Бага насны охидыг садар самуунд уруу татдаг бүлэг байдаг гэх мэдээлэлд нэр нь дурдагдсан “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү “Нэр хүндэд халдлаа” хэмээн “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаагийн эсрэг шүүхээд гомдол гаргаад буй билээ. Сар гаруйн өмнө болсон шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн шүүгч Ш.Төгсгэрэл “Б.Наранхүү нарыг шалгах шаардлагатай. Үүний дараа Д.Болормаагийн асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй” хэмээн тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн юм. Харин Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Ш.Баярбилэг дээрх шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан аж. Прокурор Ш.Баярбилэгийн эсэргүүцлийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүгч Ш.Төгсгэрэлийн шийдвэр зөв эсэхийг Нийслэлийн шүүх өнөөдөр хэлэлцлээ.
Шүүх хурлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэн даргалж, сэтгүүлч Д.Болормаагийн өмгөөлөгч Ц.Монгол, “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, улсын яллагчаар Ш.Баярбилэг нар оролцсон юм.
Цаг гаруй үргэлжилсэн шүүх хурлаас прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ш.Төгсгэрэлийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, бага насны охидыг садар самуунд уруу татдаг бүлэглэлийг шалгахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээсэн байна.
С.Отгон