А.Мөрөн “Хүрхрээ” дээд лигт тоглож байна

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

А.Мөрөн “Хүрхрээ” дээд лигт тоглож байна

-А.Мөрөн "Мачва" багтай гэрээгээ цуцалж, дараагийн шалгаруулалтыг хүлээх зуураа "Сэлэнгэ пресс" клубтээ тоглож байна-

18 дугаартай нь А.Мөрөн.

Монголын хөлбөмбөгийн холбооны “Хүрхрээ" үндэсний дээд лигийн тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Есөн баг оролцож байгаа лигийн тэмцээн тавдугаар сарын 16-наас есдүгээр сарын 26-ныг хүртэл хоёр тойрог үргэлжилнэ.

Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн “Сэлэнгэ пресс” багтайгаа нэгдэж, энэ улирлын эхний тоглолтоо өнгөрөгч долоо хоногт хийлээ.

Японы Сасаки Мизүхог эгнээндээ багтаасан “ФС Улаанбаатар” болон “Сэлэнгэ пресс” багийн тоглолт тавдугаар сарын 23-нд хөлбөмбөгийн цэнгэлдэхэд болсон. Энэхүү тоглолтод 2:1-ээр “Сэлэнгэ пресс” өрсөлдөгчөө хожжээ. Тоглолтын 5 дахь минутад Сасаки Мизүхо эхний гоолыг оруулсан бол 37 дахь минутад А.Мөрөн айлын хаалгыг мялаалж тоог тэнцүүлсэн. Улмаар хоёрдугаар үеийн эхэнд Ч.Тогтохбаяр гоолдож, тоглолт 2:1-ээр “Сэлэнгэпресс”-ийн хожлоор өндөрлөв.

Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн Сербийн лигт үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсон байна. Учир нь түүний тоглож байсан “Мачва” клуб Сербийн III лиг рүү унажээ. Сербийн III лигт гадны легионер тоглож болдоггүй дүрэмтэй аж. Тиймээс А.Мөрөн “Мачва” багтай гэрээгээ цуцласан бөгөөд түүнийг тус улсын нэгдүгээр лигийн багууд болон Куветын “Казма” клуб сонирхож байгаа гэх мэдээлэл байна.

Гэхдээ А.Мөрөн дараагийн шалгаруулалт хүртэл “Сэлэнг эпресс” клубтээ хүчин зүтгэх юм байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж