Энэ улсыг өөрчлөхөд шинэ нам байгуулахаас аргагүй

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

Энэ улсыг өөрчлөхөд шинэ нам байгуулахаас аргагүй

2011 онд Улсын Дээд Шүүхэд бүртгүүлж байсан Хөдөлмөрийн Үндэсний нам/ХҮН/ шинэчлэгдэж, Их хурлаараа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг дахин боловсруулах, намыг шинэчлэн зохион байгуулах шийдвэр гаргасан талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хөдөлмөрийн үндэсний нам нь Монгол Улсаа тэмүүлэлт хөгжлийн шинэ эринд гаргаж, Монгол хүнийг унаган байгаль, эрх зүйт төр, ёс зүйт нийгэмд аз жаргалтай амьдруулахыг эрхэм зорилгоо болгосон улс төрийн нам байх болно гэдгийг Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил тодотголоо. Тус нам нь одоогоор 1300  гаруй гишүүнтэй мөн  гишүүнээр элсэх 10 000 гаруй иргэний хүсэлт ирээд байгаа аж. 

Энэ үеэр ХҮН-ын дарга С.Боргил “Монгол үндэстний хөгжлийн "Хүн дээд" үзлийг баримтлан хүнээ хайрлаж, хүнээ хамгаалж, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар орчин цагийн шинэ Монгол хүнийг төлөвшүүлнэ. Хүн дээд үзэл нь Монгол хүнийг идэх хоолтой, орох оронтой, эрүүл байх, сурч боловсрохоор хангагдсан, хүрэлцэхүйц орлоготой байлгахыг хэлнэ. Нийгмийн хөгжлийн явцад Монгол хүнийг хаяхгүй, үнэгүйдүүлэхгүй, орхихгүй байх манай намын хүсэл бол Хүн дээд үзлийн цөм юм. Хүнээ хөгжүүлж, дахин төлөвшүүлснээр л бид Монгол Улсаа хөгжүүлж чадна. Хүн дээд үзлийн нөгөө нэг хэсэг нь Монгол Хүний төлөө ажилладаг Монгол нийгмийг бий болгох зорилт Энэ нь Монгол хүнийг хорт утаагүй, цэвэр орчинд амьдруулах, эрх зүйн зөв тогтолцоогоор хангах, баялаг бүтээхэд нь дэмжих, баялагийг шударгаар хуваарилах, үндэстнийхээ оршихуйг хадгалахыг хэлнэ.

Бид эдгээр тулгуур зорилтуудыг тавьсанаар иргэд нь аз жаргалтай, улс нь өндөр хөгжилтэй болох Монгол зорилгоо гүйцэлдүүлж чадна. Хөдөлмөрийн үндэсний нам энэ зорилгоо хэрэгжүүлэх сэтгэлтэй, чадвартай, шинэ улс төрийн хүчин. Манай нам үндэстний эрх ашиг дээр тулгуурлан ажилладаг. Бид түүхэн цаг үеийн шаардлагаар эх орноо одоогийн мухардлаас гаргаж, хөгжлийн шинэ гараан дээр Монгол зорилгоо хэрэгжүүлэх үүрэгтнүүд юм” хэмээн мэдэгдэв.

Түүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгөв.

-Монголд улс төрийн нам олон байна. Танай нам тэднээс юугаараа онцлог юм бэ?

-Энэ улсыг өөрчилье, хөгжүүлье гэвэл одоо мөрдөгдөж байгаа хуулийнхаа дагуу улс төрийн нам байгуулж ажиллахаас өөр арга байхгүй. Бид клуб байгуулаад есөн сар болж байна. Уг нам клубуудын үндсэн дээр байгуулагдсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн чуулганы дараа бид улс төрийн хүчин болохоо зарласан. Одоо харин улс төрийн нам болж байна. Бусад улс төрийн намууд өөрсдөө нийгэмд сөрөг имиж бүрдүүлсэн. Бидний хувьд институц байгуулж байгаа юм. Хэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүсээс хамаарахгүй. Энд эрүүл, саруул уур амьсгалын тогтолцоонд тулгуурладаг байгууламж ажиллана. Үүгээрээ бид бусдаас ялгарна. Боловсон хүчний маш их чадавхитай.

-Ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд ямар арга барилаар оролцох вэ?

-Бид улс төрийн шинэ зарчим, соёлыг бий болгоно. Өнөөдрийн тоглоомын дүрэм бол мөнгөн дээр л тогтож байна. Бид ойрын хугацаанд ард иргэдээс санал авч мөрийн хөтөлбөрөө дахин шинэчилнэ.

-Намынхаа санхүүжилтийг хаанаас яаж шийдвэх вэ, гишүүдийн хувьд харьцангуй бага байна л даа?

-Бид намын гишүүнчлэлийн татвараар санхүүжинэ. Бид сонгуульд илүү шударга нээлттэй оролцох учраас одоогийн намууд шиг их мөнгө шаардлагатай гэж бодохгүй байна. Бид санхүүжилтийг ил тод байлгахад анхаарлаа хандуулж ажиллана.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж