Шүүгчийн биед халдсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Шүүгчийн биед халдсан гэв

Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх нэр бүхий генерал, хурандаа нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбогдуулан цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагын зарим нэр бүхий албан тушаалтнууд зохих хууль тогтоомжийг зөрчих, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаатай холбогдуулан Нийслэлийн шүүхээс өнөөдөр  мэдээлэл  хийлээ. Мэдээллийн үеэр Нийслэлийн шүүхийн Тамгын хэлтсийн мэргэжилтэн Д.Отгонбаатараас  зарим зүйлийг тодрууллаа.

-Шүүгчийн биед халдсан гэж үзэж байгаа юм байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчийн биед халдсан зүйл болоогүй гэх мэдээлэл гарсан байна лээ?

-Гуравдугаар сарын 14-ний өдрийн 15.00 цагийн үед шүүгч Ч.Хосбаяр шүүхийн байрнаас гарч  явахад сэтгүүлчид мэдээлэл авах, цагдаагийн ар гэрийнхэн хэл амаар доромжлох зэргээр дайрч эхэлсэн. Энэ үед цагдаа нар шүүгчийн аюулгүй байдлыг хангаагүй, хамгаалалт аваагүй харин үл таних согтууруулах ундаа хэрэглэсэн, хар савхин куртиктэй хоёр залуу Ч.Хосбаяр шүүгчийн цээжин тус газар 2-3 удаа цохиж, өшиглөсөн. Арга буюу Нийслэлийн шүүхийн мэргэжилтэн, нарийн бичгийн дарга нар шүүгчийг хамгаалж шүүхийн байранд буцаан оруулныг та бүхэн мэдэж байгаа.  Тухайн үед Нийслэлийн шүүхийн цагдаа Л.Өсөхбаяр тусалсан юм. Гэтэл цагдаа нар Л.Өсөхбаяр руу харааж байсан.  

-Ерөнхийлөгч хошууч генерал Д.Сандаг-Очиртой уулзахдаа шүүгдэгч нар эмнэлэгт гадуур хувцастайгаа яриа өрнүүлээд сууж байсан тухай дурдсан байна лээ. Цагдаагийн дарга нарыг гадуур хувцастайгаа байхыг та харсан уу?

-Шүүгдэгч нарын биеийн байдал муудсан тул яаралтай түргэн тусламжийн машинаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Би Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргад шүүхийн тогтоолыг гардуулахаар түргэний машины араас дагаж эмнэлэг дээр очсон  юм. Тэнд ирэхэд гадаа зургаан  цагдаа хамгаалалтад гарсан байсан. Эмнэлэг рүү орох гэтэл “Дээрээс дарга нар хэнийг ч битгий оруул гэж тушаал өгсөн” гээд  оруулаагүй. Хоёр удаа эмнэлэг  рүү нэвтрэх гэж оролдоод чадаагүй. Сүүлдээ  эмнэлгийн даргатай нь уулзана гэж  байж нэвтэрсэн. Эмнэлгийн дарга Чимгээтэй уулзаж, нэр бүхий шүүгдэгч нарын цагдан хорих болсон тухай шүүхийн тогтоолыг эмнэлгийн даргад албан ёсоор гардуулж, хариуг албан бичгээр авах, тэдгээрийг цаашид өөр эмнэлэг болон өөр тасагт шилжих, хөдөлгөөн хийсэн тохиолдолд шүүхэд мэдэгдэх талаар хариуг албан бичгээр  өгөхийг шаардсан.

Шүүгдэгч нарын биеийн байдал ямар байгаа аль тасагт, аль өрөөнд хэвтэн эмчлүүлж байгааг нь шалгах, үнэн эсэхийг тодруулах талаар хүсэлт гаргасны дагуу н.Чимгээ даргатай хамт сэхээн амьдруулах тасагт ирэхэд шүүгдэгч нар гадуур хувцастай, цагдаагийн 3-4 даргатэй  хамт яриа өрнүүлээд сууж байсан л даа.

-Тэднийг цагдан хорих төвийн эмнэлэгт  эмчлүүлж болоогүй юм уу?

-Шүүхийн тогтоолоор цагдан хоригдсон этгээдийг эмнэлгийн туслалцаа үзүүлэх асуудал нь хууль журмаар зохицуулагддаг. Үүнд сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд болон хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эмнэлгийн байгууллагад эмчлэх, хорих байранд эмнэлгийн ажилтан ирж үйлчлэх журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан журмаар зохицуулагддаг. Гэтэл цагдан хоригдсон этгээдийг дүүргийн эмнэлэгт эмчилж байгаа нь дээрх хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл мөн. Ер нь хууль, шүүхийн өмнө иргэд албан тушаалтан эрх тэгш байх ёстой. Гэтэл албан тушаалтнууд, ялангуяа цагдаагийн өндөр албан тушаалтнууд шүүхийг үл хүндэтгэж байгаа нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, биелүүлэхэд нь саад учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхээс өөр аргагүйд хүрч байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж