Тэд нэгэнт эрхийг нь авсан тусгай зөвшөөрлөө цуцлуулахгүйн тулд Түр зөвлөл байгуулжээ. Түр зөвлөлд “Алтраг-Ахас”, “Нутгийн гантиг”, “Лотус баялаг флурспар”, “Есөн эрдэнийн ордон”, “Эн Юу Ти Эм”, “Голден гроуз”, “Сайхандэлгэр констракшн”, “Эм Жи Ти Жи”, “Жин корона”, “Окслэй гоулд”, “Айбекс Лэнд Монголиа”, “Фирст Ресурс”, “Ньюмон Ривер”, “Мэжик бридж”, “Монгол дизель” зэрэг 15 компани нэгдсэн байна.
Түр зөвлөлийн өмгөөлөгч Ж.Энхчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та бүхэн ямар учраас өөрсдийгөө хохирогч гэж үзэж байгаа юм бэ?
-Ашигт малтмалын тухай хуульд 2009 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тус хуульд Ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, дуусгавар болгосон, буцаан өгсөн тохиолдолд эдгээр зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгоно гэж өөрчилсөн байдаг. Гэтэл 2009 оны нэгдүгээр сарын 9-нөөс өмнө олгосон тусгай зөвшөөрөлд хууль буцаан хэрэглэх тухай асуудал яригдаж байна. Гэтэл энэ хуулийн заалтыг буцаан хэрэглэх ямар ч заалт байхгүй байгаа нь 2009 оноос өмнө лиценз авсан компаниудыг давхар хохироож байгаа юм.
-АМГ-ын дарга асан Д.Батхуягийн олгосон 106 лицензийн хувьд хээл хахуулийн асуудал яригдаж байсан. Эдгээр компанийг Д.Батхуягт авлига өгч, лиценз эзэмших эрх авсан гэгддэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хууль бусаар лиценз эзэмших эрх авсан гэх компаниудын нэгээс нь ч мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг аваагүй. Үнэхээр хахууль өгсөн, авсан асуудал байсан бол УМБГ-аас шалгаж, мэдүүлэг авах ёстой байсан. Мөрдөн байцаах ажиллагаа дутуу явуулсан гэж бид үзэж байна. Эдгээр хүмүүст хуулийн хүрээнд өөрийн эрхээ хамгаалах ямар ч боломжгүй байна. Шүүхийн шийдвэрт гомдол гаргах ч эрхгүй болж байгаа юм. Одоо ганцхан дээд шатны тогтоол үлдсэн. Дээд шүүх энэ алдаагаа засах байлгүй гэж найдаж байна.
-Авлигын асуудал байхгүй гэвэл Д.Баттхуяг хууль зөрчиж та бүхэнд лиценз олгох нь ямар ашигтай байсан юм бол?
-Тусгай зөвшөөрлийг зогсоосон үед Д.Батхуягийн олгосон тусгай зөвшөөрлийг ярьж байгаа. 2007, 2008 оноос өмнө лицензээ авсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсон байгаа. Тиймээс одоо 106 зөвшөөрлөөс хэд нь хууль өөрчилснөөс өмнө олгосон, хэд нь дараа олгосныг тогтоох хэрэгтэй. Мөрдөн байцаалт ганцхан талыг барьж явсан. Шүүх хэргийн ажиллагааг дутуу хийсэн нөхцөлд хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг.
-Өнөөдөр мэдээлэл хийж буй та бүхэн 2009 оноос өмнө буюу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө лиценз авсан гэж ойлгож болох уу?
-Тийм.
Лицензийг цуцлах шийдвэр гарсны дагуу эрх нь зөрчигдөж, их хэмжээний хохирол амссан гэх “Алтраг Ахас” компанийн захирал Б.Сарангуагаас зарим асуултад хариулт авлаа.
-Танай компанид ямар хэмжээний хохирол учраад байна вэ?
-Манай лиценз авсан талбай Дорноговь аймгийн Айраг суманд байдаг. Хүнд төмөрлөгийн буюу мангани олборлохоор хайгуул хийж байсан. Хайгуул эхэлснээс хойш нийт зардал 6.5 тэрбум төгрөг болсон байгаа. Төр биднийг хэлмэгдүүлсэн. Цаашид бид олон ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж тэмцэх болно.
-Танайх лицензээ хэзээ авсан бэ?
-2009 оны нэгдүгээр сард авсан. Д.Батхуяг гуайн тушаал 2009 оны хоёрдугаар сарын 18-нд гарсан. Түүнээс өмнө бид материалаа бүрдүүлж өгсөн байсан.