Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын
тодорхойлолтыг үндэслэн тооцвол Монгол Улсын нийт бэлчээрийн 90 орчим
хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай. Эдгээрээс
үнэлгээ, зураглалын өнөөгийн үр дүнгээр цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд
5 хувь, хүчтэй зэрэглэлд 18 хувь, дунд зэрэглэлд 26 хувь, сул зэрэглэлд
23 хувь нь тус тус хамарна. Энэ нь тодорхой бүс нутагт цөлжилтийн
аюулын зэрэглэл нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 72 хувь хүртэл өргөжсөн
байгааг харуулж байна.

Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын
хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг
нутгууд орж байгаа бол Говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар
элсний нүүдэлд өртжээ. Эрдэмтдийн судалгаагаар хуурайшил тал хээр, говь
цөлийн бүсэд олон жилийн дунджаас 3.2-10 хувь, ойт хээрийн бүс, өндөр
уулын бүслүүрт 10-15 хувиар нэмэгджээ.

Тал хээр, говийн бүсийн нутагт шороон шуургатай өдрийн тоо 1960 онтой
харьцуулахад 3-4 дахин өсч, говь болон Их нууруудын хотгорт жилийн
61-127 өдөр шороон шуургатай байна. Энэ нь элсний нүүлт ихсэх, цөлжилт
нэмэгдэх хүчин зүйл болж байна.
Уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр гадаргын
усны хэмжээ эрчимтэй буурсан нь ч цөлжилтөд нөлөөлж байна. Газрын уст
цэгийн 2007 оны мэдээг 1970 оныхтой харьцуулахад 887 гол, горхи, 2096
булаг шанд, 1166 нуур тойром хатжээ.

Монгол орны хувьд цөлжилт, газрын доройтлын үндсэн хүчин зүйл нь
бэлчээрийн талхлагдал боллоо. Газрын харилцаа, барилга, геодези,
зурагзүйн газрын тайлан мэдээнд дурьдсанаар бэлчээрийн даац 32.5 хувиар
буюу 16 сая хонин толгойгоор хэтэрчээ. Ямааны тоо огцом өсч, нийт
сүргийн 46 хувийг эзлэх болсон нь бэлчээрийн талхагдлын гол шалтгаан
болов.

1970-аад оноос говийн бүсийн төв суурин газрын түлшний хэрэгцээнд заг
модыг их хэмжээгээр хавтгайруулан бэлтгэдэг болсноос 125 мянган га
газрын заг бүрэн устаж, 370 гаруй мянган га газрын заг байгалийн аясаар
сэргэн ургах чадвараа алдаж, цөлжилт идэвхжих нэг гол шалтгаан болжээ.
Мөн олон салаа авто зам гаргаж, уул уурхайн зориулалтаар газар ухаж
сэндийлэх, тариалангийн талбайг элэгдэл эвдрэлд оруулах зэргээр хүний
буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан цөлжилт эрчимжиж байна.

Манай улс 2003 оноос цөлжилтийн асуудалд анхааран, бодлого зорилт
дэвшүүлэн ажилласан. 2003 онд Засгийн газрын 141 дүгээр тогтоолоор
Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр баталж, үүгээр тодорхойлсон бодлогын хүрээнд
шинээр худаг гаргах, эвдэрсэн худгуудыг засварлах, хөв цөөрөм байгуулах,
булаг шанд, ургамал хамгаалах, царцаа оготнотой тэмцэх, ойжуулалт, ойн
нөхөн сэргээлт хийх, хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүчний ашиглалт
нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр улсын төсвөөс болон бусад эх үүсвэрээс
санхүүжүүлэн тодорхой ажлууд хийж ирсэн хэмээн тус яамны хэвлэл
мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж