бүртгэгдээд байна. Энэ удаагийнх 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт учраас хагас сарын хугацаанд үргэлжилж, давтамж нь багассаар дуусах байх гэж таамаглаж байна.

-Тухайн суманд газар хөдлөлтийн улмаас хагарал үүссэн гэж үнэн үү?

-Ерөнхийдөө долоон баллаас дээш газар хөдлөлтөд газар дээр хагарал үүсдэг. Энэ удаагийн газар хөдлөлтөөр өмнөх хагаралууд нь тодорсон байж магадгүй. Манай хүрээлэнгийн судлаачид хөл хориотой, цас ихтэй байгаа учраас Ханх сум руу явж чадахгүй байна.

-Ер нь Монголд хүчтэй газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдэж байсан уу?

-Монголд газар хөдлөлтийг бүртгэх анхны станц байгуулагдаад дөнгөж таван сар болж байхад 1957 оны арванхоёрдугаар сарын 4-нд 12.39 цагт Говь-Алтайн Гурван богдод 11-12 баллын хүчтэй сүйрэлт газар хөдлөлт болж байсан. Энэ газар хөдлөлтийн үеэр 10 гаруй хүн уулын хад чулуу дарагдаж, нас барж байсан тохиолдол бий.

-Хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах дуут дохиоллын систем ганцхан Улаанбаатар хотод л байгаа юу?

-Сүүлд хийсэн судалгаагаар Улаанбаатар хот 7-9 баллын аюулын бүсэд байгааг олж тогтоосон. Энэ нь газар хөдлөлт болох аюултай бүсэд нийслэлчүүд амьдарч байна гэсэн үг. Хотын ойр орших нуур, Сэлэнгэ аймгийн Бүрэн, Бүтээлийн нурууны хагарал, Булган аймгийн Могод сумын хагарал, Дундговь аймгийн Дэрэн суманд нэмж хагарал үүссэн байх магадлалтай.

Онцгой байдлын ерөнхий газраас энэ гурван бүсэд хүчтэй газар хөдлөх үед Улаанбаатар хот руу дуут дохио ирж, ард иргэдийн утсанд анхааруулах мессеж очно. Мөн гудамжинд байрлуулсан чанга яригчаар дуут дохио өгч иргэдэд сануулах болно. Дуут дохиолол нь зөвхөн Улаанбаатар хотод л байгаа. Улаанбаатарт 7-8 баллын газар хөдлөлт мэдрэгдэж, байшин барилга нурах аюул учирвал дуут дохио дугарах ёстой.

Сүүлд Японы эрдэмтэд ОБЕГ-тай хамтран нийслэлийн төв цэгийг дайрсан шинэ хагарал илрүүлсэн. Нэмж шинэ  хагарал үүссэн болов уу?

-Гурван жилийн өмнөөс олон нийтийн анхаарлын төвд байсан Улаанбаатар хотыг нэвт дайран өнгөрсөн “Улаанбаатар” хагарал нь Хүрхрэйн ам буюу цанын баазын хойхноос Далан давхар луу чиглэсэн хагарал сансрын зурагт харагддаг.

Японы эрдэмтэдтэй хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн судалгааны дүн нь олон улсын эрдэмтдийн дунд өнөөдрийг хүртэл маргаантай байна. Нэг хэсэг нь идэвхтэй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь идэвхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Улаанбаатар хот орчимд бүртгэгдсэн нийт газар хөдлөлтийн мэдээллээс үзэхэд “Улаанбаатар” хагарал дээр бүртгэгдсэн тохиолдол байхгүй. Нэмж шинэ хагарал үүсээгүй. Бид хуучны хагаралуудыг илүү тодруулж, судалж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж