1990 он. Д.Бямбасүрэнгийн Засгийн газар маш эгзэгтэй үед Монголын төрийг жолоодож байв. Хэдийгээр эвслийн гэх тодотголтой боловч энэ нэр нь тохироогүй гэж үздэг. Учир нь тэр үед хоорондоо эвсэх хэмжээний хүчтэй лидерүүд, сөрөг хүчин гэж байсангүй. Дөнгөж ардчилалтай золгож байсан болохоор хаа, хаанаа учир зүйгээ олж, залуу боловсон хүчнүүдээр хоосон орон зайгаа нөхөн Үндсэн хуулиа батлахаар яаравчилж байж. Төгрөгийн ханшийг хоёр дахин унагааж, өргөн хэрэглээний барааны үнийг хоёр дахин нэмсэн алдарт 20 дугаар тогтоолын автор нь Д.Бямбасүрэнгийн Засгийн газар. Гэнэн монголчуудыг хүнд байдалд оруулсан 90 саяын Гансүхийн залилан, Алт диллерийн хэрэг, банкуудын хямрал гэх мэт олон үйл явдал энэ засгийн үед болж байв. Улс төрийн хувьд тогтвортой байсан боловч явуулж буй бодлого нь алдаа эндэгдлээр дүүрэн байсан Д.Бямбасүрэнгийн Засгийн газар ардчилсан Монголын анхны гэх бүгдийн тодотгол болж байснаараа гэмээ цайруулахыг хичээдэг.
1996 он. “Ардчилсан холбоо эвсэл” сонгуульд ялалт байгуулж, Засгийн газар байгуулах эрхтэй болсон үе. МҮАН, МСДН, МНН гэх улс төрийн гурван хүчин хамтарч байгуулсан эвсэл учраас энэ засагт мөн л олон ашиг сонирхлын төлөөлөл багтах ёстой болжээ. Тэр үед анхны ардчилсан Ерөнхий сайд нь М.Энхсайхан болов. Түүний Засгийн газарт багтаж ажиллаж байсан Л.Цог л гэхэд өнөөдөр МАХН-ыг төлөөлөн УИХ-д сууж байна. Гэхдээ УИХ дахь эвслийн бүлгийн бодлогыг хэрэгжүүлэхгүй байна гэх шалтгаанаар ганцхан жилийн дотор М.Энхсайханы Засгийн газар огцорсон юм. Түүний дараа тухайн үед МҮАН-ын дарга, “Ардчилсан холбоо эвсэл”-ийн дарга байсан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж, эвсэлд нэгдсэн намуудад сайд нарын суудлыг эн тэнцүүхэн хуваарилж өгчээ. Гэхдээ л гурван сараас илүү насалж чадаагүй. Эвсэл дотроосоо задарч, 13 гишүүн нь тухайн үеийн УИХ дахь МАХН-ынхантай хамтарч засгаа огцруулж байжээ. Гэхдээ албан ёсоор бол Хадгаламж банкны хэрэгтэй холбоотой хэмээн тайлбарладаг. Мөн УИХ-ын гишүүн сайдаар ажиллаж болно гэх агуулгатай заалтыг Үндсэн хуульд оруулсныг нь Цэцээс “Хууль зөрчсөн шийдвэр” гэж үзсэн байна. Ж.Наранцацралт агсаны Засгийн газар 1999 оны хоёрдугаар сард байгуулагдсан боловч хожим нь түүнтэй хамтарч ажиллах хүсэлгүй байсан сайд нар нь засгаа огцруулахаар гарын үсэг зурцгаажээ. Энэ засгийн үед Казиногийн гурван гишүүний хэрэг гарч байв. Түүний дараа Р.Амаржаргал Ерөнхий сайд болсноор сонгуультай золгосон билээ.
2004 он. УИХ-ын сонгуулиар тухайн үеийн МАХН, АН түүхэнд анх удаа ойролцоо суудал авчээ. 36:25-ын харьцаатай. Үүнээс улбаалаад Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн “Эх орон-Ардчилал” эвсэл МАХН-ынхантай хамтарч, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулав. Тэд хоёр, хоёр жилээр ээлжлэн засгаа барина гэж тохиролцоод Ц.Элбэгдоржийг эвтэй найртайгаар Ерөнхий сайд болгосон юм. Гэвч лидерүүдээр дүүрэн гэгдэж байсан энэ засгийг М.Энхсайхан, Р.Гончигдорж, Б.Эрдэнэбат нар унагааж байсан түүхтэй. Байгуулагдаад удаагүй байхаас нь л энэ засгийг унагаана гэх М.Энхсайханы үг хэвлэлийн хуудсыг чимдэг байж. Ц.Элбэгдоржийн засгийн үед Гаалийн Баатарын хэрэг илэрч, Улаанбаатар хот удирдлагуудад санхүүгийн шалгалт хийж эхэлсэн гэдэг. Мөн халамжийн чанартай бодлого, хүүхдийн 10 мянга, 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Гэхдээ дотроо нэгдэлгүй байсны улмаас “Эх орон-Ардчилал” эвсэл задарч, М.Энхсайхан Ж.Наранцацралт, Л.Цог, Д.Батцогт нар ҮШН-ыг байгуулсан билээ. Үүнээс улбаалаад Засгийн газрыг эрх зүйн чадамжгүй болсонд тооцсон УИХ дахь МАХН-ын бүлэг Ц.Элбэгдоржийн танхимыг огцруулах хүсэлт гаргав. Түүнээс хойш зургаан сар тэссэн их эвслийн Засгийн газар 2006 оны нэгдүгээр сард задарсан юм.
2006 он. Ц.Элбэгдоржийг эвслийн нөхөдтэй нь хамтарч түлхэн унагаасан МАХН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд болов. Түүний танхимд бизнесийн бүлэглэлийн төлөөлөл олон багтжээ. Байгуулагдаад удаагүй байсан ҮШН-ын М.Энхсайхан, Ж.Наранцацралт хоёр ч орсон байв. Үүгээрээ хүчирхэг баг бүрдүүлчихлээ гэж бодож байсан нь М.Энхболдын алдаа гэдэг нь ганцхан жилийн дараа илэрхий болжээ. “Буян” Жагаа, Л.Гүндалай, С.Отгонбаяр нар сайдаас татгалзаж, МАХН-ынхан дотроо хагаралдсанаар засаг задрав. М.Энхболдын үед Барилга, хот байгуулалтын сайд асан Ж.Наранцацралт автомашины ослоор, АТГ-ын дарга Б.Дангаасүрэн учир битүүлгээр амиа алдаж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Бадраагийн амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Ми-8-ын осол мөн энэ үед болсон юм.
2007 оны арванхоёрдугаар сар. С.Баяр Ерөнхий сайд боллоо. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар ингэж байгуулагдав. Тэрбээр Ми-8-ын ослын дараа Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаярыг огцруулж, Мэргэжлийн хяналтын газрын дарга нартай хариуцлага тооцох зэрэг олон зоримог үйлдэл хийжээ. Мөн гурван эмэгтэй сайдтай байснаараа ялгардаг. Мөн Тавантолгойн ордын лицензийг эзэмшиж байсан бизнесмэнүүдтэй тохиролцож, төрийн мэдэлд буцааж авсан нь түүний сонгуулийн гол хөзөр болсон юм. Ингээд явж байтал УИХ-ын сонгууль боллоо. Монголын түүхэнд хараар бичигдсэн долоондугаар сарын 1-ний үймээн энэ үед болсон. Сөрөг хүчнийхний эсэргүүцлээс болгоомжилсон С.Баярын нам олонхи болсон ч АН-тай хамтарч “Стандарт бус” Засгийн газрыг байгуулсан юм. Тэр үеэс “Ерөнхий сайдын бие тааруу байгаа учир гадаадад эмчлүүлж байна” гэх мэдээлэл цацагдаж, тэрбээр Монголын түүхэнд анх удаа эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гүйцэтгэх засаглалын тэргүүн болов. С.Баярын үед Оюутолгойн гэрээг байгуулж, иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох, хавтгайрсан халамжийн бодлого утгаараа хэрэгжиж эхэлсэн.
2009 оны аравдугаар сар. С.Баярын хүсэлтээр С.Батболд Ерөнхий сайд боллоо. Тэр С.Баярын багтай ажиллахаар шийдэж, халаа сэлгээ хийсэнгүй. Нийгмийн халамжийн бодлогыг улам хавтгайруулж, Тавантолгойн хувьцааг иргэн бүрт олгох ажлыг хэрэгжүүлсэн юм. Мөн энэ үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай яриа гарч, Оюутолгойн гэрээний алдаа оноог шүүхийг оролдож, шоудсан УИХ-ын гишүүд С.Батболдын Засгийн газрыг огцруулах хүсэлтийг нэг бус удаа тавьж байв. Монголын эвслийн Засгийн газрууд хоёр дахь жилээсээ ганхаж эхэлдэг жишиг мөн л биеллээ олж, Н.Алтанхуягаар удирдуулсан АН засгаас гарахаа зарласан. Сонгуульд сөрөг хүчин болж орохыг илүүд үзсэн түүний бодлогын ачаар өнөөдөр АН УИХ-д хамгийн олон суудал аваад байна. “Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио” хэмээн халагласаар хоцорсон С.Батболд танхимынхаа бүрэлдэхүүнд халаас баян бизнесмэнүүдийг оруулж ирсэн билээ. Түүний үед болсон өөр нэг том үйл явдал нь нам нь нэрээ сольж, дотроо хоёр хуваагдсан явдал юм. Н.Энхбаярын удирдсан МАХН МАН-ын чамгүй олон саналыг авснаар өнөөдөр засагт ороод байгаа.
2012 он. Н.Алтанхуяг Ерөнхий сайд боллоо. АН-ын дотоод фракциуд, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гэх олон эрх ашиг бүхий хүчнүүдийг нэгтгэн байгуулсан түүний Засгийн газар өнөөдөр дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Түүхийг сөхөөд үзвэл эвсэж хамтарч байсан улс төрийн хүчнүүдийн замнал төдий л удаан үргэлжилж байгаагүйг дээрх жишээнүүд хангалттай нотлох биз. Цаашид юу болохыг харж л байя.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин